2 жил
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй" сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал”, “Арьс, шир, мах, сүү бэлтгэх, боловсруулах, нийлүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 300 мянга гаруй байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67 саяд хүрч, сүүлийн 31 жилийн дотор 41 саяар буюу 2.6 дахин өсөөд байна.
Ийнхүү өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ.
Малын тоо, толгой эрс өсөж, малчдын орлого, амьжиргаа, нийгмийн хамгаалал тодорхой хэмжээнд сайжирч байгаа ч нийт малын бэлчээрийн 65 хувь доройтсон, газар нутгийн 77 орчим хувь цөлжсөн, хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг олон сорилт, бэрхшээл малчид, мал аж ахуйн салбарын өмнө тулгарч байна.
Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, геостратегийн хурцадмал байдлаас шалтгаалсан хүнс, эрчим хүчний үнийн өсөлт болон дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлууд нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлөө эрс эрчимжүүлэхийг шаардаж байна. Иймээс тэнгэр, хангайгаа шинжиж, буянт мал сүргийнхээ үр шимийг хүртэж ирсэн монголчууд бид мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гаргах, цогц шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор урган гарч байна" хэмээн онцоллоо.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0