Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

23 цаг
Шуугиан нь ажлын байранд түгээмэл тохиолддог эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг физик хүчин зүйлийн нэг юм. Байнгын шуугианы өндөр түвшинд өртөн ажиллах нь ажилтанд шуугианы гаралтай сонсгол алдагдах шалтгаан болдог. Нэгэнт алдагдсан сонсголыг дахин нөхөн сэргээх боломжгүй. 2009-2017 оны хооронд мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ судалгаагаар 2018 оны байдлаар дэлхийн нийт хүн хүн амын 6.1 хувь нь буюу 466 сая хүн сонсгол алдагдалтай амьдарч байна. Энэ үзүүлэлт 2050 он гэхэд 900 саяад хүрнэ гэж тооцоолжээ. Уг үзүүлэлт жил бүр өсөж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна.
Шуугианы сөрөг нөлөөлөл зөвхөн сонсгол алдагдлаар хязгаарлагдахгүй бөгөөд стресст өртөх, ажлын бүтээмж буурах, цусны даралт ихсэх, анхаарал алдагдах, аюулын дохиог сонсоогүйгээс шалтгаалан ажлын байранд осолд өртөх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгодог.
"Монгол Улс дахь зарим үйлдвэрийн шуугианы өртөлтийн үнэлгээ" судалгааны үр дүнгээс харахад, уул уурхай болон бусад үйлдвэрийн ажилчид Монгол Улсад мөрдөж буй стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн шуугианд зөвшөөрсөн цагаас олон цагаар ажиллаж байна. Сонсгол хамгаалах хэрэгслийн хэрэглээ хангалтгүй бөгөөд шуугианы гаралтай сонсгол алдагдах эрсдэл өндөр байгааг тогтоожээ.
Тус судалгааг Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо, Монголын талбарын тархвар судлалын алба, Хэлт Энд Сэфти Солушнс ХХК-ийн судлаачид хамтран бэлтгэжээ.
Судалгааны үр дүнг танилцуулахад, Ажлын байранд ажилтны өртөж буй шуугианы түвшин ажил үүргийн онцлог, орчноос шалтгаалан харилцан аюулгүй бөгөөд хүнд машин, механизм ажиллуулдаг боловсруулах үйлдвэр, баяжуулах үйлдвэр, уул уурхай зэрэг салбарын ажилчид шуугианы түвшинд илүү өртөж байна.
Ялангуяа, баяжуулах үйлдвэрийн хэмжилтийн дүнгийн 77.78 хувь, Дулааны цахилгаан станцын 55.56 хувь, ус хангамж, хог хаягдлын 69.23 хувь, уул уурхай 50.68, боловсруулах үйлдвэрийн 47.56 хувь нь тус тус зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн байна. Энэ нь эдгээр салбарын ажилчид сонсгол буурах эмгэгт илүү өртөх эрсдэлтэй бөгөөд сонсгол хамгаалах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.
Сонсгол хамгаалах хэрэгслийн хэрэглээ хамгийн өндөр нь баяжуулах үйлдвэрийн ажилчдын дунд 44.4 хувь, хамгийн бага нь барилгын салбарын ажилчдын дунд ердөө 3.6 хувьтай байна.
Шуугианы түвшинг салбараар харьцуулбал дундаж үзүүлэлтээр хамгийн өндөр түвшинд өртөж байгаа нь баяжуулах үйлдвэр, уул уурхай, ус хангамж, хог хаягдлын салбарын ажилчид байгаа бол хамгийн бага нь оффисын ажилчид болон мэдээлэл холбооны ажилчид байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0