Д.Ганхуяг: МАНАЙ ЭРДЭМТДИЙН БҮТЭЭЛҮҮД ОЛОН УЛСАД ТЭРГҮҮЛЭХ ТҮВШИНД ХҮРСЭН
Хуваалцах:
img

Ахисан түвшний сургалтын алба үүсэн байгуулагдаж, цэргийн эрдэмтдийг Монгол Улс дотооддоо бэлтгэж эхэлсний 30 жилийн ойд зориулсан баярын хурлын үйл ажиллагаа ЦДБЭЧ-ын их танхимд ёслол төгөлдөр болж байна.

Эл хуралд ҮБХИС-ийн үе үеийн эрдмийн хамт олон, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн болон хууль сахиулан байгууллага, төрийн алба, хувийн хэвшилд ажиллаж байгаа доктор, профессор болон ахмад эрдэмтэд хүрэлцэн иржээ.

Энэ үеэр БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг хэлсэн үгэндээ эрдэм шинжилгээний ажлыг амжилттай явуулах гол хүчин зүйл болсон цэргийн эрдэмтдийг 1990-ээд оноос хойших 30 жилийн хугацаанд дотооддоо бэлтгэх болсон нь Батлан хамгаалах салбарт цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд гарсан томоохон ахиц дэвшил болсныг онцлов. Түүнчлэн эдүгээ цэргийн шинжлэх ухаан тэр дундаа аюулгүй байдал, цэргийн түүх, зэвсэг, техник, инновацын зарим чиглэлээр манай эрдэмтдийн судалгаа хөгжүүлэлтийн ажил дотоодод төдийгүй олон улсын хэмжээнд тэргүүлэн өрсөлдөхүйц түвшинд хүрч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар буйд чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийллээ.

Үргэлжлүүлэн хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд 2022 оны Батлан хамгаалахын сайдын нэрэмжит Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийг танилцуулсан бөгөөд идэвх зүтгэл, боловсролын салбарт оруулсан хувь нэмрээрээ манлайлсан зарим эрдэм шинжилгээний тэргүүний төв, эрдэм шинжилгээний ажилтнуудыг салбарын шагналаар шагнаж урамшуулсан юм. Ахисан түвшний сургалтын алба нь үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэлх хугацаанд 8 удаа бүтцийн өөрчлөлтөд орж байсан боловч үндсэн үүргээ цалгардуулалгүй биелүүлэн ажилласаар иржээ.

Тухайлбал Ахисан түвшний сургалтын алба нь өнөөдрийн байдлаар “Цэргийн шинжлэх ухаан”, “Батлан хамгаалах судлал”, “Аюулгүй байдал судлал” гэсэн гурван чиглэлээр докторын, “Цэргийн шинжлэх ухаан”, “Батлан хамгаалах судлал”, “Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт”, “Хуурай замын цэргийн сургалт”, “Агаарын цэргийн сургалт”, “Аюулгүй байдал судлал”, ”Төрийн удирдлага” гэсэн долоон чиглэлээр магистрын түвшинд боловсрол сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд гэхэд 570 гаруй магистрант, докторантуудыг ахисан түвшний сургалтад хамруулан сурган бэлтгэж байгаа аж.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img