3 жил
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа. -Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? -Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг PCR шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргаж байгаа. Мөн гуравдугаар сарын 26-ны УОК-ын 10 дугаар хурлын тэмдэглэлээр Өмнөговь, Дорноговь аймаг руу буяны ажил болон хүнс, шатахуун тээвэрлэлт, хадлан тэжээл, уул уурхайн ээлж солилцохоор зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг УОК-ын Шуурхай штабаас олгоно. Бусад аймгийн хувьд НОК болон аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гаргах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Улаанбаатар хот руу орох иргэдийн хөдөлгөөний хувьд ногоон бүс буюу халдвар илрээгүй бүс нутгаас ирж байгаа бол асуумжаар нэвтрүүлнэ. Өвчлөл бүртгэгдсэн, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэн аймгуудаас иргэдийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Учир нь улаан түвшинд шилжсэн аймгууд PCR-ын шинжилгээ авах лабораторигүй. Харин нийслэлийн ойр орчмын буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийг иргэний үнэмлэхийн гэрийн хаягийг үндэслэж нэвтрүүлнэ. Мөн аж ахуйн нэгжийн байгууллагын ажилчдыг тухайн байгууллагын тусгай зөвшөөрөл буюу ажлын байрны тодорхойлолт, тухайн ажилтны ажлын үнэмлэхийг үндэслэж, асуумжаар нэвтрүүлж байгаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111