Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ
Хуваалцах:
img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний III чуулган” Төрийн ордонд (2025.05.02) боллоо. Чуулганы “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2024” болзолт уралдаанд эрчим хүчний салбараас “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шалгарчээ.

Өнгөрсөн онд эрчим хүчний салбараас 10 хүн хөдөлмөрийн чадвараа түр болоод тодорхой хувиар алдаж, 12 хүн үйлдвэрлэлийн осолд өртөж, 4 хүн амь нас барсан тоо баримтыг  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн юм.

Мөн салбарын хэмжээнд нийт 117 хүн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй болжээ. Эдгээр өвчлөлд өртсөн иргэдийн наслалт дунджаар найман жилээр богиносож байна гэсэн судалгаа гарчээ. Тэдний дийлэнх нь буюу 65 хувь нь мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих өвчнөөр оношлогдсон бол 10 хувь нь уушги тоосжих, мэдрэл, чих хамар хоолойн давхар оноштой байна. Харин мэргэжлээс шалтгаалсан арьс харшилт өвчин, туяаны өвчин илрээгүй аж. Гэсэн хэдий ч мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад буй арван хүн тутмын ес нь 50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алджээ.

“Диспетчерийн Үндэсний Төв” ТӨХХК-ийн Техник хяналтын албаны хяналтын инженер Г.Чогдон чуулганы үеэр танилцуулснаар, эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийг 2024 оны байдлаар шинжлэн үзэхэд хүний хүчин зүйл хамгийн өндөр буюу 50 хувьтай байсан байна. Эдгээр хүчин зүйлд хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг ур чадвар хангалттай эзэмшээгүй, хамгаалах хэрэгсэл ашиглаагүй зэргийг дурдаж байв. Эрчим хүчний салбарт осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлээс дурдвал,

  • Хүний хүчин зүйл 50 хувь,
  • Материалаас хамаарсан хүчин зүйл 5 хувь,
  • Машин тоног төхөөрөмж, багаж хэрэгслээс хамаарсан хүчин зүйлс 10 хувь, Удирдлага зохион байгуулалтаас хамаарсан хүчин зүйлс 30 хувь,
  • Байгаль цаг агаар, орчноос хамаарсан хүчин зүйл 5 хувь тус тус эзэлж байна.

Эрчим хүчний салбарын хэмжээнд Техникийн хяналт, мэдээллийн системийг 2022 оноос хөгжүүлж, 69 байгууллага ашиглаж буй нь үйлдвэрлэлийн осол гарах эрсдэлийг хянах боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал, 2025 он гарснаас хойш тус системд техникийн зөрчил 141, үйлдвэрлэлийн осол 1, тасралт 352, үндсэн тоноглол зогссон 57 тохиолдол илэрчээ. Салбарт цаашид авч хэрэгжүүлэх гол асуудалд ажилтнуудын гүйцэтгэж буй ажил, химийн бодисын хэрэглээ, ажлын байрны орчны онцлогт тохирсон эрүүл мэндийн ээлжит үзлэгийг чанартай зохион байгуулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.

Эрчим хүчний салбарын мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад буй иргэдийн зарим тоон мэдээллийг хүргэе.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img