Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
Хуваалцах:
img

Т.АНУ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо.
Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр  найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж буй. Төмөр замын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Монгол Улс өнөөдөр Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг ашиглалтад орууллаа. Улсын орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км  төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууссан. Харин Ханги-Мандалын төмөр зам зун, намрын хоёрхон улиралд дуусаж байна. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт энэ хурдаар явсан  бол өнөөдөр Монгол гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрсэн, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарах байсан. Үүнийг алдагдсан боломжийн өртөг гээд байгаа юм. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй ээ” хэмээв. 

Экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо

Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, засаж залруулахын төлөө, цар тахал, дайны хүнд цаг үеийг давж эдийн засгаа сэргээн тогтворжуулахын төлөө, улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг богино хугацаанд дээшлүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг бүрэн дуусгаж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар цаг хугацаатай уралдан ажиллаж байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн онцолсон юм. 
Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд томоохон нөлөөлөл үзүүлнэ  гэдгийг тэрбээр тэмдэглээд,  бүтээн байгуулалтад оролцсон үндэсний аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, оюутан залуучууд, нутгийн иргэдэд талархал илэрхийллээ.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж буйг албаныхан хэлж байв. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байгаа аж.
Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутагт буй 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ хэмээн үзэж буй.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн нарийн царигийн гарцтай  болсноороо онцлог. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдох боломжтой болжээ.

Тус  төмөр зам нь 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, гуравдугаар зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын системтэй зам юм. Тус бүтээн байгуулалтыг  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Монголиан транс лайн” болон “Монголиан транс ложистик” компанийн нэгдэл хийж гүйцэтгэжээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img