НУ-ын Техас мужид болсон агаарын шоуны үеэр Дэлхийн II дайны үеийн хоёр онгоц мөргөлджээ.
Осолдсон хоёр онгоцонд хэдэн хүн байсан, амьд үлдсэн хүн байгаа эсэх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Дэлхийн II дайны үеийн онгоцнуудын анхны агаарын шоу гэж тодорхойлсон АНУ-ын “Wings Over Dallas Airshow”-ын үеэр гарсан уг ослыг Холбооны Нисэхийн Захиргаанаас мөрдөн шалгаж буй аж.
Мөргөлдсөн хоёр онгоцны нэг нь “Нисдэг цайз” хэмээн нэрлэгддэг Боинг В-17 байжээ.
Ахмад дайчдын баярт хэмээн тодотгосон агаарын шоуг баасан гарагт 4000-6000 мянган хүн үзжээ. Гурван өдөр үргэлжлэх хөтөлбөртэй шоуны үеэр онгоц осолдсонд Даллас хотын дарга Эрик Жонсон эмгэнэл илэрхийлсэн байна.
Тэрбээр “Ослын бичлэгүүд зүрх шимшрүүлж байна. Олон гэр бүлд баяр баясал бэлэглэж, түүхийг танин мэдүүлэх зорилгоор тэнгэрт хөөрсөн тэдгээр эрхмүүдийн дурсгалд зориулж бүгд залбирцгаая” хэмээн твиттер хуудаснаа бичжээ.
В-17 бөмбөгдөгч онгоц дэлхийн II дайнд Германы эсрэг хийсэн агаарын дайнд ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байв. Харин хоёр дахь онгоц болох P-63 Kingcobra нь мөн дэлхийн II дайнд ашиглагдаж байсан сөнөөгч онгоц байжээ.
Эх сурвалж: BBC
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0