Маргаашийг бүтээхээр эмэгтэйчүүд чуулж байна
Хуваалцах:
img

Бриллиант клуб төрийн бус байгууллага нь өөрийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд Монгол  эмэгтэйчүүд өөрсдийгөө хөгжүүлэх, зөв санал санаачилгад нэгдэх, нийгэм, улс орныхоо төлөө хэрэгтэй мэдлэг мэдээлэлтэй байж, зөв шийдвэр гаргалт, өнөөдрөөс илүү оролцоо, бүтээмжээр маргаашийг бүтээхэд нь  туслах, салбар гишүүдээ идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “МАРГААШИЙГ БҮТЭЭНЭ” үндэсний форум өнөөдөр эхэллээ.

 

Тус төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ё.Нямжав “Энэ удаагийн форумын зорилго нь шийдвэр гаргалт буюу нийгмийг бүтээж байгаа эмэгтэй хүн болгон өнөөдрөөс илүү маргааш зөв шийдвэр гаргаж ахин дэвших боломжийг нэмэгдүүлэх, нийгэм нийтээрээ сайн сайхан байх үндэс суурийг бий болгоход оршино. Манай байгууллага үүсэн байгуулагдахдаа нийгэмд, эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч буй талаар санал асуулга, суурь судалгаа авч түүнийгээ эрэмбэлэн ажилласан.

Судалгаанд оролцсон нийт эмэгтэйчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн санхүүгийн хүндрэл, гэр бүлийн хүчирхийлэл, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжийн нийгмийн харилцаа, эмнэлгүүд хууль бусаар үр хөндөлт хийж эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулдаг гэх мэт асуудлыг хэлж байсан. Уг судалгаанд тулгуурлан эмэгтэйчүүдэд нийгмийн байр суурь, бизнес эрхлэлт, улс төрийн оролцоо сэдвийн хүрээнд орон даяар салбар хороогоо байгуулан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх цуврал чуулган зохион байгуулан ажиллаж байна" гэлээ.

Тус ТББ нь орон даяар салбаруудтай бөгөөд 2014 онд байгуулагдсан цагаас хойш 300 гаруй арга хэмжээг зохион байгуулж, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулганд 4 удаа оролцон, BPW буюу Business and Professional Women олон улсын байгууллагын бүсийн чуулганыг Монголд зохион байгуулж байсан.  Тэдний уламжлан зохион байгуулдаг “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах үндэсний уралдаан олны анхаарлыг татдаг бa 2021 оны үндэсний ялагч Б.Лхамсүрэн Дэлхийн Тэргэнцэртэй Мисс тэмцээнд оролцохоор хэдхэн хоногийн өмнө Мексик улсыг зорьжээ.

“Маргаашийг бүтээнэ” үндэсний форумд хот хөдөөгийн 370 гаруй бүсгүй оролцож байгаа бөгөөд тэд гурван өдөр цагаан, ягаан, ногоон өдрүүд хэмээн өнгөний агуулгаар нэрлэж тухайн өдрийн үйл ажиллагааны зорилгыг илэрхийлэх юм байна.

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img