68 иргэний аюулгүй байдлыг авран хамгаалжээ
Хуваалцах:
img

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн хоногийн хугацаанд цасанд суусан таван дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу Налайх, Багануур, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, найман хүүхэд, 60 том хүнийг осгох, хөлдөх аюулаас авран хамгаалж, 10 автомашиныг цаснаас татан гаргалаа. Тухайлбал, Багануур дүүргийн хоёрдугаар хороо Нарийны ам хэмээх газарт их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүссэн нөхцөл байдалтай, Портер болон Приус-30 маркийн автомашинуудын шатахуун дууссан, цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 17:50 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 22-48 насны гурван том хүн, 0-13 насны таван хүүхэд осголтын байдалтай байсныг аюулгүй газар руу шуурхай тээвэрлэн хүргэсэн.

 Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд автомашин цасанд суусан гэх дуудлагыг 21:29 цагт ирүүлснээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход Nissan Muso загварын автомашин цасанд суусан байдалтай 20-36 насны гурван иргэн, нэг настай хүүхэд байсныг бөгөөд автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.

Төв аймгийн Эрдэнэ сумын мэргэн Таньюкийн хөшөөнөөс урагшаа зэвсгийн агуулахаас урд зүгт 1.2 км-т “Toyota aqua” загварын авто машин цасанд суусан, нялх хүүхэдтэй явж байна гэсэн дуудлагыг 21:40 цагт ирүүлснээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр хүүхэд, гурван том хүн осголтын байдалтай байсныг аюулгүй байдлыг ханган, Налайх дүүрэг рүү зөөвөрлөсөн.

Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөр жанчивлангийн харалдаа 2 автобус 100 иргэн цасанд суусан байна гэсэн дуудлагыг 21:05 цагт ирүүлснээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход Улаанбаатар хотоос Төв аймаг Эрдэнэ суманд байрлах Өвөр жанчивлангийн сувилал руу явж байсан суудлын автобустай 49 иргэн, Starex, Ниссан патрол, Ланд-200, Rx-350 автомашинууд цасанд суусан байсныг татан гаргаж, 49 иргэнийг тээвэрлэн сувиллын байрлалд хүргэж, аюулгүй байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img