Доктор Н.Тэгшбаяр: Монгол Улс имортлогч биш эрчим хүч экспортлогч орон болох ёстой

Б.БОЛОР
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчлан харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх болсон. Бүр тодруулбал, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар боллоо. Энэ хүрээнд доктор, физикч Н.Тэгшбаяраас зарим зүйлийг тодруулсан юм.
-Францын Ерөнхийлөгч айлчлаад буцлаа. Зөөвч-Овоо төсөл хөдлөх болов уу?
-Францын Орано групп орж ирнэ гэдэг Монгол Улсад гуравдагч орны хөрөнгө оруулалт орж ирж байна гэсэн үг. Оюутолгойн дараа орох том түншлэл гэж харж байна. Түүнчлэн Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахад томоохон хөшүүрэг болно. Бас нэг зүйл. Монгол Улс тусгаар тогтнол аюулгүй байдлаа дипломат гэрээ хэлцлийн замаар хамгаална гэж заасан байдаг. Тиймээс Францтай хамтрахад бидэнд айх аюулгүй. Учир нь НҮБ-ын аюулгүй байдлын байнгын таван гишүүн орны нэг нь Франц. Тиймээс бид зөвхөн эрчим хүчний салбараас гадна тус улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж чадвал бусад салбарт ч хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Хамгийн гол нь дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгарлаас зайлсхийж байгаа энэ үед монголчууд цаг алдалгүй, нөөц бололцоогоо ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох нь туйлын чухал асуудал юм.
-Уран олборлох Зөөвч-Овоо төсөл хөдөлбөл монголчууд атомын цахилгаан станцтай болж чадах уу?
Атомын цахилгаан станцыг гурав ангилдаг. 300 хүртэл мВт хүчин чадалтайг жижиг, 300-1000 хүртэл дунд, 1000-аас дээш бол том оврын атомын цахилгаан станц гэнэ. Манай улсын хувьд эхний ээлжинд жижиг оврын станцтай болох хэрэгтэй. Хэрэв үүнийг барьж чадвал эхний ээлжинд хараат бус байдлаасаа гарна. Ер нь эрчим хүчний аюулгүй байдлаа бүрэн хангахын тулд 20 хувийн нөөцтэй байх ёстой. Тиймээс дээрх 300 мВт дээр дахин нэг жижиг оврын станцыг барьж чадвал эрчим хүчний аюулгүй байдлаа бүрэн хангаж чадах хэмжээнд хүрнэ. Дашрамд хэлэхэд, эрчим хүчээ экспортлож чадвал алтаар урсаж буй голтой болсонтой адил гэдэг шүү.
-300 мВт-ын атомын станц барихад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?
-1.5 сая ам.доллар. Монголчуудын мэддэгээр нэг “Чингис бонд” гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 20 ширхэг 300 мВт-ын хүчин чадалтай атомын цахилгаан станц барих мөнгийг цар тахалаар “халхавчлаад” халамж, авлига болгоод тараачихсан шүү дээ. Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарахыг зорьж байгаа бол нэн тэргүүнд чөлөөт өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай. Нэгэнт дотоод нөөц бололцоогоор эрчим хүчний станцыг барьж чадахгүйгээс хойш гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Үүний тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах олон улсын бодлогод нийцүүлсэн төрийн бодлого баримтлах хэрэгтэй.
Ер нь манай улсад үйлдвэрлэл тэр дундаа том хэмжээний үйлдвэрлэл хөгжих боломжгүй. Учир нь том үйлдвэрүүдэд эрчим хүчний найдвартай нийлүүлэлт нэн чухал байдаг. Тухайлбал, тухайн үйлдвэрийн нэг машин ажиллаад эхэлвэл 10-20 жил ганц секунд ч тасрахгүйгээр ажиллах ёстой болно. Гэтэл манайд үүнийг нь хангах суурь нөхцөл байхгүй. Тиймээс л үйлдвэрлэл хөгжихгүй байгаа юм.
-Эрчим хүчнээс хараат бус байхын тулд бид эхний ээлжинд юу хийх ёстой вэ?
-Эрчим хүчний хараат бус байдлаас гарах нь Монгол Улсад тулгамдсан асуудал. 1986 онд дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг ашиглалтад оруулсан байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл том хэмжээний цахилгаан станцыг бүтээн байгуулж чадсангүй. Үүнд нөлөөлж буй хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээрт, тарифын асуудал. Жишээлбэл, өрхийн нэг сарын цахилгааны төлбөр 50 мянган төгрөг гэж бодьё. Тэгвэл бодит зардал нь 90 мянган төгрөг байдаг. Учир нь 90 мянган төгрөгөөр үйлдвэрлэсэн эсвэл худалдаж авсан цахилгаан, дулааныг бид 50 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа хэрэг. Ийм зохицуулалттай байхад энэ салбарт шинээр хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг үлгэр. Зах зээлийн зарчмаар бизнес эрхлэгчид ашиг олохыг зорьж байгаа. Гэтэл Монголд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулъя гэхээр ашиг олох нь бүү хэл алдагдал хүлээгээд дуусах нөхцөл байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, өөрийн өртгөөс бага өртгөөр борлуулалтаа хийж байгаа эрчим хүчний салбарт дампуурах гэж ирэх хөрөнгө оруулагч байхгүй. Ковидын үед эрчим хүчний салбар 96 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Ийм нөхцөлд дамжуулах, шинээр өргөтгөх зэрэг бүхий л процесст гажиг үүсч байгаа юм.
Хоёрдугаарт, олон эх үүсвэрт эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэхдээ эрчим хүчний дэд бүтцийн шинэчлэлийг хийх шаардлагатай. Мөн 1997 оны Киотогийн протокол болон 2015 Францын гэрээний дагуу нүүрс төрөгчийн давхар исэл буюу агаарын бохирдлыг бууруулахын тулд атомын цахилгаан станцтай болох ёстой. Атомын цахилгаан станц монголчуудыг аймшигт утааны аюулаас аварна.
Өөрөөр хэлбэл, дэлхийн дулааралтай холбоотой зарим орнууд дундын гэрээ хийгээд хүлэмжийн хийнээс татгалзсан нь нүүрснээс гаргах эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт олдохгүй болсон. Харин цэвэр эрчим хүч гаргавал дэмжинэ гэдгээ олон улсын нийтийн эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурсан учраас манай улсын эрчим хүчний салбарт шинээр хөрөнгө оруулалт татахад асуудал тулгарч байгаа юм. Нөгөөтэйгүүр, өөрийн өртөгөөс бага дүнгээр борлуулалт хийж байгаа нь ч мөн нөлөөлж байна л даа. Тиймээс л манай улс 1986 оноос хойш эрчим хүчний томоохон бүтээн байгуулалт хийж чадахгүй байгаа хэрэг.
Монгол Улс эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 1200 мВт-ыг дотооддоо үйлдвэрлэж байна. Манай улсын импортолж буй эрчим хүчний 20 хувийг ОХУ-аас, 80 хувийг БНХАУ-аас авч байна. Импортын эрчим хүчнээс хараат байна гэдэг бол эрүүл мэнд хийгээд бүхий л зүйлс бусдын “эрхшээлд” байгаа гэсэн үг.
Монголчуудын дийлэнх нь “Утаанбаатар” хотдоо амьдардаг. Хэдийгээр утааг бууруулахаар чамгүй хөрөнгө зарцуулж байгаа ч үр дүнд хүрсэн нь үгүй. Нийслэлчүүд утаагаа зун нь мартаж, намар нь санаж, өвөл нь шаналж өнгөрүүлдэг. Тэр ч бүү хэл олон улсад Монголын хэвшилтэй хавдрын өвчлөл гарч буй талаар судлаачид хэлж байна. Тиймээс л утаанаас хэрхэн салах вэ гэдэг нийслэлчүүдийн төдийгүй монголчуудын “тархины” өвчин болж байгаа хэрэг.
Нийт сэтгэгдэл 0