Малын гүзээнд 162 тарвага нууж, хот руу оруулах гэж байсныг илрүүлжээ
Хуваалцах:
img

 Нийслэл рүү их хэмжээний хөлдөөсөн тарвага оруулах гэж байсныг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун туруун” дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгаас ирсэн ачааны авто машины тээшинд малын гүзээнд нуусан 162 ширхэг хөлдөөсөн тарвага байсныг илрүүлж, “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өгсөн байна. 

 

    Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

     Иймд иргэн та агнахыг хориглосон ан амьтны гаралтай түүхий эд зүйлийг бусдаас худалдан авахгүй, хадгалахгүй, бусдад худалдахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img