Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллана
Хуваалцах:
img

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Lan Mercado, Байгаль хамгааллын захирал Alistair Monument, Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Дэлхийн байгаль хамгаалах сан /ДБХС/, Монголын улсын Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хууль эрх зүйг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхэд дэвшилтэт технологийг ашиглах боломжийг олгон дэмжлэг үзүүлж байгаа хийгээд, цоохор ирвэс, бөхөн, аргаль хонь, цагаан зээр зэрэг амьтны зүйлийн хамгаалал, судалгаа шинжилгээ, тусгай хамгаалалттай газрын менежментийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгааг тэмдэглээд, цаашид зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн асуудал, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, зайнаас сургахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мөн Монголын зүүн бүсийн хялганат хээрийг хамгаалах төсөл болон Хар Ямаатын Байгалийн цогцолборт газрын менежментийг хариуцан амжилттай хэрэгжүүлж буйд дэлхийн байгаль хамгаалах сангийн  Монгол дахь хөтөлбөрийн газарт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга талархал илэрхийллээ.

Тус  сангийн зүгээс Монгол орны байгаль хамгаалалд үзүүлэх дэмжлэгээ цаашид нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, шугаман дэд бүтцийн байгууламжид зэрлэг амьтны гарц гарам гаргах шаардлагатай байршлыг тогтоох, байгалийн ухааны чиглэлээр суралцах оюутан судлаачдыг бэлтгэх, байгаль хамгаалалд дэвшилтэт технологи нэвтрүүлэн байгаль хамгаалагчдыг чадавхжуулах, байгалийн нөөцөд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ хэлсэн юм.

Уулзалтад БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга Д.Батмөнх, Амьтан, ургамал байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа нар байлцав хэмээн БОАЖЯ-аас мэдээлэв.

 

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img