Г.БОЛОР: ИРЭХ ЗУУНЫХАА ӨНГӨ ТӨРХИЙГ ЗӨВ ТОДОРХОЙЛОХООР ХИЧЭЭНГҮЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Хуваалцах:
img

ЗХЖШ-ын СБГ-ын дарга бригадын генерал Г.Болортой тус газрын 100 жилийн ойн хүрээнд ярилцлаа. Таны хувьд ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар томилогдоод багагүй хугацааг үдлээ. Ажлаа юунаас эхэлсэн хийгээд ер нь ямар бодлого барьж ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхэлье...

-Юуны өмнө цэргийн сургалт бэлтгэлийн төлөө залуу насныхаа эрч хүч, хичээл зүтгэлээ зориулан өдгөө гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмад буурлууд болон энэхүү албанд хүчин зүтгэж байсан генерал, офицер, ахлагч нартаа одоо ажиллаж байгаа газрын хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Миний бие Зэвсэгт хүчний тайван цагийн үндсэн хөдөлмөр болсон цэргийн сургалт, бэлтгэлийг удирдан чиглүүлэх өндөр хариуцлагыг хүлээсэн ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар томилогдсон нь өөрийгөө бүх талаар дайчилж, бусдадаа үлгэрлэгч, манлайлагч байх зайлшгүй шаардлагатайг надад ухамсарлуулсан юм.

Энэ ч утгаараа энэхүү албанд томилогдоод хамгийн түрүүнд дэлхийн тэргүүлэгч улс, орнуудын Зэвсэгт хүчинд нэвтэрсэн манлайллын номлолыг өөрийн орны хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох зорилт тавин ажиллаж байна.

Цаашид удирдах албан тушаалтнууд төдийгүй бүх шатны захирагч, дарга нарын албандаа хандах хандлага, ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт, бэлтгэлийг цаасан дээр бус бодит байдалд ойртуулсан нөхцөлд, чанартай, үр дүнтэй явуулахад онцгой анхаарч ажиллах нь бодлого гэж хэлж болохоор бидний зорилт байх болно.

ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Эл түүхийг эргэн сөхвөл...

-Анх 1921 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн МАН-ын Төв хороо, цэргийн штабын гишүүдийн хамтарсан хурлаар “Ардын цэргийн улс төр, байлдааны бэлтгэл болон ойрын үед боловсруулах байлдааны төлөвлөгөө” зэрэг чухал зорилтуудыг хэлэлцсэний зэрэгцээ “... Цэргийн явуулгааны /байлдааны/ ангийн эрхлэгч”-ээр Ялгуунбаатар хэмээх Лаварын Сумъяаг томилж, улмаар түүнийг Ардын төр, Засгийн газрын шийдвэрээр 1921 оны 3 дугаар сарын 14-нд “Журамт цэргийн дэд жанжин”-аар томилсон нь ЦЯЯ-ны Байлдааны бэлтгэлийн хэлтэс байгуулагдах хүртэл цэргийн сургалтын ажлыг эрхлэн гүйцэтгэж байв.

Түүнчлэн 1922 онд Бүх цэргийн зөвлөлийн “Хязгаарын ба нутгийн цэргийн бүх ангиуд цэргийн хэрэгт хэрхэн суралцаж байгаа байдлыг шалган байцааж, заавар зөвлөгөө өгч байх асуудлыг хариуцсан байцаах түшмэл”-ийн орон тоог батлан мөн оны 11 дүгээр сарын 20-нд энэхүү орон тоонд бэйс Х.Чойбалсанг тохоон томилж харьяат түшмэлийн дагаж шийтгэх дүрэм, журмыг тогтоон, батлан гаргаснаар шинэ цагийн Зэвсэгт хүчний цэргийн сургалтын алба буюу одоогийн ЗХЖШ-ын “Сургалт бэлтгэлийн газар”-ын үндэс суурь тавигдсан түүхтэй. Манай газар нэгэн зууны түүхэн цаг хугацаанд буюу 1922-1924 онд Цэргийн байдлыг шалган байцаах түшмэл, 1924-1929 онд Цэргийг бэлтгэн боловсруулах жагсаалын хэлтэс, 1929-1932 онд Цэргийг байцаах боловсруулах хэлтэс, 1932-1954 онд Байлдааны бэлтгэлийн хэлтэс, 1954-1959 онд Байлдааны бэлтгэл тасаг, 1959-1964 онд Байлдааны ба байлдааны бэлтгэл хэлтэс, 1964-1978 онд Байлдааны бэлтгэлийн хэлтэс, 1979-1988 онд Байлдааны бэлтгэлийг удирдах газар, 1988-1997 онд Байлдааны бэлтгэлийн хэлтэс, 1997-2002 онд Сургалтын хэлтэс, 2002-2006 онд Цэргийн сургалт, хүмүүжлийн хэлтэс, 2006-2009 онд Сургалтын бодлогын хэлтэс, 2009-2010 онд Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтэс, 2010-2020 онд Сургалтын хэлтэс, 2020-2022 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтэс, 2022 оноос ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хугацаанд Цэргийн сургалтын албаны эгнээнээс Ялгуунбаатар хэмээх Лаварын Сумъяа, Маршал Х.Чойбалсан, хошууч генерал Д.Дамдинхүү, Ц.Галсан, дэслэгч генерал Л.Моломжамц, хурандаа Д.Доржготов, Д.Гомбоо, хошууч генерал Б.Магсар, М.Борбаатар, Р.Сүхбат, бригадын генерал Д.Бямбадорж, О.Наран-Очир, Х.Даваацэрэн, Б.Баасандамба, хурандаа П.Жаргалсайхан, Д.Дугаррагчаа, Ш.Гантулга, МУГД хурандаа Д.Цог-Эрдэнэ зэрэг үе үеийн газар, хэлтэс, тасгийн дарга генерал, хурандаа нар болон эрдэмтэн доктор, алдар гавьяатнууд төрөн гарсан бахархам түүхтэй билээ.

Та бүхэн 100 жилийн ойн хүрээнд ямар онцлог ажлуудыг өрнүүлж байна вэ?

-Тэмдэглэлт ойн хүрээнд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд цэргийн сургалтын албаны түүхэн хөгжил, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшилд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлыг сурталчлах, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашдын хөгжлийн үндэс, бодлогыг тодорхойлох зорилгоор Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, баримтат кино, түүхийн ном, сурах бичиг, бодлогын болон төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, арга зүйн цугларалт, хэлэлцүүлгээс гадна ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн болон нэгтгэл, анги, салбарууд руу чиглэсэн ажил, спортын нөхөрсөг уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг төлөвлөөд байна.

Түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын сэтгэл зүйчдийн “Сэтгэл зүй ба бидний манлайлал” чуулга уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан. Дээрх ажил, арга хэмжээг хэрэгжүүлснээр цэргийн сургалт бэлтгэлийн нэгэн зууны үр дүнг мөнхжүүлж, шинэ зууны шинэ түүхийн эхлэлийг тавих чухал ач холбогдолтой юм.

Ямар үндэслэлээр Сургалтын бодлого зохицуулалтын хэлтсийг Сургалт бэлтгэлийн газар болгон өргөтгөсөн талаар мэдээлэл өгнө үү?

-Төрөөс батлан хамгаалах талаар баримталж буй бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүргийн цар хүрээ нэмэгдэж, төрөл мэргэжлийн цэргийн гүйцэтгэх үүргийн ялгаа зааг тодорхой болж, нэгдсэн ажиллагаа бэхжиж байна шүү дээ. Энэ нь Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, агуулгыг шинэчлэх, харилцан уялдааг зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, Зэвсэгт хүчний стратеги болон урт, дунд хугацааны төлөвлөлттэй уялдуулах хэрэгцээ, шаардлагыг нэмэгдүүлснээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар Сургалт бэлтгэлийн газар болон өргөжиж, чиг үүрэг нь тодорхойлогдсон.

Танай газрын үндсэн зорилго, зорилт юунд чиглэгдэж байгаа вэ?

-Манай газар гурван хэлтэс, нэг тасагтайгаар Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн бодлогыг тодорхойлж, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, цэргийн сургалт бэлтгэл, суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, зохицуулах, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын гүйцэтгэх үүргийн чадавхыг дээшлүүлэх, бэлэн байдал, дайчилгааны бэлтгэлийг хангах, орон нутгийн цэрэг, томилгоот нэгжүүдийн болон бүх нийтийг цэргийн хэрэгт сургаж бэлтгэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэд, хүүхэд, залууст цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд тус тус дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг баримтлан ажиллаж байна.

Цаашид Зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн 2.4.1-т заасан “Монгол Улс мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бэхжүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд Зэвсэгт хүчний урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн хөгжүүлж, бэхжүүлнэ.

Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэхэд тус газрын гүйцэтгэх үүрэг хамгийн чухал гэж харж байна. Энэ тухайд тодруулбал...

-Тайван цагт Зэвсэгт хүчний үндсэн хөдөлмөр бол цэргийн сургалт бэлтгэл хэмээн үе үеийн цэргийн дарга нар сургаж, ярьж ирсэн. Энэ утгаараа бие бүрэлдэхүүний цэргийн хэргийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилттэй болгох асуудал хамгийн чухал юм. Иймд эхний ээлжид удирдлагын манлайллыг нутагшуулах, удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг улам боловсронгуй болгох, мөрдөгдөж байгаа байлдааны дүрэм, заавар, нормативын хэрэгжилтийг хангах, сургалтын стандартыг үндэслэлтэй боловсруулж хэрэгжилтийг хангах, ном, сурах бичиг, гарын авлагыг шинэчлэх, шинээр боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг баазыг дээшлүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийг нэгтгэл, анги, салбарууд өдөр тутмын үйл ажиллагааны үндсэн агуулга болгох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

Цэргийн сургалт бэлтгэл нь тасралтгүй явагдаж байх учиртай. Цэргийн сургалт бэлтгэлийн ерөнхий журам, зааварт заасан хичээлийн өдрийг зөвхөн сургалтын цаг гэж ойлгож, түүгээр хязгаарлан бусад өдөр тутмын үйл ажиллагаа, долоо хоногийн товч дахь арга хэмжээнүүдийг сургалтаас салангид авч үзэж байна. Хэдийгээр анги, байгууллагад цаг улирлын байдлаас шалтгаалсан олон ажил, үүрэг, арга хэмжээ явагддаг ч энэ бүхнээс цэргийн сургалт бэлтгэл тусдаа явагдах учиргүй юм.

Хамгийн ойрын жишээ бол анги, байгууллагын долоо хоногийн товчид тусгагддаг ажил, арга хэмжээ нь сургалтын нэгэн арга хэлбэр гэдгийг санаж сургалтын үйл ажиллагааны нэгдлийг хангах нь чухал байна. Сургалтын зорилго нь цэргийн алба хаагчдад мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлэхээс гадна ачаалал даах чадвар, тэсвэр хатуужил, хүнд нөхцөлд өөрийгөө удирдах, сэтгэл санаагаа тогтворжуулах зэрэг сэтгэл зүйн эерэг чанаруудыг суулгадаг. Дээрхээс үзэхэд цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдал нь зөвхөн сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудаас хамаарахгүй бүх шатны захирагч, дарга нарын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаанаас шалтгаалж байна.

Сургалт бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл нь харилцан бие биеэ нөхөж байдаг нэг зорилгын хоёр тал гэж ойлгож болох юм. Хаана сургалт явагдаж байна тэнд давхар сэтгэл зүйн бэлтгэл явагдаж байдаг. Мэдлэг мэргэжил, бие бялдар, сэтгэл зүйн хувьд сайтар бэлтгэгдсэн цэргийн алба хаагчид бол сургалтын үр дүн билээ. Тэгэхээр сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх үйл явц нь цэргийн сургалт бэлтгэлийн үр дүнтэй салшгүй холбоотой. Үүнд гол нөлөө үзүүлэх хүчин зүйлийн нэг бол сургалтын материаллаг баазыг бүрдүүлж, байнга сайжруулах юм.

Сургалтын материаллаг бааз, тэр тусмаа салбар, нэгжийн жигдрэлтийг хангах материаллаг баазыг сайжруулах нь Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Энэ тухайд...

-Бид сургалтын материаллаг баазыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгаа боловч анги, байгууллага, салбар, нэгжүүдийг байлдааны болон тайван цагийн гүйцэтгэх үүрэгт нь сургахад чиглэсэн дадлагын болон сургалтын хотхон, саадын зурвасууд, түүнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж дутагдаж байна. Дадлагын хотхон, саадын зурвасыг байгуулаад орхих биш тэдгээрийн байнгын ажиллагааг хангаж, цэргийн алба хаагчид, салбар, нэгжүүдийг байлдааны үүрэгт нь сургах, төрөл бүрийн норматив хийх, мэргэжил, ур чадвараараа өрсөлдөх чухал талбар болгон хөгжүүлж, цаашид сайжруулж, улам боловсронгуй болгох нь бидний ойрын үеийн зорилтыг нэг юм.

Цэргийн алба хаагчдын ур чадвар, ёс суртахуун, ажлын хариуцлага, аливаад хандах хандлага зэрэгт өнөөдөр нэлээд өндөр шаардлага тавигдах болсон. Тийм ч учраас ялангуяа удирдах түвшний офицер, ахлагч нарын мэдлэг дадлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн ямар бодлого баримталж байна вэ?

-Орчин үед тусгай ажиллагаанд учирч болох аливаа хүндрэл бэрхшээл, хямралыг богино хугацаанд эрсдэл багатай даван туулахад бие бүрэлдэхүүнийхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сэтгэл санааг тогтвортой байлгах замаар тавигдсан үүргээ амжилттай биелүүлэхэд удирдагчийн манлайлал, бүх шатны захирагч, дарга нарын ажлын хариуцлага, хандлага чухал байр эзлэх болсон.

Иймд цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, удирдах албан тушаалтнуудын сэтгэлгээ, хүнтэй ажиллах арга барилыг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтыг “Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний манлайлал цэргийн сургалт бэлтгэлд нөлөөлөх нь” сэдвээр зохион байгуулж, манлайллын дүрэм, номлол боловсруулах ажлыг эхлүүлэн, Зэвсэгт хүчний 2022-2023 оны сургуулийн жилийг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон зарлаж, цэргийн сургалт, сэтгэл зүйн бэлтгэлийн харилцан хамаарлыг хангахад онцгой анхааран ажиллаж байна.

Байгууллагын соёлыг бий болгох, дэвшүүлсэн зорилгодоо хүрэхэд манлайлал чухал үүрэгтэй тул зөвхөн удирдлагын түвшинд бус байгууллагын бүх түвшинд манлайллыг хөгжүүлэх, ялангуяа өндөр хөгжилтэй орнуудын цэргийн нэгдмэл удирдлагадаа хэрэглэж буй тактик, оператив, стратегийн түвшний манлайллыг судлан нэвтрүүлэх нь ихээхэн үр дүнтэй юм. Иймээс бидний баримтлах нэг бодлого бол бүх шатны захирагч, дарга нарын манлайллыг сургалт бэлтгэл болон өдөр тутмын бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлснээр бие бүрэлдэхүүний албандаа хандах хандлага, ажлын хариуцлагыг дээшлүүлэх гэж ойлгож болно.

Бусад улс, орнуудын цэргийн алба хаагчдын сургалт, бэлтгэлийн онцлог давуу тал хийгээд тэдгээрээс эх орныхоо хөрсөнд буулгачих ямар арга хэлбэрүүд байна вэ?

-Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад харилцаа хөгжихийн хэрээр АНУ, ОХУ, ХБНГУ, БНХАУ, БНЭУ, Канад, Япон гэх зэрэг олон оронтой хамтран цэргийн сургалт, дадлага, хээрийн сургуулиудыг зохион байгуулахаас гадна НҮБ-ын “Дэлхийн энхийн санаачилга байгууллага”-тай хамтран энхийн ажиллагааны сургалтуудыг өөрийн эх орондоо явуулж эхэлснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний мэргэжлийн чадавх нэмэгдэж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц чадварлаг Зэвсэгт хүчнийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Эдгээр сургалтуудаас онцолбол, “Хааны эрэлд”, “Хаан шонхор”, “Говийн чоно”, “Энхийн хавар”, “Энхийн зун”, “Баланс мэйжик”, “Нүүдэлчин заан”, “Уулын явган цэрэг”, “Уулын арслан”, “Иргэн-цэрэг” зэрэг сургалт, дадлагууд, “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль, “Зам” сургалт зэрэг ОХУ, АНУ, Герман, Хятад, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй улс оронтой хамтарсан сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулж байгаа нь цэргийн сургалт бэлтгэлд эергээр нөлөөлж байна.

Түүнчлэн сургалт, бэлтгэлээс гадна “Торгоны зам” олон улсын авто ралли уралдааныг эх орондоо зохион байгуулж, “Цэргийн наадам”-ын хүрээнд олон улсын “Аравт” цэргийн морин уралдаан, “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Инженерийн формула”, “Хээрийн гал тогоо”, “Цэргийн соёл урлаг” зэрэг олон улсын тэмцээнүүдэд манай баг, тамирчид өндөр амжилт үзүүлж Зэвсэгт хүчнийхээ сүр хүч, цог золбоог олон улсад таниулж байгаа нь бахархам амжилт юм.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах нь өнөөдөр тулгамдсан асуудал болж байна. Энэ талаар цаашид ямар ажил хэрэгжүүлэх бодолтой байна вэ?

-Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл, бие бүрэлдэхүүний ажлын ачаалал, гэр бүлийн зөрчилдөөнт харилцаа, нийгмийн хамгааллын харилцан адилгүй байдал, дэлхий нийтийг хамарсан цар тахал зэрэг тулгамдсан асуудлаас шалтгаалан бие бүрэлдэхүүний дунд стресс, бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдал бий болж, гэмт хэрэг, сахилгын зөрчил гарах, албаны үйл ажиллагаа доголдох үндэс суурь болж байна. Сүүлийн үеийн дайн, зэвсэгт мөргөлдөөний туршлага, сургамжаас үзэхэд цэргийн алба хаагчдын ёс суртахуун, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дээшлүүлэх шаардлага улам бүр өсөн нэмэгдсээр байна.

Хүний сэтгэл зүйд нөлөөлөх гадаад, дотоод бүх хүчин зүйлүүдийг тооцсоны үндсэн дээр сэтгэл зүйн ажлын зорилго, агуулга, мөн чанар тодорхойлогддог тул бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн асуудал бол сэтгэл зүйчдээс гадна бүх шатны захирагч, дарга нарт хамааралтай юм. Үүнээс үзэхэд цэргийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, онцлогт нийцсэн, өнөөгийн цаг үетэй тохирсон сэтгэл зүйн хангалтын цогц системийг бий болгох шаардлага урган гарч байна.

Төрт ёсны баялаг уламжлалтай, нүүдлийн болон суурин соёл иргэншил хосолсон, геополитикийн өвөрмөц байршил бүхий өргөн уудам нутаг дэвсгэртэй, бүл цөөн монголчуудын сэтгэл зүйн онцлогийг судлах судалгаа шинжилгээний ажил хийх, түүнд тохирсон сэтгэл зүйн ажлын арга, хэлбэрүүдийг гаргаж, заавар, дүрэм боловсруулах ажил хүлээгдэж байна. Иймээс ойрын хугацаанд цэргийн сэтгэл зүйн ном гарын авлага гаргах, сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг (сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө, судалгаа)-ийг Зэвсэгт хүчний ангиудад томилон ажиллуулах, сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-тай хамтран ажиллах, сэтгэл зүйн аплекейшн бүтээх, цэргийн сэтгэл зүйч мэргэжлээр АНУ, ОХУ, Япон, Герман зэрэг улсад мэргэжилтэн бэлтгэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай сэтгэл зүйн асуудлаар хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, харилцан туршлага солилцох, суралцах, хөгжих зэрэг бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Цаашид Сэтгэл зүйн сургалт, судалгааны төв байгуулах, бие даасан сэтгэл зүйн хэлтэстэй болох, сэтгэл зүйн байнгын хөдөлгөөнт бүлэгтэй болохыг үгүйсгэхгүй.

-Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе. Миний хөндөөгүй асуулт бий байх...

-Баярлалаа. Хэдийгээр манай улсад олон байгууллага 100 жилийн ойгоо хийж буй ч зарим нь зөвхөн дурсах, тэмдэглэх төдийгөөр өнгөрүүлж байгаа тал харагддаг. Бидний хувьд хоёр зууны солбицол дээр энэхүү албыг хаших хувь тохиосон азтай хүмүүс бөгөөд энэ ойгоо тэмдэглэн өнгөрөөхийн сацуу өнгөрсөн зууныхаа үйл ажиллагаанд дүгнэлт хийж алдаа, оноог нь хэлэлцэж, ирэх зууныхаа өнгө төрхийг зөв тодорхойлох талаар хичээнгүйлэн ажиллаж байна. Зэвсэгт хүчинд алба хааж туурга тусгаар Монгол Улсынхаа батлан хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж байгаа бүх хүнд чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Монгол цэргийн өлмий бат оршиг.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img