Г.Нэргүй: Яндангийн хамгаалалт хийгээгүйн улмаас гал гарах тохиолдол нэмэгдэж байна
Хуваалцах:
img

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна. Тус аяны хүрээнд өнөөдөр НОБГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй: Ил задгай асгасан үнс нурам болон аюулгүй байдлын шаардлага хангаагүй цахилгаан хэрэгсэл, цахилгаан утаснаас үүдэлтэй ахуйн гал түймрийн дуудлага их байна. Гал түймэр эцэг эхчүүд ажилдаа явсан цагаар буюу өдрийн 11:00, цахилгааны их ачааллын үе буюу оройн 17:00 цаг болон иргэд унтаж амарч байх үед ихэвчлэн гардаг. Мөн цахилгааны хэт ачааллыг ихэсгэж, нэг залгуураас олон цахилгаан хэрэгсэл залгах шалтгаанаас үүдэлтэй гал гарах нь их байна. Монгол гэр өвлийн улиралд 3-5 минутад шатдаг. Яндан төмөр хамгаалалттай байх ёстой. Пийшин зуухны галлагаатай холбоотой яндангийн хамгаалалт хийгээгүйгээс болж халалт үүсэж, гал маш хурдан тардаг. Сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой дуудлага эрс нэмэгдэж байна. 

Мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар Таван толгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөн юм. Тэрбээр:

-"Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын дуудлага өсөх хандлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн. Угаартсан айлуудад шалгалт хийхэд яндан хөөлөөгүй, битүүмжлэл алдсан, стандартын бус зууханд гал галлаж байна. Бороо, цас орсон өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээснээс болж угаартах эрсдэл бий болдог. Иргэд угаарын хийн хордлогод өртөхгүй байх бүрэн боломжтой. Нэн тэргүүнд зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайтар шалгаж, яндангаа хөөлөх, яндангийн залгаа, хэмжээг сайжруулах, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулах хэрэгтэй.

Манай xэрэглэгчдэд үйлчлэх төв айлуудад ялгарч байгаа угаарын хийн мэдээллийг хянаж эхэлснээс хойш угаарын дуудлага 90 орчим хувь буурсан. Хяналтын дэлгэцэд хоногт 20-30 дуудлага ирж байна. Тухайн иргэний амь нас, эрүүл мэндэд ямар нэг байдлаар нөлөөлөхөөс өмнө урьдчилан сэргийлж байгаа учир өнгөрсөн жилийн угаарын хийн хордлогод өртөгсдийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа. Галлагааны улиралд иргэн та өөрийн болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух, яндан, пийшингийн битүүмжийг сайжруулж, угаарын хийн мэдрэгчээ ажиллуулахыг уриалж байна" гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img