Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагналд бригадын генерал Г.Болор шалгарчээ
Хуваалцах:
img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог 17 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн (IWOC-International Women of Courage Award) шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 8-ны Лхагва гарагт 14:00 цагаас зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй онцлог 11 эмэгтэйд олгох юм байна.

Энэ удаагийн шагнал авах эмэгтэйчүүдийн нэгээр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор шалгарчээ.

Бригадын генерал Г.Болор нь зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж, олон чиглэлд үүд хаалгыг нээж, Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны монгол офицер, түүнчлэн Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон болсон зэрэг Монголын хэд хэдэн анхны амжилтуудад хүрсэн байна.

Тэрбээр НҮБ-ын Энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллажээ.

АНУ-ын ТНБД-ын нэрэмжит шагналыг анх 2007 онд гардуулж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй хүртжээ. Уг шагналыг олгохдоо АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн суугаа орноос нэг эмэгтэйг нэр дэвшүүлэн, тодорхойлдог бөгөөд Төрийн Департамент шалгаруулж, баталдаг байна.

 

Эх сурвалж: АНУ дахь Монгол Улсын ЭСЯ

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img