Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийн хооронд нийт 648.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Одоогоор банкны зээлийн багц 53 зээлдэгчийн нийт 2,8 их наяд төгрөг байна. Зээлийн ангиллаар танилцуулбал, 51.8 хувь буюу 32 зээлдэгчийн нийт 1,488.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтаж байна. Харин 11 зээлдэгчийн нийт 700.5 тэрбум төгрөгийн зээл анхаарал хандуулах ангилалд байгаа бол 11 зээлдэгчийн нийт 668.1 тэрбум төгрөгийн зээл хэвийн ангилалтай байна.
Хөгжлийн банк одоогийн зээлийн багцын 52.3 хувь буюу 23 зээлдэгчийн нийт 1.5 их наяд төгрөгийн зээлийг аж үйлдвэрийг дэмжих зорилгоор олгосон цементийн үйлдвэр, арматурын үйлдвэр, газрын тосны үйлдвэр, барилга барих үйлдвэр, гурилын үйлдвэр, малын гаралтай түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр зэрэг Боловсруулах үйлдвэрийн салбарын санхүүжилтүүд эзэлж байна.
Мөн иргэдийг орон сууцжуулах зорилтын хүрээнд олгосон барилга, дэд бүтцийн салбарт 12 зээлдэгчийн нийт 580 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэл байна.
Эрчим хүчний салбарт дөрвөн төсөлд олгосон нийт 385.2 тэрбум төгрөгийн зээл идэвхтэй байна. Тодруулбал, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК-ийн “Эгийн голын усан цахилгаан станц байгуулах төсөл”, ЭХЯ-ны “Таван толгой дулааны цахилгаан станцын төсөл”, ДЦС-4 ТӨХК-ийн “Суурилагдсан хүчин чадал цахилгаанаар 86 МВт нэмэгдүүлэх төсөл”, “Чойбалсангийн дулааны цахилгаан станц өргөтгөх төсөл” тус тус багтаж байгаа юм.
Нийт зээлийн багцын 10.1 хувь буюу 291.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг уул уурхайн салбарын есөн зээлдэгчид олгосон байна. “Изинис-эйр вэйз” ХХК, “МИАТ” ТӨХК зэрэг Агаарын тээврийн салбарт олгосон зээлийн үлдэгдэл 30 тэрбум байсан бол үүнээс “МИАТ” ТӨХК өнгөрсөн долоо хоногт зээлээ бүрэн төлж дуусгасан юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0