Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, энэ сарын 6-ны өдрийн Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Тээврийн салбарын үр өгөөж, үйлчилгээг хүртдэггүй иргэн, аж ахуйн нэгж, айл өрх байхгүй. Хил хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг хангах үүднээс манай тээврийн салбарт олон шинэчлэл, зорилт тавьсны нэг нь өнөөдөр бид бүхний хэрэгжүүлж байгаа энэ ажил юм. Тээврийн салбар аюулгүй, ая тухтай байх ёстой. Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 бодлогын баримт бичгүүдэд ч дээрх зорилт туссан. Агаарын орон зайн шинэ зохион байгуулалт хийж, агаарын замын ашиглалтыг сайжруулж, аюулгүй, ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх зорилт тавьсны нэг хэсэг нь өнөөдөр ийнхүү биелэж байна. Агаарын орон зайгаа ашигтайгаар зөв зохион байгуулах ажлыг эхлүүлсэн та бүхэндээ баярлалаа. Монгол Улсын маань тэнгэр нь цэлмэг байж, хөөрөлт, буулт маань аюулгүй, ая тухтай байгаасай гэж хүсье” хэмээн үйл ажиллагааг нээж үг хэллээ.
Агаарын зайд ашиглагдах агаарын замуудаа шинэчлэснээр Олон Улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын шаардлагын дагуу дээд, доод агаарын замуудыг нэгтгэж, зөвхөн уламжлалт болон үзүүлэлтэд тулгуурласан агаарын замуудтай болж байна. Ингэснээр үндсэн чиглэлүүдэд 33 чиг шулуун агаарын замтай байгаа юм. Мөн үзүүлэлтэд тулгуурласан 10 зам дээр нэмж агаарын хаалгаас агаарын хаалга чиглэлтэй чиг шулуун 6 замыг тогтоож, нийт 16 RNAV5 ангиллын агаарын замтай болсноор агаарын тээвэрлэгч нарт илүү олон, аюулгүй, үр ашигтай чиглэлийг бий болголоо.
Мөн нислэгийн хөдөлгөөний удирдлагын сектор зохион байгуулалтуудыг шинэчилж, 6 секторын 2 нь болох Алтай, Баян сектор процедур удирдлага үзүүлдэг байсныг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, “Баян” секторыг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагад шилжүүлсэн юм.
Дээрх өөрчлөлтүүд нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлж буй GANP буюу дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөний хүрээнд Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжүүлж буй SEAMLESS ATM PLAN-ний агаарын зай маршрутын үзүүлэлтийн шаардлагуудыг шинэчлэх төлөвлөлтийн ажлуудтай уялдуулан ИНЕГ-аас цогцоор нь системтэйгээр хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг юм. Ингэснээр Монгол Улсын агаарын замын 80 хувь нь шинэчлэгдэж байна.
Монгол Улс агаарын зайн багтаамж, үр ашгийг сайжруулснаар 2030 он гэхэд нислэгийн тоо жилд 500.000-д хүрч агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээний орлого өснө. Агаарын навигацийн үйлчилгээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын бодлого, чиг хандлагын дагуу технологид суурилан хөгжиж, бүс нутагтаа тэргүүлэгч улс орнуудын түвшинд хүрнэ. Агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар дээшилж, гадаад ертөнцтэй шууд холбогдох сүлжээг өргөжүүлж, Монгол Улсын гадаад харилцаа, худалдаа идэвхжинэ хэмээн тооцоолж байгаа юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0