Усны нөөц нэмэгдүүлэх хөтөлбөр гацаанаас гарах уу?
Хуваалцах:
img

Г.ЭНЭБИШ
Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэх амин чухал төсөл гацаад жил болжээ. 
Ингэж хэлсний учир, 2019 онд Монгол Улс, Мянганы сорилтын сан хамтран ундны усны нөөцийн хэмжээ хоёр дахин өсгөх зорилго бүхий хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. 
Санхүүжүүлэгч нь: Монголын мянганы сорилтын сан. 
Санхүүжилтийн нийт үнийн дүн: 350 сая ам.доллар. 
Уг хөтөлбөрийн хүрээнд Мянганы сорилтын сангийн ундны эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарч суурилуулах төслийг төлөвлөжээ.
Энэ төслийн хэрэгжүүлэгчээр Израйл улсын "Баран Групп" компани 2022 оны 5-р сард шалгарч, 123 сая ам. доллар бүхий гэрээний эзэн болсон. Төсөл хэрэгжүүлэх гэж буй учраас ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх болсон нь ч баримтаар нотлогдоно. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтад "Баран групп лимитед" хувьцаат компани Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь компакт гэрээний буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэхээр "Ус гүн цэвэршүүлэх өндөр технологи бүхий үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, шугам хоолойн хамтаар барьж байгуулах", Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн Газрын доорх усны эх үүсвэрийн худгууд болон ус дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэнэ хэмээн тэмдэглэсэн байна.
Гэвч тус компани гэрээт ажлаа гацаахдаа туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан компаниудыг хохироосон аж. тодруулбал, өнгөрсөн оны 10-р сард "Баран Групп лимитэд" хувьцаат компани нь Турк улсын "Акон" компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, зарим барилга угсралтын ажлуудыг тус компанид шилжүүлсэн. Харин энэ оны 1-р сард "Акон" компани нь өөрийн ажлуудын зарим багцуудыг гурван Монгол туслан гүйцэтгэгч компанид өгсөн байдаг. 
Гэтэл "Баран Групп лимитед" нь өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэхгүй усны нөөцийг нэмэгдүүлэх төсөл 12 сараар гацжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгч "Баран Групп лимитед" нь урьдчилгаа төлбөрийн баталгааг байршуулахгүй байгаагаас гадаад болон дотоод туслан гүйцэтгэгч нар урьдчилгаа төлбөр авч чадахгүй нөхцөл үүсэж, "Баран Групп лимитед"-ийн нийлүүлэх үүрэгтэй төслийн нийт 50 км гаруй усны шугам хоолой болон бусад барилгын материалуудын худалдан авалт удааширсан байна.

 

Энд, нэг талаас дотоодын туслан гүйцэтгэгч болсон компаниудын эрх ашиг хөндөгдөж байна. Нөгөө талаас Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэрийн нөөцийг нэмэгдүүлэх ажил гацаанд орсон. Эдгээр асуудлууд дээр Монголын мянганы сорилтын сан ямар арга хэмжээ авч байгаа бол? 
Улаанбаатарчуудын усны нөөцийг нэмэгдүүлэх төсөл Израйл угшилтай компани дээр очоод гацсаныг яах вэ? Туслан гүйцэтгэгчээр орсон Монгол компаниудын өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон ирээдүйн хувь заяа? Асуудал хүндэрч шүүхэд шилжвэл төсөл улам гацах уу? Нийслэлчүүдийн амьд явах эхний баталгаа болсон усны нөөц нэмэгдэх эсэх төслийг хэрхэн урагшлуулах вэ?
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа нь өсөн нэмэгдэж буй хотын усны эрэлт хэрэгцээг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр, урт хугацаанд тогтвортой хангах зорилгоор газрын доорх усны Баруун эх үүсвэрийг байгуулан, ашиглах боломжийг бүрдүүлнэ.Энэ хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрүүдийг байгуулж, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламжид ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагааны санхүүжилтээр дараах гурван багц барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Үүнд: нэгдүгээрт, ус хангамжийн хоёр шинэ эх үүсвэрийг байгуулах, хоёрдугаарт, дэвшилтэт технологи бүхий ус гүн цэвэршүүлэх байгууламж барих, гуравдугаарт, эх үүсвэрээс ус цэвэршүүлэх байгууламж, байгууламжаас хотын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх ус дамжуулах шугам, хоолойг угсарч суурилуулах зэрэг багтах аж. Газрын доорх усны Баруун эх үүсвэрийг шинээр байгуулснаар Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая шоо метрээр буюу одоогийн хэмжээнээс ойролцоогоор 65 хувиар нэмэгдүүлж, нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун бүсийн дагуул хотууд, шинэ суурьшлын бүсүүдийн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах таатай нөхцөлийг бий болгох юм хэмээн Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаст тэмдэглэжээ.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img