Р.Раш: Төмөр замаа хурдан тавьж чадвал “Нүүрсний хулгай” байхгүй болно
Хуваалцах:
img

Ч.АРИУН 

АИХ-ын анхны депутатуудын нэг, УИХ-ын гишүүнээр ажиллаж,  ЗТАЖ-ын сайдын албыг хашиж явсан, өргөн олныхоо дунд  “Төмөр замын” хэмээн ажиллаж байсан салбараараа овоглогдон хүндлэгдэж ирсэн Р.Раштай ярилцлаа. 

-1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхт  31 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Танд баярын мэнд  хүргэе. Тэр үеийн түүхийг эргэн дурсахгүй юу? 
-Би  төмөр замд ажиллаж байгаад  тэндээсээ АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгуульд  нэр дэвшиж АИХ-ын депутат болсон  хүн шүү дээ. Манай аав АИХ-ын 1951 оны анхны депутат байлаа. Би 12 дахь удаагийн сонгуульд нэр дэвшиж, төмөр замынхаа  тойргоос  сонгогдсон.  Улсын Бага хурлаас шинэ  Үндсэн хуулийн төслийг боловсруулан 1991 оны намар АИХ-д өргөн барьж байлаа. Хэлэлцүүлэг бол орон даяар бүх шатанд  явагдсан. Ингээд  1992 оны нэгдүгээр сарын 13-нд АИХ-аар ардчилсан шинэ Үндсэн хуулиа   баталж байлаа.
-Одоо Үндсэн хуулиа өөрчлөх тухай яригдаж байна. Та  “Хоёр танхимтай парламент байсан нь дээр гэж боддог”  гэж хэвлэлд ярьсан байна лээ? 
 -Тийм. Ер нь бол 76 гишүүнтэй УИХ-д гишүүн байхдаа ч би тэгж боддог байсан юм. Одоо ч тэр бодол минь хэвээрээ. Дээд танхим нь АИХ-ын зарчмаар, доод танхим нь мэргэшсэн хуульчдаас бүрдсэн УБХ-ын зарчмаар ажилладаг байх нь зүйтэй  юм байна гэж хардаг. Дээр нь  нэмж хэлэхэд нэгэнт л Үндсэн хуульдаа гар хүрэх гэж байгаа бол хүрсэн шиг хүрчихвэл яасан юм бэ гэж энэ сэдвээр асуусан, хөөрөлдсөн хүмүүст   хэлээд сууж байдаг юм. 
ҮАБЗ-ӨӨС ТӨМӨР ЗАМ ДЭЭР ХОЁР ХӨРШИЙНХӨӨ СОНИРХЛЫГ АДИЛХАН ХАРГАЛЗАЖ ҮЗНЭ ШҮҮ ГЭСЭН ЧИГЛЭЛИЙГ  НАДАД  ӨГЧ БАЙСАН
-Та  бол төмөр замын инженерээр ЗХУ-д боловсрол эзэмшсэн энэ салбарт мэргэшсэн манай улсын анхны боловсон хүчнүүдийн нэг. УИХ-ын гишүүн байхдаа төмөр замын тээврийн талаар бодлого боловсруулж, хууль батлуулж байсныг мэдэх юм. Өнөөдөр төмөр зам, алдагдсан боломж, нүүрсний хулгай гээд яригдаж байна. Энэ талаар танд  юу бодогддог вэ? 
-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг  2010 онд баталсан. Тэр үед ажлын хэсгийг би ахалж байсан. Тухайн үеийн парламентын сэтгүүлчээр ажиллаж байсан та бүхэн надаас ярилцлага авч байсныг санаж байна. Мэргэжлийн хүний хувьд ажлын хэсэг ахал гэсэн, ингээд ажилласан.  Товчхондоо баруунаас орж ирсэн төмөр зам зүүн тийшээ явна, урагшаа хил гарна гэсэн бодлого яригдаж, 2008 оноос эхлэн асуудал яригдсан. Тэр үед би салбарын яамыг толгойлж  байсан. Дараагаар нь сайдын ажлыг өгөөд  ажлын хэсгийг ахлахаар борлсон. Тухайн үед төмөр замын  асуудлыг  Үндсэний аюулгүй байдлын зөвлөл авч хэлэлцэж  байсан юм. Тэгэхэд Н.Энхбаяр Ерөнхийлөгч “Бид хоёр их хөршийн дунд  байгаа, тэгэхээр хоёуланг нь анхаарахгүй бол болохгүй ээ” гэж анхааруулж хэлж  байлаа.  Хоёр хөршийн хоёулангийнх нь сонирхлыг төмөр дээр анхаарах хэрэгтэй гэсэн. Гол нь царигаа л ярьж байгаа юм. Ер нь бол хоёр талынхаа сонирхлыг адилхан харгалзаж үзэн шүү гэсэн чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс надад өгч байсан юм. 
Гол асуудал нь Таван Толгойнхоо нүүрсийг гаргах, Оюу Толгойгоо  ашиглах, төвтэйгөө холбогдох, цаашлаад Оросоор дамжин зүүн хойшоо далайд гарах гэсэн асуудлууд тал талаас яригдаж байсан. УИХ-д суудалтай хоёр нам нэлээд  санал зөрөлдөж байлаа. Манай нам бол /МАН/ үндсэндээ мэргэжлийн талаа барьж, тэгээд ч би ажлын хэсгийг ахалж байсны хувьд миний амыг нэлээд харж байсан. Тэгэхээс ч өөр арга байгаагүй. 
-Нууц биш бол, та  тэр үед бас мэргэжлийн хүний хувьд ямар байр суурийг баримталж байв? 
-Би бол дотроо нэг л зүйлийг бодож байсан. Тэрийг нуугаад яах вэ. Цогтцэцийгээс урагшаа хил хүрэх, тухайлбал Гашуунсухайт хүрэх зам чинь хэрэг дээрээ уурхайгаас 200 гаруй км салаа зам шүү дээ. Тэр салаа замыг ямар ч царигаар тавьсан хамгийн гол нь бид эдийн засгаа л бодох ёстой гэсэн бодол надад  байсан. Гэвч тэрүүгээр болоогүй. Тухайн үед Монголд сууж байсан Оросын Элчин сайдтай  ч хоёр удаа уулзаж байлаа. В.В.Самойленко гэж Элчин сайд байсан юм. Мань хүн надад “Орос орон бол баян, алтны нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт орж байгаа шүү дээ” гээд ярьж байлаа. Ухаандаа бид урагшаа /Хятад руу/  нарийн царигаар төмөр зам тавьчихсан байлаа гэхэд  лав 10 жилийг хожих байсан байж магадгүй ээ. Гэххдээ тэр бол зөвхөн хил орчмын хавь шүү дээ. Өөрөөр хэлбэл, шилжүүлэн ачих гэх мэт Эрээн, Замын-Үүд шиг ийм юм бий болохгүй. Шууд нарийн царигийн вагон орж ирээд ачаад буцах жишээтэй. Тэр үед янз бүрийн санаа оноо бол зөндөө л гарч байсан даа. 

ТӨМӨР ЗАМ ХӨГЖИХ ТӨЛӨВ БИЙ БОЛЛОО, ГЭХДЭЭ ҮҮНИЙ НААНА ИХ ЮМ БИЙ...

-Танк  орж ирнэ гээд л шуугиулж байсныг санаж байна...?
-Тийм, янз бүрийн л санаа оноо яригдсан даа. Танк орж гэж хүртэл ярьж л байв даа /инээв/. Гэхдээ яах вэ, нэгэнт тогтсон юм чинь өргөн царигтай байя. Гэхдээ царигийн өргөн, нарийн байх уу гэдгийг Засгийн газар боловсруулж УИХ-ын хуралдаанд оруулж шийдүүлнэ гэсэн хамгийн эцсийн томъёоллыг арай гэж гаргасан юм шүү дээ,  Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод. Нөгөө нарийн царигийн асуудал ч өнгөрсөн, нарийн царигийн төмөр замын ач холбогдол энэ тэр ч орхигдсон. Ийм л юм болсон доо. Би бол тэр үед  гол нь нүүрсээ түргэн боловсруулъя, явдал чирэгдэл багатай,  үр ашиг өндөртэй байх сан. Дээр нь Хятад улс өөрөө нүүрсний  нөөцөөр мундаг орон. Цаана нь Австрали  байна. Орос гэж нүүрсний том зах зээл байна. Түүнтэй л  манай  Таван Толгойн нүүрс өрсөлдөнө гэсэн  үг шүү дээ.  Тэрийг чинь ачиж, буулгахад энэ мэт чирэгдэл байхгүй юм даа л гэж мунхагласан хэрэг. Гэтэл тэрнийг  ачиж буулгах зардал   гэж шалихгүй гээд л  яамны нөхдүүд цэцэрхээд байсан. Ямар юмных нь тийм байх вэ дээ, нийт зардлын тал шахуу хувийг эзэлж байгаа юм чинь. Эрээн, Замын-Үүдийн л  ажил  гэсэн үг шүү дээ. Үүнийг харин  Япончууд  хийж өгч сайхан болгосон юм шүү дээ, 1990-ээд оны дундуур. Тэр жишгээрээ л бодож яваад иймэрхүү маягаар явбал яасан юм бэ л гэсэн ухаантай. Энэ мэтчилэнгийн асуудлууд тэр үед  гарч байсан. 
-Өнөөдөр төмөр замын  шинэ  гарцуудтай боллоо, энэ тухайд та юу хэлэх бол...?
-Хэд хэдэн  гарцтай болсон л доо. Эрээн, Замын-Үүдийн гарц бол 1953 онд нээгдсэн юм шүү дээ. Тэр цагаас хойш  60-аад жилийн дараагаар буюу өнгөрсөн жил Гашуун Сухайтын чиглэлийг нээлээ. Гэхдээ энэ бол бүрэн гүйцэд биш юм. Шилжүүлэн ачих байгууламж байхгүй шүү дээ, тэнд. Хоёр төмөр огтлолцож чадаагүй  байгаа. Наана 20 гаруй км-ийн зайтай, ингэхдээ нэлээн өндөрлөг газар дээр зөрүү гарсан  юм байна лээ. Анхнаасаа төсөл нь ямархуу янзтай явсан юм, амыг нь зөрүүлсэн тал бий байх. Тэрийгээ  тахийлгаж  одоо байгаа цэг рүү  аваачсан. Үүнийгээ түргэн нийлүүлж холбох хэрэгтэй. Тэгж байж  олон улсын жишиг, жишээ нь Эрээн, Замын-Үүд, Беларус, Польшийн гарц, урдуур Чоп гээд бидний мэдэх тэр гарцууд шиг болно. Ямар царигаар ирэх вэ гэвэл Хятадын тал нарийн царигаар гараад ирнэ, наанаас очиж байгаа вагон бол өргөн царигаар очно, ийм маягаар л урд хөрштэй харилцаж таарах байх. Дээр нь Ханги-Мандалын гарц нээгдлээ. Төмөр зам  цаашид хөгжих төлөв байдал бий болж байна. Гэхдээ үүний наана их юм бий. Манайхны одоо  шуугиж байгааг харахад зөндөө юм байх шиг байна. Хамгийн гол нь “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг  шиг хандахгүй бол, жишээ нь  зайдан морин дээр буруу зөвгүй мордож давхиж болдог гэсэн байдлаар давираад  байж  болохгүй. Энэ нь ч харагдаж байна шүү дээ. Үүнд төр, засаг маань ул суурьтай дүгнэлт хийж байгаа байлгүй дээ. Давын өмнө хилийнхээ гарцуудыг түргэн бий болгож байж байгаа жаахан нүүрсээ үр шаигтай гаргаж, Хятадын зах зээл дээр болж өгвөл тав гурван төгрөгний ахиу борлуулахыг бодно шүү дээ. Дэлхийн зах зээлийн үнээр нь.

ГЕО УЛС ТӨР ГЭЖ ИХ  ЯРИХ ЮМ, ГЭТЭЛ ГЕО ЭДИЙН ЗАСАГ БАЙХ ЁСТОЙ 

-Тухайн үед тийшээ төмөр зам нээх хэрэггүй гэх яриа хүртэл гарч байсан, та санаж байна уу? 
-Янз бүрийн л яриа  гарч байсан. Хэвлэлээр ч янз бүрийн  мэдээлэл их гарч байсан. Тийшээ төмөр зам нээх хэрэггүй, танк энэ тэр  гэдэг чинь ихээхэн шуугиулсан. Энэ их тээврийг чинь бид автомашинаар зөөвөл юу болох вэ, байгаль орчин, зам харгуй юу болох билээ. Энэ асуудал ч яригдаж л байсан. Тэгээд одоо ч машинаар зөөж л байна л даа. Эхэндээ төмөр зам тавиад байна,  хажуугаар нь авто зам  тавиад байдаг ямар учиртай юм бол, төрийн зохицуулалт  байх хэрэгтэй гэж л ойлгосон. Гэтэл бас л буруу замаар будаа тээж байсан юмнууд байж л байгаа. Тэрэн дээр би юу хэлэх вэ дээ. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд төмөр замаа түргэн тавьчихвал ядаж хулгай байхгүй болно. Энэ чинь хатуу хоёр рейсэн дээгүүр явж байна. Дээр нь бичиг баримттай, хяналт,  бүртгэлтэй. Хэчнээн вагон гарсан, яасан ийсэн  гэдэг нь  тодорхой. 
-Та тэгээд төмөр замаа хурдан тавьчихвал “Нүүрсний хулгай” бүр байхгүй болно гэж хэлж байна уу. Авто замаар  тээвэр бүр хийхгүй гэсэн үг үү? 
-Нүүрсний хулгай  байхгүй болно. Яах вэ, зэрэгцээд авто машин явна л биз. Тэртэй тэргүй автозам тавигдсан юм чинь. Гол нь төмөр замаа дагаад хяналтаа тогтооно шүү дээ. Хяналт сайтай болох байх. Яваандаа төмөр зам зүүн тийшээ өргөжин тэлэх байх. Төмөр замын бодлогод тийм байгаа. Хөөтийн нүүрсийг урагшаа гаргана, гадаад зах зээлд нийлүүлнэ. Бичигтийн боомт байна. Одоогийн баримталж байгаа бодлогод  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 1520 мм-ийн царигийг мөрдөнө гэж бичсэн учраас түүгээрээ л явах байх. Тэгэхгүй бол бодлого  зөрчигдөнө. Миний яриад байсан зүйлүүд бол хэлэлцүүлгийн шатанд  ярьсан асуудлууд л даа. Бид гео улс төр гэж яриад байдаг. Гэтэл гео эдийн засаг  байх ёстой.  Би өнөөдөр  чөлөөт иргэний хувьд, бодлого тодорхойлолцож явсан хүний  хувьд, мэргэжлийн хүний зүгээс хэлэхэд эдийн засгаа өндийлгөхгүйгээр Монгол Улс хөгжихгүй. Бүх зүйл  эдийн засагт тулгуурлаж байж л  урагшилна. Түүнээс хоосон яриад, хэчнээн тунхаглаад нэмэргүй. 
-Хөгжлийн гарцын тухайд та байр сууриа тодорхой хэллээ.  Өөр нэмж хэлэх зүйл байна уу? 
-Үүн дээр нэг зүйлийг хэлэхэд, мэргэжил гэдэг зүйлийг баримжаа болгохгүй бол бид дэндүү улс төр рүү шилжээд байна уу гэж хардаг.  Мэргэжил  гэдэг зүйл улс төрийнхөө доогуур орж,  мэргэжлийн зөвлөгөө өгөх, зөвлөх  маягтай, нөгөө улс төр нь мэргэжлийн зөвлөгөөг авах уу, байх уу гэдэг нь тэр хүмүүсийн хэрэг болоод байна. 
-Бараг л үзэмжийн асуудал болсон юм биш үү. Сайн мэргэжилтнийг зөвлөх  болгочихоод үгийг нь сонсохгүй өөрсдийн дураар, нам, улс төрөөр  явж байгаа улс төрч, сайд нар олширчээ?
-Тийм учраас цаашид аливаа ажлыг мэргэжилд тулгуурлаж явах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, бид бүтээх талын юмыг л гол болгож, дэмжмээр байна. Ингэж байж л улс орон урагшаа явж, хөгжил ойртоно.

Нийт сэтгэгдэл 1

  • уншигч
    1 жил

    раш гуай төмөр замын бүх зургийг ярьжээ

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img