2 жил
Украин Улсад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй болсон тул Гадаад харилцааны яамны зүгээс тус улсад оршин суугаа монгол иргэддээ эх орондоо буцах зөвлөмжийг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс өгч эхэлсэн билээ. Энэхүү зөвлөмжийн дагуу Украинд оршин суудаг 41 монгол иргэн ар гэртэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр нөхцөл байдал хүндрэхээс өмнө эх орондоо эргэж ирсэн.
Украинд сурдаг оюутнууд, ялангуяа хэлний бэлтгэл болон төгсөх курсэд сурдаг оюутнуудад сургуулиас нь эх орондоо буцах зөвшөөрлийг өгөөгүйн улмаас явж чадаагүй үлдээд байв. Эдгээр оюутны зарим хэсэг болон Украинд байнга оршин суудаг иргэд болох 24 монгол иргэн хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш Польшийн хилээр нэвтрээд байгаа бөгөөд Элчин сайдын яамны ажилтнууд иргэдээ хил дээрээс тосож аван Варшавт хүргэж, эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар гурван иргэн эх орондоо ирсэн бол үлдсэн иргэдээ ойрын хугацаанд эх оронд нь ирүүлэхээр ажиллаж байна.
Мөн Киевээс тав, Кировоградаас хоёр, Одессаас гурван иргэнээ ойрын хугацаанд Польшийн хилээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бол нөхцөл байдал туйлын хүнд байгаа Харьков хотод буй 23 иргэнээ аюулгүй, хурдан татаж авахаар ажиллаж байна. Харьков хотод байгаа оюутнуудын ар гэрийнхнийг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн бөгөөд тус яамны зүгээс оюутнуудтайгаа тогтмол холбоотой байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0