Арван төслийг шүүсэн Үндсэн хуулийн “амин сүнс” энэ гэж үү?

Ч.Ариун
Монгол Улс Үндсэн хуулиа шинэчлэл үү, эсвэл гэдэг зааг дээр хүрч ирсэн. Өнгөрсөн онд улс төрийн 20 гаруй нам нэгдэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага буюу “Өргөх бичиг”-ийг УИХ-ын дарга, МАН-ын удирдлагуудад өгсөн. 2022 оны сүүлчээр төвталбайд болсон “Нүүрсний хулгайчдыг зарла”, “Хулгайчгүй нийгмийн төлөө тогтолцоог өөрчилье гэсэн жагсаал үүний илрэл юм.
Мөн 1992 оны Үндсэн хуулийг баталсны маргаашаас эхлэн нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэсэн санал, санаачилга гарч ирсэн нь ч үүний илэрхийлэл. Ингээд 2000 онд долоон өөрчлөлт оруулсныг зарим нь “Дордуулсан долоон заалт” гэж нэрлэдэг. 2002 оноос МҮАН-ын Б.Цогтгэрэл, М.Энхсайхан нар Тавдугаар Үндсэн хуулийн төслийг бид биччихлээ гэж зарласан. 2009 оны үед Сү.Батболдыг намын дарга, Ерөнхий сайд байхад УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хоёр танхимтай парламенттай байх Үндсэн хуулийн төслийг боловсруулуулж өгсөн гэдэг.
МАН-ын бусад гишүүдээс ч суурь хуулиа өөрчлөх болж гэсэн байр суурийг илэрхийлж байсан удаатай. Удалгүй МАН хоёр хуваагдахад МАХН нэрийг авч үлдсэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Шинэ Дээд Үнпсэн хуулийн төсөл гэгчийг боловсруулснаа зарлан тунхаглаж байв. АН засаглаж байх үед УИХ-ыг даргалж байсан З.Энхболд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж зүтгүүлсэн ч чадаагүй. 2019 онд МАН-ын 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсныг зөвлөлдөх санал асуулга, намуудын зөвшилцөл гэхчлэн шат дарааллаар явуулсаар баталсан. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга мөн Үндсэн хуулийн төсөл боловсруулсныг ЕТГ-аас З.Энхболд оруулж ирж байв.
Ер нь бол өнгөрсөн 30 жилд улс төрийн 10 нам, эвсэл холбоо тус тусдаа Үндсэн хуулийн төсөл боловсруулжээ. Гэтэл эдгээрийг харьцуулж судлан нэгдсэн төсөл гаргах чиглэлийг эрх баригч МАН-ын зүгээс өгч, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гаргасан байдаг. Бүрэлдэхүүнд нь ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МУНН-ын дарга Б.Батболд, ШИНЭН-ын дарга Ц.Гантулга нарыг оруулсан. Өөрөөр хэлбэл, МАХН+МҮАН+ИЗНН+МУНН+ШИНЭН гэсэн Үндсэн хуулийн төсөл гаргах зорилготой.
МАХН татан буугдаж, угшил нэгтэй МАН-тай гаа заяа, замаа нийлүүлсэн ч өмнө нь УИХ-ын даргад өргөн барьчисан байсан Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл нь бэлэн байж байгаа. Түүн дээр МҮАН, МУНН, ИЗНН, ШИНЭН-ын төслүүдээс авахыг нь авч, хасахыг нь хасаж дундын хувилбар гаргана гэсэн үг. Дээр нь бусад намын дэвшүүлсэн төслүүдийг харьцуулан авахыг авч, гээхийг нь гээж нэгэн цул болгоно гэж ойлгогдсон. Тэгвэл тд үүнийгээ Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга хэмээн нэрлээд одоогоос гурван сар гаруйн өмнө буюу 2022 оны аравдугаар сарын 25-нд Ерөнхий сайдад гардуулан өгсөн болохыг олон нийт саяхнаас мэдсэн. Гэвч экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тэргүүлсэн энэ багийн гараас гарсан хуулийн төслийг “Коммунист хууль” хэмээн олон нийт хүлээж авахгүй байх магадлал өндөр байна.
Хэдийгээр “Сонгодог парламентыг дэмжинэ” хэмээх тодотголтой ч тус хуулийн төсөлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд байсан хүмүүс автоматаар УИХ-ын гишүүн болж төрийн ордонд орж сууна, гурван үеэрээ Монголд амьдарсан иргэд өөр улсын давхар иргэншилтэй байхыг зөвшөөрнө гэсэн ноцтой, “но”-той заалтууд оржээ. 10 төслийг харьцуулан шүүж, шүүсийг нь шахаж байж гаргаж ирсэн Үндсэн хуулийн “амин сүнс” энэ гэж үү гэсэн ард түмнийхээ асуултад тэд ямар хариулт хэлэх юм бол... Тиймээс энэ нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зүйл, заалт байгаа нь хуулийн төслийг эргүүлэн татах шалтаг ч болж магадгүй байна.
Нийт сэтгэгдэл 0