2 жил
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өргөдлөө өгснөө мэдэгдсэн.
Түүний Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2021 онд Саудын Арабын Рияд хотод болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулган (Future Investment Initiative)-ы үеэр хэлсэн үгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд цацан, шүүмжлэл өрнүүлсэн юм.
Тэрбээр мэдэгдэлдээ, "NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн. Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.
Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.
Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна.
Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.
Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү. Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ. Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ.
Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно. Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн та бүхэнд баярлалаа" гэсэн байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0