Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн өнөөдөр БХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд зэрэг 40 гаруй алба хаагч Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд оролцож Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тангаргийн бичигт гарын үсэг зурсан юм. Мөн энэ үйл явдлын хажуугаар БХЯ-ны зарим ажилтан, алба хаагчдад Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийг гардуулахын сацуу 50-иас дээш насны алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ.
Тус үйл ажиллагааны үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг хэлсэн үгэндээ “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж явахаа тангараглан, төрийн захиргааны албанд анх удаа томилогдон ажиллаж байгаа яамныхаа нийт бие бүрэлдэхүүнд халуун баяр хүргэе.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас Төрийн албан хаагчийн тангараг өргөх ажиллагаа тодорхой хугацаанд явагдаагүй бөгөөд энэ удаа холбогдох журмын дагуу ёслол хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.
Та бүхэн энэ мөчөөс эхлэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуульд захирагдан ард иргэддээ тэгш үйлчилж, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, төрдөө чин үнэнчээр зүтгэж, албан үүргээ шударгаар биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Ташрамд дурдахад батлан хамгаалах салбарын төрийн жинхэнэ албан хаагчид төр, ард түмнийхээ өмнө хоёр удаа тангараг өргөдөг онцлогтой.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0