Ж.Гүррагчаа: Гишүүдийн тоо цөөхөнөөс болж иргэдийн амьдрал буураагүй
Хуваалцах:
img

Ч.Ганга 

УИХ-ын гишүүн асан, Монгол Улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын Сансрын нисэгч, Үндсэн хууль тогтоогчдын нэг Ж.Гүррагчаатай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эргэн тойронд ярилцлаа. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тухай та ямар бодолтой байдаг вэ?  
-Монголчууд бид төрт ёсны тухай, Монгол төрийн тухай их ярьдаг. Монгол төрийн нэг том багана нь Монгол Улсын Үндсэн хууль. Энэ хуулиа тойрч бусад хуулиуд гардаг. Үндсэн хууль гар хүрч болдоггүй, өөрчилж болдоггүй юм биш. Цаг хугацааны эрхээр, хөгжил, шинэчлэлийн аливаа асуудалтайгаа уялдуулж өөрчлөлт оруулдаг. 
-Тэгвэл өнөөдөр УИХ-ын түвшинд ярьж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай юу хэлэх бол? 
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох ч өнөөдөр төрийн зүгээс Үндсэн хуульд хандаж байгаа хандлага нь нэг л биш гэж харж байгаа. Яагаад гэвэл, өнөөдөр монголчуудын өмнө тулгамдаж байгаа гол асуудал юу байна гэвэл, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, төрөө бэхжүүлэх юм. Тэгвэл  төрөөс явуулж байгаа үйл ажиллагаанд ард иргэд сэтгэл дүүрэн байна уу гэвэл тийм биш байна. Ард түмний амьдралыг харах юм бол өнөөдөр үнэхээр хүнд байгаа. Үнийн өсөлт, нөгөө талд худалдан авах чадварын бууралт энэ бүхэн явсаар хувь хүн, гэр бүлд хүнд цохилт болж байна. Ийм үед төр, засаг энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой. 
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд та юу гэж үзэж байна? 
-Би сая хэллээ шүү дээ, “Ард түмний амьдрал хүнд байна аа, төр, засаг нэн тэргүүнд энэ асуудалд  анхаарах ёстой”  гэж. Гэтэл түүний оронд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, төрийн түшээдийн тоог хоёр дахин өсгөж, ингээд сайхан болно гэж хууль санаачилж байгааг би буруу гэж бодож байгаа. Энэ цаашаа юуг хэлээд байна гэвэл, төр хаашаа хараад байна вэ, юунд анхаараад байна гэдэг нь сонин санагдаж байгаа юм. Төр бол ард түмнийхээ ахуй амьдралыг харж, тусгаар тогтнолоо баталгаажуулах ийм л ажлыг нэн тэргүүнд анхаарч, хийж байх ёстой. Гэтэл өнөөдөр ямар нэгэн аргаар Үндсэн хуулийг өөрчлөхөд чиглээд байна. Энэ буруу. 
-Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар ард түмнийхээ амьдралыг сайжруулна гэж ярьж, сурталчилж байна шүү дээ? 
-Үндсэн хуулийг өөрчлөөд цаанаа иргэн хүнд ямар ач тусаа өгч байна вэ гэдгийг харах юм бол тийм онцгой юм алга. Төрийн ачааг хүндрүүлж, даргын тоог нэмэгдүүлж, түүнд зарцуулах төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэх, ер нь ийм л зүйлүүд харагдаад байна. Монгол Улсад өнөөдөр УИХ-ын гишүүдийнх нь тоо цөөдөөд ард иргэдийн ахуй амьдрал буураад байгаа юм байхгүй.

Нийт сэтгэгдэл 1

  • Уншигч
    1 долоо хоног

    Чухам үнэнийг хэлжээ, санал нэг байна.

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img