Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан МАН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ялалт байгуулсан нэр дэвшигч ард иргэдэд хандан үг хэллээ. Тэрээр, "Монголынхоо нийт ард түмэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Үүнийг би асар их хариуцлага гэж ойлгож байгаа. Эхлүүлсэн ажлуудаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх, Монголын ард түмэн Монголын төр засгийг тогтвортой ажиллаасай, улс орондоо их зүйл хийж бүтээгээсэй, эх орондоо их зүйл хийгээрэй гэсэн итгэл найдварыг үзүүлж, энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө гэж ойлгож байна.
Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө, улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө, үр хүүхэд, ирээдүй хойчдоо сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэнэ.
Түүнчлэн нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа талархаж байгаагаа илэрхийлье. Хоёр нөхөртөө улс төрийн ажилд нь амжилт, гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол Улсын төлөө зүтгэе" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111