Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг өнөөдөр танилцуулав. Санхүүгийн бус үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны болон виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар мэдээлсэн юм.
Гар утасны аппликэйшн ашиглан зээл олгох үйл ажиллагаа явуулдаг 36 аппликэйшн бий. Эдгээрийг финтекийн компаниуд гэж нэрлэдэг. Санхүүгийн зохицуулах хорооноос одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудад кибер аюулгүй байдлын дүгнэлт хийлгэж, дүгнэлтээ арван хоёрдугаар сарын 31-ний дотор явуулах үүрэг өгсөн байна. Мөн ирэх оныг хүртэл шинэ аппликэйшн бүртгэхгүй гэв.
Энэ оны III улирлын байдлаар дээрх 36 компани нийт 346 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Нийт 1.4 сая хүн эдгээр зээлийг авч, нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж хэмжээ 237 мянган төгрөг байна. Харин банкуудаас авсан зээлдэгчдийн зээлийн дундаж хэмжээ 1.6 сая төгрөг байгаа аж.
Нийт зээлийн 82 хувийг финтек команиуд олгосон ч нийт зээлийн үлдэгдлийн 13 хувь нь эдгээр компанид ногджээ. Финтек компаниуд аппликэйшнээрээ дамжуулан иргэдэд хэрэглээний зээл олгодог.
Санхүүгийн зохицуулах хорооноос финтекийн компаниудад 70/30 хувийн өр орлогын харьцаа үзүүлэлтийн дагуу зээл олгох үүрэг өгсөн. Энэ шийдвэр ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Компаниуд програм хангамждаа өөрчлөлт оруулах гэх мэт бэлтгэл базаах тул шийдвэрийг ирэх оноос хэрэгжүүлэх болжээ. Ингэснээр ББСБ-аас олгох финтек зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь зээлдэгчийн нэг сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байх ёстой.
ББСБ-уудад тавих, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах журмыг шинэчилсэн талаар мөн мэдээлэв. Цаашид ББСБ-ууд зээлийн хүүг урьдчилан авахгүй, ашигласан хоногоор л зээлийн хүү бодож төлүүлэх, хэрэглэгчийг дарамтлахгүй байх үүрэг хүлээнэ.
Энэ онд төрийн өмчийн 25 компанийн тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй арилжих Засгийн газрын шийдвэр гарсан. Энэ ажлын бэлтгэлийг хангаж эхэлжээ.
Энэ онд хөрөнгийн зах зээлд нийт 20 шинэ бүтээгдэхүүн гарсан. 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, Төрийн банкны болон Sendly ХК-ийн IPO өндөр үнэтэй санхүүжилтийг энэ зах зээлээс татаж чадсан юм. Гэвч Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иудын нийт үнэлгээ 4.8 их наяд төгрөг болж буурсан байна. ТОП 20 индекс болон нэгдүгээр ангилалд бүртгэлтэй ХК-иудын үнэлгээ 20 орчим хувиар буурчээ. Дэлхийн томоохон инпексүүд 10 хувийн уналттай байна.
Санхүүгийн зохицуулах хороо нийт 9 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэн, дөрвөн компанийн үйл ажиллагаа зогсоожээ. Нэг жилийн өмнө коин, токений арилжаа ихээхэн идэвхтэй байхад өдөрт 1 их наяд төгрөгийн арилжаа хийж байжээ. Харин одоо өдөрт дунджаар 300 тэрбум төгрөгийн арилжаа хийж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0