Төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ 
Хуваалцах:
img

Ч.Ариун 
Төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт цагаа олоогүй, дээр нь хууль зөрчиж байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлжээ. 
Ахмад зүтгэлтнүүд УИХ-ыг Үндсэн хуульд яаруу сандруу,  хам хум байдлаар гар хүрэх гэж байна хэмээн шүүмжилжээ. Өөр нэг асуудал нь Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн төслийн 21.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорционал  аргаар сонгоно” гэсэн. Гэтэл   ҮХНӨ-ийн  төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ хууль санаачлагчийн өргөн барьсан анхны төслийг хэлэлцэхгүй дундуур нь өөр төсөл хэлэлцэх гэж байна. Тухайлбал,  хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхдээ “УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 50-г пропорциональ аргаар сонгоно” гэсэн төсөл хэлэлцэж байна” хэмээн шүүмжилжээ. Парламентад суудалтай намуудын дарга нарын саналыг үндэслэж гишүүдийн тоог 152 нь арай олон байгаа тул 126 болгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Үүнийг иргэд дэмжиж байгаа гэх нь буруу бөгөөд хууль зөрчлөө хэмээн төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд  шаардах бичигтээ дурджээ. 
Мөн  өргөн хэрэглээний барааны болон эмийн үнэ өсөж, ард иргэдийн аж амьдрал өдөр ирэх тусам хүндэрч, ядууралд нэрвэгдэх болсон. Талхны үнэ дунджаар 4000 төгрөг болж, нэг кг махны үнэ 17-25 мянган төгрөгт хүрлээ. Нийслэлийн болон аймаг хотуудын захын хорооллуудад талхыг хувааж, махыг граммаар худалдан авах нь жирийн үзэгдэл болж, ард иргэд ихээхэн бухимдалтай, яахаас ч буцахгүй уур хилэнтэй болсон уур амьсгал ажиглагдаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард түмний аж амьдралыг дээшлүүлэх, авлига хээл хахуулийн  гэмт хэрэгтэй тэмцэж буй энэ хэцүү цаг үед Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг зэрэгцүүлэн хэлэлцэж байгаа нь бухимдал дээр бухимдал нэмсэн ажиллагаа гэж бид үзэж байна хэмээн УИХ-ын даргад хандсан албан бичигтээ дурдаад ахмадууд  гарын үсгээ  зуржээ. 
УИХ-ын дарга Г.Занданшатарт  илгээсэн  албан шаардлагад  УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, академич Ч.Авдай, УИХ-ын гишүүн асан, Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын Сансрын нисэгч, Үндсэн хууль тогтоогч Ж.Гүррагчаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан, Үндсэн хууль тогтоогч Ч.Хурц, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Түлш эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийн сайд асан Б.Жигжид, Монгол Улсын Ерөнхий сайд асан, Үндсэн хууль тогтоогч Ш.Гунгаадорж, АИХ-ын  дарга асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Үндсэн хууль тогтоогч Ж.Гомбожав, АИХ-ын дэд дарга асан, Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, Үндсэн хууль тогтоогч Л.Дашням, Гадаад хэргийн сайд асан, дипломатч Л.Эрдэнэчулуун, БНМАУ-ын Бага хурлын гишүүн, ҮХЦ-ийн гишүүн асан, гавьяат хуульч, Үндсэн хууль тогтоогч Д.Чилхаажав, Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтний зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, гавьяат багш, Хууль зүйн ухааны доктор, профессор, Үндсэн хууль судлаач  Ш.Цогтоо тэргүүтэй төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд нэгдсэн байна. 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img