МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ховд аймгийн Засаг даргын томилгоог өнөөдөр хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга Э.Болормаа 100 хувийн саналаар нэр дэвшихээр болсон байна.
Тэрбээр АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад нь Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхий сайд болоход нь Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа. Түүний аав А.Энхбатыг өнгөрсөн нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилох тухай ярьж байв. Учир нь охин Э.Болормаа нь Ерөнхий сайдын зөвлөх учир ашиг сонирхлын зөрчил үүснэ хэмээн нэрээ татсан гэх. Түүний аав А.Энхбат тус яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын даргаар олон жил ажилласан туршлагатай.
Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан ч өнгөрсөн 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байсан удаагүй. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргааш хуралдаж, аймгийн Засаг даргын томилгоог дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгосон тохиолдолд манай улсын анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0