2 жил
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг өчигдөр хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Худалдаа, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг талууд онцлов. 2023, 2024 оныг Монголд зочлох жилээр зарласан, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг баталсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж буй. Нислэгийн тоог нэмэх, өдөр бүхэн нислэгтэй байх боломжтой. Ингэснээр хоёр улсын аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт талууд санал нэгдлээ.
Орхон, Тамирын хөндийд амралт-судалгаа-аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихээ Ерөнхий сайд илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд танилцуулаад эдгээр чиглэлээр Турк улстай харилцан ашигтай ажиллахад бэлэн байна гэлээ.Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Зафер Атеш талархал илэрхийлээд Турк, Монгол хоёр улс хэл соёлын хувьд ижил төстэй, нийтлэг үнэт зүйл олон бөгөөд энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь юм гэлээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухлыг тэмдэглэв. УИХ-ын даргын Турк Улсад, тус улсын Соёл, аялал жуулчлалын сайдын манай улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Элчин сайд товч танилцуулаад айлчлалаар тохирсон зүйл бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0