Дэлхий дахины бизнес эрхлэгчид, аялагчдын удаан хүлээсэн зүйл бол Хятад улс хилээ нээх байлаа. Тэгвэл Хятад улс ирэх оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гаднаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авахгүй бөгөөд нэгдсэн хорио цээрийн дэглэмийг цуцлах болов. Мөн олон улсын зорчигч тээврийн тоог хянах арга хэмжээг цуцлана.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо өчигдөр /2022.12.26/ Covid-19-ийн албан ёсны нэршлийг “Шинэ коронавирусын уушгины хатгалгаа” буюу В ангиллын халдварт өвчин гэж мэдэгдэв. Ингэснээр Covid-19-ийн тохиолдлуудад В ангиллын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг авах болсон нь энэ юм. Covid-19 өмнө нь ялгаагүй В ангилалд тооцогдож байсан ч гэсэн хүнээс хүнд халдварладаг, хор хөнөөлтэй гэж үзсэн тул А ангиллын халдварт өвчний арга хэмжээнүүдийг авдаг байжээ.
Мөн Хилийн эрүүл мэнд, хорио цээрийн тухай хуульд заасны дагуу Covid-19 халдварыг хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагатай халдварт өвчинд тооцохгүй болов.
В ангиллын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг доор сийрүүлбэл:
Хятад руу ирэх жуулчид тус улсын Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй болсон. Гэхдээ 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэдэг нь хэвээрээ байна. Мөн Хятадад ажиллаж, суралцдаг гэх мэт гадаадын иргэдийн зохицуулалтыг цаашид илүү оновчтой болгож, визний нөхцлөөр хангах юм.
Зорчигч тээврийн усан болон хуурай замын боомтоор орж гарах үйл явцыг үе шаттайгаар сэргээнэ. Үндсэндээ олон улсын халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан, бүх салбарын үйлчилгээг дэмжихийн тулд аялал жуулчлалыг эрэмбэ дараатай сэргээх аж. Тус улсад Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш даруй гурван жилийн дараа хамгийн анхны шийдвэртэй алхам хийсэн нь энэ сарын 7-ны өдөр гаргасан хязгаарлалтын шинэ журмууд байсан. “QR” кодын хяналт, бүх нийтийн шинжилгээ зэргийг цуцалсан нийт 10 багц журмыг танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эх сурвалж: CHINA BRIEFING
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0