УИХ-ын чуулганаар өчигдөр /2022.04.06/ Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.
-"Оюутолгой"-н өр тэглэж, алдаа засагдаж дэлхийд эерэг мессеж өгсөн. Сүүлийн үед барууны хөрөнгө оруулагчид Монголыг зорих нь ихэссэн. Тэд олон төсөл хөтөлбөрүүдийг сонирхож байна. Ерөнхий сайдын хувьд олон уулзалт хийсэн.
–Аливаа асуудалд эс үйлдэл хийж байгаад цаг алдахыг Ерөнхий сайдын хувьд хүсэхгүй байна. Тиймээс би эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй гэж шийдсэн. Би УИХ-аас ямар ч асуудлыг нуухгүй ил тод байх зарчмыг баримтална.
–Миний байр суурь маш тодорхой. Хямралтай цаг үед ялангуяа гол стратегийн албан тушаалууд тогтвортой байгаасай гэж хүсч байна. Энэ хүнд үед хүн солиод дахиж шинэ хүн УИХ-аар томилогдож багаа бүрдүүлж Засгийн газартай ойлголцох гэсээр байтал байдал улам хүндэрч магадгүй.
–Улстөрчдийн шуналаас болж асуудал их үүсч байна. "Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг олон нийтэд ил гаргана. Сангуудыг ухвал олон гишүүд гарч ирнэ. Нэрсийг нь олон нийтэд дэлгэхээр бэлдсэн. Гишүүд ийм зүйлд оролцохоо больчих хэрэгтэй. Та нар гишүүн байх уу, бизнесмен байх уу гэдгээ шийдэх цаг иржээ.
–Хөгжлийн банкны асуудал ч тэр. Гадны мэргэжилтэн мэргэжлийн ТУЗ бүрдүүлээд байж байхад нь бонд босгосны дараа бүх сайдууд ороод хуваагаад авсан юм билээ. Засгийн газрын тогтоол дээр маш тодорхой байгаа.
–Авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон нөхдүүдийг олон нийттэй хамт шахаж гаргахад л улс төр цэвэршинэ. Тиймээс өөрсдөөсөө эхлээд үлгэр жишээ үзүүлье.
–Шулуухад хэлэхэд НҮБ-ын зүгээс анхааруулж байгаа өлсгөлөн үнэхээр боллоо гэхэд адаглаад махтай, гурилтай, шатахуунтай байх хэрэгтэй.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0