Б.Оюунсанаа: Тэрбум мод тарихын тулд тухайн нутагт тохирсон жорыг гаргах учиртай
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулах” зорилтыг дэмжиж, Bolor.mn сайт Монголын ойн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, судлаачдын үгийг хүргэх тусгай булан ажиллуулж байгаа билээ. Энэ удаа Монголын ойн салбарын тэргүүлэх залуу эрдэмтдийн нэг МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Б.Оюунсанаатай ярилцлаа.  

 

- Таны бодлоор, нэн яаралтай хийх ёстой ажил юу байна?

Б.Оюунсанаа: Ойчид бид удахгүй салбарын их хурлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар бэлдэж байна. Ойн салбарын олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, төр, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл чуулж, өнгөрсөн үеийн ажлаа шүүн ярилцаж, салбарын ирээдүйн чиг, хандлагаа тодорхойлохыг зорьж байгаа. Тэрбумаар тоологдох модыг тарьж, ургуулах суурийг тавихын тулд ойчид маань эн тэргүүнд салбарын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн механизмыг оновчтой болгох, түүнчлэн тарьц суулгац, техник технологийн шинэчлэл, хүн хүчний асуудал яригдах нь ойлгомжтой.  

Тэрбум мод тарих зорилт бол урьд өмнөх шиг дуулиан шуугианаар хэрэгжихгүй ажил. Таны тарьсан мод ургаж байна уу, үгүй юу гэдгийг хэн ч хараад хэлнэ шүү дээ. Энэ бол олон нийтийн хяналтанд байж, хариуцлагаас тойрч зугтах аргагүй ажил. Тийм учраас энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эрдэмтэд, судлаачдаа сонсъё, улс орноороо нэгэн зүгт харъя гэж байгаа нь бидэнд урам өгч байгаа. Бидний харж байгаагаар энэхүү санаачилга нь зөвхөн мод тарихаар хязгаарлагдахгүй орон нутагт ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтлыг бууруулахад чухал түлхэц болно. Уг нь судлаачид олон судалгаа хийгээд, үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж, аргачлал, ном гаргаад л байдаг, харамсалтай нь тэр бүхэн бодлого болон бууж, амьдралд хэрэгжихдээ тун хойрго байлаа. Одоо энэ байдал өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан ажил эхэлнэ гэж итгэж байна.

 

- Та ямар чиглэлээр судалгаа хийдэг билээ?

- Миний хамгийн анх нарийвчлан суралцсан сэдэв бол модны жилийн цагариг, түүний өсөлтийн зүй тогтол байсан. Түүнтэй холбоотойгоор ойн үүсэл, өсөлт, хөгжлийг бакалавртаа судалсан. Дараа нь агаарын температур, хур тунадасны өөрчлөлт модны жилийн цагаригт хэрхэн хадгалагдаж үлддэг чиглэлээр судалгаа хийж, МУИС-д магистрын зэрэг хамгаалсан. ХБНГУ-ын Геттингений их сургуулийн докторантурт суралцахдаа Хан Хэнтийн нурууны баруун хойд хэсэгт “Ойн түймрийн түүх болон ойн өсөлт, хөгжилтийн динамик” сэдвээр судалгааны ажил хийж, хамгаалсан. Тодруулбал, тухайн ойн үүсэн бүрэлдсэнээс хойш түүхэн урт хугацаанд хэдэн удаа түймэр гарч вэ, эдгээр түймэр Хан Хэнтийн нурууны ойн өнөөгийн байдал, өсөлт хөгжилд яаж нөлөөлсөн бэ гэдгийг судалсан гэсэн үг. Тухайн ойд гарсан түймрийн өнгөрсөн үеийн түүхэн үйл явцыг судалснаар ирээдүйд түймрийн менежментийг тухайн бүс нутагт хэрхэн оновчтой хэрэгжүүлэх вэ гэдэгт суурь мэдээлэл болдог.

 

- Маш сонирхолтой сэдэв байна шүү. Таны судалснаар Монголд гардаг ойн түймрүүд юутай холбоотой гарч байна?

- Түймэр нь байгаль дээр шатаж болох материал бий болсон цагаас гарсаар ирсэн. Тухайн жилийн цаг агаарын нөхцөл, тэнд байгаа шатах материал буюу ойн модны төрөл, бүтэц, бүрэлдэхүүн, газрын гадаргуугийн хэв шинж, салхины хурд, агаарын чийгшил зэрэг олон хүчин зүйлээс хамаарч аливаа гарсан түймэр хэр том талбайг хамрах нь шалтгаалдаг. Хур тунадастай, чийгтэй жил гал алдсан ч хэсэгхэн газар шатаад л унтарна. Жишээ нь 2021 оны хувьд харьцангуй цөөхөн түймэр гарсан. Яагаад гэвэл энэ жил хур тунадас сайтай байлаа. Хаврын цас хайлахтай залгуулаад хур тунадас орсон. 

Нөгөө талаар түймэр гарахад гол нөлөөлдөг хүчин зүйл бол хүн. Нийт түймрийн 80 гаруй хувь нь ямар нэг байдлаар хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Тэр үүднээс үзвэл өмнөх онуудтай харьцуулахад 2021 оны түймрийн аюултай буюу хаврын улиралд цар тахлын хөл хориотой холбоотойгоор хүмүүс хөдөө хээр бага зорчсон, энэ жил чийг сайтай байсан нь түймрийн тоо, цар хүрээ бага байхад нөлөөлсөн.

Гэтэл 2017 оныг авч үзье л дээ. Монгол улсын түүхэнд зуны дунд сар буюу 7-р сард түймэр гарч, томоохон талбай хамарсан тохиолдол тун ховор байдаг. Гэтэл 2017 оны 7-р сард төвийн бүсийн нэлээд хэдэн аймаг, сумдын ойн санг хамарсан томоохон хэмжээний түймэр гарсан. Онцгой байдлын албан хаагчдаас гадна иргэд, төрийн бус байгууллагууд дор бүрнээ түймэр унтраахад оролцсон доо. Тэр зуны хувьд дэлхий даяар маш их халалт болсон. Манай оронд ч бүс нутгийн халуун агаарын фронт ирж, хэт хуурайшилтыг бий болгосон. Сүүлийн жилүүдэд хэт халалт зэрэг аюулт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байгаа. Хүн ба байгалийн өөрийнх нь нөхцөл хавсарсан тохиолдолд түймэр том талбайг хамарч гамшгийн шинжтэй болдог.   

 

 

- 2019, 2020 онд Австралийн ой, Амазоны ширэнгэн ой их хэмжээгээр шатлаа. Энэ зун Сибирьт их түймэр гарлаа. Олон зуу, мянган жилийн настай эртний ойнууд шатсан нь маш харамсалтай. Энэ их гарз хохирлыг нөхөх шинэ инновац, үр дүнтэй технологи мод үржүүлгийн салбарт гарч байгаа болов уу?

- Ой байгалийн аясаараа сэргэх нь хэдэн арван жилээс хэдэн зуун жилийн урт хугацааг шаарддаг. 20-р зууны сүүлийн хагас, 21-р зууны эхэн үеийн дэлхийн дулааралтай холбоотойгоор тэдгээр шатсан ой эргэн эх шинжээ олж сэргэх үү гэдэг нь тун эргэлзээтэй болж байна. Энэ зуны долоо, наймдугаар сард Сибирьт гарсан түймрийн утаа Улаанбаатарыг хэд хоног бүрхсэнийг бүгд санаж байгаа. Энэ түймрийн голомт нь ОХУ-ын Якутын орчимд байсан. Статистик мэдээгээр ОХУ-д 2021 онд нийтдээ 18 сая га гаруй ойн сан өртсөн, энэ нь үндсэндээ манай орны заган ойг оролцуулаад Монгол орны ойн сангийн нийт талбайтай тэнцсэн гэсэн үг. Үүнээс Якут орчимд л гэхэд 3 сая гаруй га ой түймэрт өртсөн байна. Якут орчмын түймэр бидэнд юуг сануулж байна вэ гэхээр ерөнхийдөө хүйтэн буюу өвлийн улиралд -67 хэм хүрч хүйтэрдэг, мөнх цэвдгийн гол тархалттай энэ бүс нутаг ч гэсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөнд өртөж, температурын огцом өсөлт, хэт халалт зэрэг онцгой үзэгдлийн давтамж ихсэж байна гэсэн үг юм. Судлаачдын 30, 40 жилийн өмнө 21-р зууны төгсгөл үед бий болно гэж загварчилж байсан дээрх нөхцөл байдлууд дөнгөж шинэ зуун эхлээд 20 гаруй жил болж байхад тохиолдож байгаа нь бид ийм нөхцөл байдал үүсэхэд яах вэ гэдэгт бэлдэх хэрэгтэйг сануулж байна.

Түймэрт шатсан ойг нөхөн сэргээх эхний ажил бол байгалийн сэргэн ургалтыг дэмжих, байгалийн сэргэн ургалт удаашралтай газарт ургах орчны нөхцөлөө алдахаас нь өмнө нэн даруй ойн нөхөн сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай байдаг.

Ерөнхийдөө дэлхийн томоохон ойн сан бүхий улс орнууд алслагдсан бүс нутгийн ойг байгалийн аясаар нөхөн сэргэхэд нь найдан орхиж байгаа. Гол нь уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөөтэйгээр түймэрт өртөж доройтож буй ойн талбайн хэмжээ нь тухайн орны ойгоо нөхөн сэргээх чадамжаас хэт хурдтайгаар нэмэгдэж байна. Харьцангуй бага ойн сантай, зам харилцаа, дэд бүтэц, хөрөнгө, хүч сайтай орнууд ойн нөхөн сэргээлтийг нэн даруй хийсээр байна. Зарим орнуудын хувьд уур амьсгалын хувьд тааламжтай бүс нутагтаа эрчимтэйгээр ойн мод үржүүлгийн газруудыг байгуулж, таримал ойг бий болгож байгаа юм. Ургах орчны нөхцөл, үр, тарьц суулгацын нөөц, хүн хүч, дэд бүтцээсээ хамаараад төлөвлөлтийг хийдэг.

Технологийн дэвшлийн хувьд ямар ахиц гарав гэвэл мод үржүүлэг, ойжуулалтын техникүүд илүү бүтээмжтэй, боловсронгуй болж байна. Зарим улс орнууд бороо, чийгтэй улирлыг угтуулан нисдэг тэрэг, дрон зэргийг ашиглаж, хөрсөн бэхэлсэн тарьц, суулгац, үрийг цацан хүн машин, техникээр хүрэхэд хэцүү газруудаа ойжуулж байна. Гэхдээ уламжлалт арга орхигдоогүй. Жишээлбэл, манайхтай зарим бүс нутаг нь уур амьсгалын хувьд нэлээд ойролцоо Канадад гэхэд уулын эгц налуу, амаргүй газруудаар технологийн дэвшлүүдийг ашиглахаас гадна гараар уулын ойжуулалт хийсээр л байгаа. Тэгэхдээ маш зөв, системтэйгээр тарина. Бид мод үржүүлгийн газрыг Монгол орныхоо онцлогт тохируулж, бүсчлэн байгуулах, тэдгээрийг механикжуулах, зарим дамжлагыг автоматжуулсан байдлаар хийвэл ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн гол түүхий эд болох тарьц, суулгацыг их хэмжээгээр үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Мөн хуурай цаг агаартай манай орны хувьд хөрсний чийгийг хадгалахад бионүүрс хэрэглэх, тарьц суулгацын үндсийг бэхжүүлэхэд микориз зэрэг биотехнологийн аргуудыг түлхүү ашиглах шаардлагатай байгаа юм.

 

- Якутын түймрийг унтраах талаар хойрго ажиллаж байна, анхаарахгүй байна гэж ОХУ-ын төр, засгийг олон улс орон шүүмжилсэн. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байв?

- Дэлхийн нийт хуурай газрын ойн гуравны нэг Сибирьт ургадаг. Маш том талбай л даа. Нэг талаар түймэр бол сибирийн болон сэрүүн бүсийн ойн экосистемийн салшгүй нэг хэсэг. Гол нь сүүлийн үед гарч буй томоохон түймрүүд байгалийн аясаараа гардаг байсан тэр хэм хэмжээнээс хэтэрч, илүү хор хөнөөлийг үзүүлж байгаа нь амаргүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

ОХУ болон дэлхий нийтийн түймэртэй тэмцэх тактик бол 1-рт хүний амь нас, 2-рт эд хөрөнгө, дэд бүтэц, 3-рт ой мод, байгаль гэсэн дарааллаар явагддаг гэж хэлж болно. Тийм том талбайд асар өндөр эрчимтэй шатаж буй түймрийг унтраана гэдэг бол тухайн нэг улсын хувьд хичнээн мөнгө санхүү, техник, хүн хүч байлаа гээд ч дийлдэхгүй нөхцөл л дөө.

 

- Монгол орны бүх аймаг, суманд мод тарихаар ярьж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

- Мод огт ургах боломжгүй суурин газрууд цөөхөн. Ядаж л нэг төрлийн мод ургах бололцоотой л байгаа. Харин ургуулахын тулд мэргэжлийн хүмүүсээс гадна олон нийтийн хүчин чармайлт хэрэгтэй. Энгийн жишээ авахад манайхан мод ургадаггүй л гэдэг. 1990 оноос өмнө үед Оросын цэргийн ангиуд байсан газар бүр модтой л байсан. Оросууд говийн нэг суманд ч гэсэн улиасыг тариад л орчин нөхцөлөө сайжруулан амьдарч байсан. Байгалийн нөхцөл нь амаргүй газар бол олон төрөл биш цөөхөн ургаж чадах улиас, хайлаас зэргийг тарьж болно. Бид өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн нүүдэлчин, малчин ахуй соёлтой ард түмэн. Харин модыг тарьж ургуулахын тулд бид болохгүй, бүтэхгүй гэсэн хандлагаа өөрчлөх, хамтдаа суралцах ёстой болж байна.

Суурин газраас 100, 200 км-ийн зайтай нэг газар мод тарилаа гэж бодъё. Тэрийг хэн нэгэн байнга очиж арчилна гэдэг боломжгүй. Тэгвэл зарим газарт арчлахгүйгээр ургуулах аргазүйг манай ойн салбарын эрдэмтэд боловсруулж, туршиж ирсний нэг жишээ нь салбарын ноён оргил болсон академич Ч.Дугаржав гуай боловсруулсан. Түүний Шилийн Богдод ургуулж байгаа ойгоос харж болно. Энэ бол маш ховор тохиолдол. Төрсөн нутгаа гэсэн сэтгэлээрээ, мэргэжлийн хүний мэдлэг, туршлагаараа маш өвөрмөц арга боловсруулж, хувиасаа хөрөнгө санхүү гаргаж, олон жил зүтгэсний үр дүнд тэнд төгөл ой ургаж байна. Хөдөлмөрийн Баатар Бараадууз гуай мөн говь, цөлийн бүсэд ой ургуулсан. Тэгвэл эдгээр хүмүүс шиг хамгаа зориулах хэдэн хүн байх билээ. Тиймээс бид санхүүгийн болоод бусад хэлбэрийн урамшууллын тогтолцоог бий болгох талаар харах ёстой юм. Тарьсан модоо арчлах, тордохыг эдийн засгийн хөшүүргийг бий болгохдоо жишээлбэл, 20 га талбайг тухайн иргэн, айл, байгууллага, компанид хариуцууллаа гэхэд, түүнийг ургуулах сонирхлыг зурвас дотроо малын тэжээл, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, эмийн ургамал гэх мэтийг тарьдаг, хадлангаа авах зэргээр ашиг олдог байж гэмээнэ тухайн иргэн, байгууллага ач холбогдол өгч, анхаарна шүү дээ. Тэгэхгүйгээр, та энийг услаарай, арчлаарай гээд багахан хэдэн төгрөг өгөөд орхивол хэсэг хугацааны дараа юу ч байхгүй болно.

Тэгэхээр мод тарьж, ургуулах нийтлэг нэг жороос гадна тухайн нутгийн уур амьсгал, ургах орчны нөхцөл, эдийн засаг, хүн хүчний чадамжид тохирсон өөр өөр жорыг гаргах шаардлага гарч ирж байна.  

 

- 2005 оноос эхлэн Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр хэрэгжиж, говь, хээрийн бүсэд мод тарьсан. Энэ хэр амжилттай болсон гэж та дүгнэдэг вэ?

- “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн санал, санаачилга бол маш чухал байсан. Эхэндээ тун эрчимтэй эхэлсэн ч, яваандаа эрч нь буурсан. Шалтгаан нь төлөвлөсөн санхүүжилт бүрэн олгогдохоо байсан, мөн арчлалт, хамгаалалтын төлөвлөлт дээр жаахан алдсан юм болов уу гэж хардаг. Дээр ярьсанчлан тухайн бүс нутагт ойн зурвасыг байгуулах усны хангамж, дэд бүтэц, тарьц суулгацын нөөц, арчлаад явах хүн хүч, тогтолцоо нь байна уу үгүй юу гэдэг дээр маш нарийн төлөвлөлтийг хийх хэрэгтэй байсан болов уу. Төлөвлөсөн үр дүндээ хангалттай хүрч чадаагүй тул энэхүү ажлыг эрчимжүүлэх үүднээс Монгол-Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төслийг эхлүүлж сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд говь, хээрийн бүсэд 3000 орчим га талбайд тухайн нутгийн модны зүйлээр ойжуулалт хийж, сургалт, судалгааны дэд бүтэц бүхий мод үржүүлгийн газар байгуулж, олон арван хүнийг сургаж, хэдэн зуугаар тоологдох иргэдийг мод тарих, арчлах ажилд улирлын чанартайгаар авч ажиллуулж, сургасан нь энэ төслийн онцлог юм. Мөн төсөл дэргэдээ эрдэмтэн судлаачдыг ажиллуулж, зурвасны бүтэц, схем, говь, хээрийн бүсийн моддын экофизиологи, генетик, селекцийн цогц судалгаа, усалгааны горим, өвчин, хөнөөлт шавж, хөрс, усны зэрэг олон судалгааг хийж ирсэн нь бидэнд цаашид эдгээр экосистемд мод тарьж, ургуулахад чухал туршлага болно гэж хардаг.

 

- Хот, суурин газрынхны хувьд мод тарих гэдгийг уулнаас бэлэн мод ухаж авчраад суулгах юм уу, гадаадаас бэлэн мод авчраад шахдаг бизнес төдийгөөр ойлгоод байна. Энэ буруу жишиг хандлагыг яавал өөрчлөх бол?

- Хот, суурин газарт мод тарих ажлын нэг хэсэг нь үнэхээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа маягтай явж байгаа нь үнэн. Бид амрыг бодоод уулнаас хорь, гучин настай мод авчраад тарьж байна. Гэтэл тэдгээр мод бүхэн ургасан орчиндоо хэрэгтэй болоод орон зайгаа олоод ургасан. Тоосонцор, үр байхаасаа эхлээд маш их бэрхшээл, саадыг туулж, байгалийн шалгарал, өрсөлдөөнийг даваад тэр нутагтаа ургаж байгаа. Үндсээ тавьсан цагаасаа эхлээд ойдоо, нутагтаа өөрийн гэсэн үүрэг гүйцэтгээд ирсэн мод. Гэтэл тэнд байгаа юмыг бид аваад, энд байгаа экосистемийг аятайхан болгох гээд шилжүүлээд байна. Энэ хооронд юу болж байна гэхээр шилжүүлэхээр авч байгаа байдлаас нь хамаараад тэнд байгаа мод, түүний эргэн тойрны экосистем ч хохирч үлдэж байна. Шигүү зэрэгцэн ургаж буй модны нэгийг нь авахдаа нөгөөгийнх нь үндсийг тайрч, эрэмдэг болгоод орхиж байгаа. Ойгоос онцгой шаардлагаар, багахан тоо хэмжээгээр, маш нарийн технологийн дагуу модыг шилжүүлэх тохиолдлууд зарим улс орнуудад бий. Гэхдээ хэзээ ч хавтгайруулан их хэмжээгээр авдаггүй. Энэ байдлыг халахын тулд хот, суурины ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ирээдүйн өсөн нэмэгдэх хэрэгцээгээ бодож, 50, 100 жилийн цаадах ирээдүйгээ харж, суурин газрууд дэргэдээ мод үржүүлгийн газар, бойжуулах төвүүдийг байгуулах шаардлагатай байгаа юм.

Мөн гадаадаас оруулж ирж байгаа модны хувьд дэлхий нийтээрээ эртнээс нухацтай хандаж ирсэн. Өөрөөр хэлбэл тухайн модны тархалтын хил хязгаар гэж байдаг, түүнийх нь гадна талаас оруулж ирэхэд үүсэх сөрөг нөлөөлөл гэсэн үг л дээ. Нэг тодорхой жишээ ярья. 1800-аад оны сүүл, 1900 оны эхээр европчууд Хойд Америкаас маш их хэмжээний гацуур мод авчирсан байдаг юм. Түргэн ургалттай, бушуухан бүдүүн мод болоод эдийн засгийн үр өгөөжөө өгөх модыг маш ихээр авчирч тарьсан.

Эхний хэдэн жилдээ тодорхой өөрчлөлт мэдэгдээгүй. Яваандаа Европод моно буюу дан бүрэлдэхүүнт таримал ой ихээр бий болсон. Гэтэл тэрийг дагаад ямар асуудал боссон бэ гэхээр Хойд Америкт л байдаг гацуурын цохоос гадна зарим хөнөөлт шавж хамт хүрээд ирсэн. Нэг өвчин, хөнөөлт шавж гарангуут өнөөх дан бүрэлдэхүүнтэй таримал ой тэр чигээрээ доройтож, үхэж эхэлсэн. Гэтэл байгалийн ой өөрөө холимог байдаг. Навчит, шилмүүст модод холилдон ургана. Тэгэхээр нэг нь эмзэг боллоо гэхэд нөгөөдүүл нь байж байгаа учраас нэг бүлгэмдэл, экосистемийг үүсгэчихээд бие биенээ хамгаалсан, нөхсөн орчин үүсгэн, ургаж ирсэн. Гэтэл тэр зүй тогтлыг алдагдуулаад, зөвхөн эдийн засгийн эрх ашгийг хараад дан таримал ойг бий болгосныхоо хариуд европчууд өнөөдөр хэдэн тэрбумаар тооцогдох евроны зардал гаргаж, ойгоо холимог болгохоор ажиллаж байна. Зуун жилийн өмнө хийсэн алдаагаа засахын төлөө маш их цаг хугацаа, мөнгийг зарж байна. Бид энэ мэт бэлэн сургамжийг аваад, алдаа, онооноос нь суралцах ёстой юм. Гадаадаас мод оруулж ирнэ гэдэг ийм л сөрөг үр дагавартай. Энэ хор уршиг өнөөдөртөө мэдэгдэхгүй, тавь, зуун жилийн дараа л илэрдэг. Харь зүйл унаган төрөл зүйл рүү илүү довтолж, нөгөөдүүлээ устгадаг, тэр нь экосистемийг өөрчилдөг жишээ маш олон бий. Тийм учраас өндөр хөгжилтэй орнууд харь зүйлийг оруулж ирэхийг хориглож, хатуу хуулиуд гаргадаг. Хот, суурины ногоон байгууламжид гоёл, чимэглэлийн зорилгоор зарим зүйлийг нутагшуулах ажил дэлхий дахинаа түгээмэл хийгддэг ч, байгалийн ой руу чиглэсэн ийм үйл ажиллагаа сөрөг үр дагаврыг л дагуулдаг жишээ их.

 

- Ярилцлагынхаа төгсгөлд асуухад, тэрбум мод тарих үндэсний мэргэжилтний нөөц манайд бий юу?

- Саяхан манай салбарынхны Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт дээр ерөнхий төлөвлөлт гарсан л даа. Ирэх жил Монгол Улсад ойн салбарын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой болно. Өнгөрсөн хугацаанд ойн чиглэлээр 2000 орчим хүн бэлтгэгдсэнээс одоо 1000 орчим нь янз бүрийн чиглэлээр ажиллаж байна.

Ер нь “Тэрбум мод” хөдөлгөөн манай ойн салбарын хувьд маш их сэргэлт, дэвшлийг авч ирнэ гэж харж байгаа. Явж ирсэн түүхээ эргэж хараад, одоо хаашаа чиглэхээ тодорхойлж, түүний тулд ямар өөрчлөлт хэрэгтэй, хүний нөөцийн хувьд, бүтэц зохион байгуулалтын хувьд дээд нэгжээсээ авахуулаад гардан хэрэгжүүлэгч орон нутгийн нэгж дээрээ ямар байх, энэ ажилд талуудын оролцоог яаж хангахыг тодорхойлох цаг ирлээ.

Энэ том зорилтыг хэрэгжүүлэх бодлого, стратеги хамгийн чухал. Энэ стратегид дээр хэлсэнчлэн энэ зорилтыг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтаас гадна хаана, ямар зүйлийг тарих, түүнд шаардлагатай үр, тарьц суулгацын нөөцийг модны төрөл зүйл болгоноор гаргах, усны нөөц бололцоог тодорхойлох, тухайн талбайн арчилгаа тордолгоог хэн хариуцах, үүнтэй холбоотой хөрөнгө, санхүүжилтийг механизм зэргийг нарийвчлан төлөвлөх шаардлагатай байгаа юм. Энэхүү ажлыг ойн мэргэжлийн хүмүүсээр манлайлуулж, төр, иргэд, бусад салбарынхан, хувийн хэвшил, сайн дурынхан зэрэг олон талуудын нягт хамтын ажиллагаа, оролцоотойгоор бүтээх бололцоотой.

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн тэрбум мод тарих санаачилга хэрэгжих бололцоотой, байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулахаас гадна иргэдийн ахуй амьдрал, амьжиргаа, сэтгэлгээнд олон эерэг өөрчлөлтийг авч ирэх томоохон зорилт гэдгийг судлаач хүний хувьд үзэж байна.

Нийт сэтгэгдэл 4

  • Зочин
    3 жил

    Ийм боловсон хүчнээ сайд нь Халчихсан.

  • Зочин
    3 жил

    агентлаг хариуцаад аваад явчих чадвартай сэхээтэн

  • Zochin
    3 жил

    Odoo Agentlag ahlah heregtei

  • Зочин
    3 жил

    Оюунсанаа Боажя.нд байхын л мундаг хүн дээ

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img