Сайд Л.Халтар НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Газрын тээврийн холбооны 84 дэх удаагийн хуралд оролцлоо
Хуваалцах:
img

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Газрын тээврийн холбооны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй 84 дэх удаагийн хуралд оролцож, сайд нарын хурлын үеэр үг хэллээ.

Тэрбээр Монгол Улс Ази-Европын хооронд хийгдэж буй тээврийн урсгалыг Монгол Улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн болон олон улсын тээврийн сүлжээнд идэвхтэй нэгдэх эрмэлзэлтэй байдгийг илэрхийлээд, монголын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн холболтыг нэмэгдүүлэх, логистикийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцлов.

Мөн Монгол Улсын Засгийн газар нь тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын худалдаанд оролцоход худалдаа тээврийн холболтыг сайжруулах нь нэн чухал болохыг хүлээн зөвшөөрч, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэв. Энэ хүрээнд зам, тээврийн салбарт амжилттай хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурдлаа.

Цар тахлын нөлөөгөөр тээвэр, логистикийн салбар ихээхэн хямралд өртсөн ба далайд гарцгүй орнуудын хувьд хуурай боомтуудыг хөгжүүлэх нь хямралаас гарах нэг арга зам гэдгийг тэмдэглэн хэлэв. Мөн худалдаа, тээврийг саадгүй шуурхай явуулахад хилийн боомтуудын уялдааг сайжруулж, хөнгөвчилсөн хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн, аль болох илүү шаардлагуудаас татгалзах хэрэгтэй гэдгийг тэмдэглэн хэлж, худалдаа тээврийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгож буй тээврийн хэлэлцээрийг байгуулах процессыг аль болох түргэтгэх, хил дамнасан тээврийг саадгүй шуурхай явуулахад анхаарч, улс орнуудыг хамтарч ажиллахыг уриаллаа.

Хурлын төгсгөлд тээврийн холболтыг сайжруулах чиглэлээр олон улсын, бүс нутгийн хэмжээнд гарч буй шинэ туршлага, шийдлүүдийг бид эрж хайн, улс орон болон олон улсын хэмжээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, санаачилгуудаас олж авсан мэдлэг, чадвар, туршлагаас суралцаж, хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлээд хурлыг амжилттай зохион байгуулж буй НҮБ-ын Европын эдийн засгийн комисст дахин талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүслээ.

Энэхүү хурлаар НҮБ-ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн зорилтын хүрээнд бүс нутгийн болон олон улсын тээврийн конвенцуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, тэдгээрийг хөгжүүлэхэд чиглэсэн шинэ инновацыг дэмжих, техник технологийг нэвтрүүлэх, бүс нутаг хоорондын тээврийн тогтвортой холболт, хөдөлгөөнийг дэмжих зэрэг асуудалд санал нэгдэн, хурлын протоколыг батлах юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img