Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Хуваалцах:
img

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны 11 дүгээр ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны эхний хэсгийн бие бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр эх орондоо ирлээ.

Даян дэлхийн энх амгалангийн үйлсэд 12 сарын хугацаанд зүтгэж, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" хэмээх туйлын хариуцлагатай нэр хүндийг өндөрт өргөсөн шилдэг энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нар угтсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойших өнгөрсөн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор 20000 гаруй цэргийн алба хаагчид дэлхийн "халуун цэг"-т үүрэг гүйцэтгэж, НҮБ-ын удирдлага болон олон улсын төр, засгийн тэргүүн, цэргийн зүтгэлтнүүдээс дээрх нэр хүндийг хүлээсэн нь бидний бахархал юм.

Ийнхүү БНӨСУ-д үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн мотобуудлагын батальоны тэргүүн ээлжийн бүрэлдэхүүнийг угтан авах үеэр ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг хэлсэн үгэндээ "Юуны өмнө цагийн байдлын, цар тахлын болон цаг агаарын хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, монгол төр, цэргийн дээд удирдлагаас хүлээлгэсэн итгэл, хүндлэлийг амжилттай биелүүлж ирсэн Та бүхэнд баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага Та бүхэнтэй байнгын холбоотой байж, цахим хуралдааныг тогтмол хийж, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн, албан үүргээ алдаа мадаггүй биелүүлэх бүхий л боломжийг бүрдүүлж ажиллалаа. Та бүхэн ажиллагааны газар оронд хүнд нөхцөлд энхийг сахиулах ариун үүргээ бие даан үүргээ амжилт дүүрэн гүйцэтгэхийн зэрэгцээ эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсаар ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхэн ажиллагааны газар олж авсан дадлага, туршлага, ур чадвараа улам бүр хөгжүүлэн, бусдадаа үлгэр жишээ үзүүлж ажиллана гэдэгт итгэл төгс байна. Ялангуяа ЗХЖШ-аас ирэх сургуулийн жилийг "Залуу офицеруудын манлайллын жил" болгон бодит ажлуудыг хэрэгжүүлж буй түүхэн цаг үед Та бүхний манлайлал юу юунаас чухал болохыг онцгойлон анхааруулъя. Энхийг сахиулагчид минь Эх орондоо тавтай морил" гэдгийг онцоллоо.

Тийм ээ! Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхий дахинд цуурайтуулж, "Монгол цэрэг-Дэлхийн цэрэг" хэмээх брэнд хүндлэлийг өндөрт өргөсөн шилдэг энхийг сахиулагчид Та бүхэн минь ЭХ ОРОН, ААВ, ЭЭЖ, АХАН ДҮҮС, ХАЙРТ ХАНЬ, ҮР ХҮҮХДҮҮД, АНД НӨХӨД, АНГИ, САЛБАРЫН ХАМТ ОЛОНДОО ТАВТАЙ МОРИЛ хэмээх ерөөлийн үгээр эрхэм Та бүхнийгээ угтъя.

Мөн энэ өдрийн үдэш Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны12 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэх хурандаа Н.Эрдэнэбаяр захирагчтай мотобуудлагын батальоны эхний цуврааны бүрэлдэхүүн тус улсыг зорилоо. Тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг, Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга дэд хурандаа Б.Энхцаг нарын албаны бүрэлдэхүүн хүндэтгэн үдэж, энхийн үйлсэд нь арвин их амжилтыг ерөөсөн юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img