Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал онцлох сэдэв болоод сар гаруйн нүүр үзжээ. Энэ хугацаанд тодорхой тооны зээлийн эргэн төлөлт хийгдсэн, зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгөгүйгээр, улс төрийн давуу эрхээ ашиглан зээл авсан байж болзошгүй зарим хүмүүс хууль, хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн байна.
Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 30-нд Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намынхаа есөн гишүүнийг шалгуулах үүрэг өгсөнөө мэдэгдсэн. Тэдний тав нь өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэдгээр нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам нар юм.
УИХ-ын гишүүн энэ тухай Ч.Ундрам “Миний аав олонд хүндлэгдсэн бизнес эрхлэгч. Би аавдаа хайртай. Миний аав мөнгөтэй биш номтой хүн болгохоор хүмүүжүүлсэн учраас бизнестээ намайг оролцуулдаггүй. Аав маань нойргүй хонож, охиндоо маш их санаа зовсон. Бүх юмаа шавхаад энд тэндээс зээлж, авсан зээлээ эргүүлэн төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй байгаа. Хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ одоогоор өгөөгүй байгаа” хэмээн хариулсан нь олны эгдүүцлийг хүргээд буй юм. Уг нь АНУ-д боловсрол эзэмшсэн, дэд профессор цолтой, боловсролтой эмэгтэй гэх. Харамсалтай нь, улс төр, уянгын халил, сэтгэлийн мэдрэмжээ хаана гаргахаа мэдэхгүй зээлтэй холбоотой асуултад “Аав минь нойргүй хоносон. Би аавдаа хайртай” хэмээн бага ангийн хүүхэд шиг хариулт хэлээд зогсож буй нь түүний боловсрол, мэдлэгт эргэлзээ төрүүлж байна.
Ташрамд дурдахад бид өмнөх нийтлэлээрээ УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын байр суурийг хүргэсэн. Харин бусад гишүүдийн хувьд бүгд л гүтгүүлж байгаа, гэм буруугүй хэмээн хэлж буй юм. УИХ-ын гишүүний давуу эрхээ ашиглаж, аавдаа зээл авч өгсөн эсэх нь холбогдох байгууллагаар удахгүй тогтоогдох үед эргэн мэдээлэх болно.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0