Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй гишүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэв
Хуваалцах:
img

Монгол Улсын Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл болон хувирч, Хөгжлийн банк 26 компанийг шүүхэд өгч, 800 гаруй тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа. Хөгжлийн банкны найдваргүй зээлд 66 компанийн зээл бүртгэгдсэн бөгөөд банкны барьцаанд нийтдээ 700 гаруй үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө байгаа юм байна.

Найдваргүй зээлдэгчдийн дуулиан өрнөж эхэлснээс хойш нийтдээ 60 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийн дунд МАН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон, сонгогдож байсан хүмүүс олноороо байгаа бөгөөд хэргийг АТГ, ЭЦА, бас УИХ-ын ажлын хэсэг шалгаж байгаа юм.Банкны зээл нийгмийн анхаарлыг татаж байгаа энэ үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүд зээлээ төлөхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдгээ мэдэгдээд тэдэнд зээлээ бүрэн төлөх тодорхой хугацааг өгсан талаар өнөөдөр Зууны мэдээ сонин мэдээлжээ.

Заасан хугацаанд зээлээ төлж барагдуулаагүй одоогийн УИХ-ын гишүүд болон нэр дэвшихээр горилж буй тус намын гишүүдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн үг хэмээн эх сурвалж мэдээллээ тодотгожээ. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд энэ хурал дээр олон улсын нөхцөл байдалтай холбоотой намын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөлийн хурлын зөвлөмж болон бусад цаг үеийн асуудал хэлэлцсэн байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img