Цахим залиланд 35-аас дээш насныхан илүү өртөж байна
Хуваалцах:
img

ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтран цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар болон “Бүү шилжүүл” аяныг 14 хоногийн хугацаанд зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ: 31 мянган гэмт хэрэг бүртгэгдэхэд 10 мянга нь зөвхөн залилах гэмт хэрэг байна. 2021 онтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэргийн тохиолдол өссөн бөгөөд нийт залилах гэмт хэргийн 88,2 хувийг зөвхөн цахим залилан эзэлж байна. Нийт 810 тэрбум төгрөгийн хохирол учирсан ба үүнээс 710 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүлсэн.

Цахим залилагчид өдгөө хөдөө орон нутаг руу анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Мөн сүүлийн үед хуурамч дуудлагын залилан хүч түрж, тэд банкнаас ярьж байна гэх болжээ.

-ЦХХХЯ: ХУУЛИАРАА ИРГЭН ӨӨРИЙНХӨӨ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЁСТОЙ-

Цахим хөгжил, харилцаа холбооны яам: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд иргэний кибер аюулгүй байдлыг үүрэгжүүлж өгсөн. Иргэн өөрийгөө болон асрамжид байгаа иргэний аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой. Манай яам өмнөх жилүүдэд энэ төрлийн аянг дэмжин ажиллаж байсан. Энэ жил ч бас үүрэг хүлээсэн талуудыг холбож өгөх, зохицуулах байдлаар дэмжин ажиллана.

-МОНГОЛБАНК: МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛТЭЙ 4,4 САЯ КАРТААС 2,2 САЯ НЬ ИДЭВХТЭЙ БАЙНА-

“Монголбанк”: Манай байгууллага энэ чиглэлээр санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллаж байгаа. Олон ажил хийж гүйцэтгэсэн. Энэ төрлийн луйвраас сэргийлэх нь иргэний мэдэж байх ёстой санхүүгийн мэдлэгийн нэг. Залилах гэмт хэрэг жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манай улсад 4,4 сая банкны карттай байгаагаас 2,2 сая идэвхтэй ашиглагдаж байна. Иргэд төлбөр тооцоог урьдчилж хийх, картын нууц үгээ алдах, фэйсбүүк руу нэвтрэх нууц үгээ алдах зэргээр аль аль талаараа мэдлэг мэдээлэл багатайгаасаа залиланд өртөж байна. Залилан луйвар бодит хохирол үлдээдэг. Цаашид иргэд амар хялбар аргаар мөнгө олох гэхээсээ илүүтэй мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Эдгээр арга хэмжээг бид хамтран хэрэгжүүлж байгаа хэдий ч хангалттай биш. Харин иргэд мэдлэгээ сайжруулах нь хамгийн сайн хамгаалалт болно.

Энэ төрлийн гэмт хэрэгт 35-аас дээш насны иргэд түлхүү өртөж, дийлэнх фэйсбүүк хаягаа алдсантай холбоотой. Цахим хаягийн нууц үг бол таны гэрийн түлхүүр гэсэн үг. Гэрийн түлхүүрээ хэн дуртайд нь өгч болохгүйтэй адил хариуцлагатай бай гэж ЦЕГ-аас анхаарууллаа.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img