Дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн баяжмал экспортолж эхэллээ
Хуваалцах:


Б.БОЛОР
Оюутолгойн далд уурхай эргэлтэд орсноор дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин нэмэгдэнэ. Энэ бол монголчуудын хүсч буй хүлээлт. Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13. Түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж буй өдөр. Өнөөдөр Оюутолгой төсөл гүний уурхайн олборлолтоо эхлүүлэн 18 дугаар цооногоос олон улсад дөрөвдүгээрт эрэмбэлэгдэх зэсийн баяжмал олборлон экспортлож буй юм. Эл өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайн нээлтийг Улаанбаатар хотын төв цэгийн урд талд байрлах Шангри-Ла зочид буудлын “Ball room” танхимд цугларсан зочид нэг цаг хугацаанд хамтдаа үзэж түүхэн гэрч болсон юм. Тус компани сүүлийн 12 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг татвар хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Тиймээс түүхэн үйл явц хэмээн нэрлэж буй. 
Газрын гадаргуугаас доош 1300 метрийн гүнд автоматжуулалт, инновациар тоноглогдсон дижитал гүний уурхай үйл ажиллагаагаа эхлүүллээ. Уурхайд ажилладаг техникийг инженер, техникийн ажилтнууд ухаалаг системээр удирдан мэдээлэл солилцон аюулгүй ажиллагаагаа эрхэмлэн ажилладаг тухай Оюутолгойчууд ам бардам ярьж байна. Энэ систем нь дэлхийд анхлан хэрэгжиж буй бөгөөд монгол инженер дэлхийд гайхагдах түшинд ажиллаж буйг мэргэжилтнүүд онцолж байв. 
Тус уурхайд блоклон олборлох аргыг хэрэглэж буй талаар мэргэжилтнүүд хэлж байна. Уул уурхайн салбарынханд тэр дундаа ил уурхайнханд тулгамддаг асуудал нь байгаль орчны нөхөн сэргээлт. Харин гүний уурхайд блоклон олборлох аргыг хэрэглэснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө харьцангуй бага гэдгийг ШУТИС-ийн багш, QMC группийн Ерөнхий захирал М.Дагва хэллээ. Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт блоклон олборлох аргыг Рио Тинто групп сүүлийн 25 жилийн турш хөгжүүлж ирсэн технологи аж. Блоклон олборлох аргын давуу тал нь дэлхийн татах хүчийг ашиглан чулууг суллаж авдаг байна. Блоклон олборлолт нь бүтээн байгуулалт хийсний дараа зардал багатай, бүтээмж өндөртэй байдаг. 
Оюутолгой 20 гаруй цооног өрөмдөн тэсэлгээний ажил хийсэн. Тиймээс дэлхийн хүндийн хүчний нөлөөгөөр чулуулаг өөрийгөө эвдэх процесс эргэлт буцалтгүйгээр эхэлсэн. Нэгэнт бууж ирж байгаа хүдрийг баяжуулах үйлдвэрт өгөх ажил тасралтгүй үргэлжилж байгаа хэрэг. Учир нь ил уурхайгаас ажилбарын хувьд өөр. Далд уурхайд тэсэлгээний ажлыг байнга хийдэггүй. Зайлшгүй хийх шаардлагатай зарим тохиолдлыг эс тооцвол. Дээр дурдсан дэлхийн хүндийн хүчний нөлөөгөөр бутарч, нурж байгаа чулууг хөдөлгөөнгүй 1-2 жил болоход л буцаад хэвийн түвшинд хүрч нягтаршдаг. Тиймээс байнгын хөдөлгөөнтэй байлгахын тулд блоклон олборлох аргыг хэрэглэж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. 
Дэлхийд анхдагч системийг Монголд бодит ажил болгон монгол инженерүүдийн ур чадварыг олон улсад дархалсан бас нэг түүхэн үйл явдлыг хэвлэлийн хуудаснаа тэмдэглэн үлдээхийг хичээлээ. 
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орж байгаа энэ өдөр Монгол Улсын эдийн засаг, уул уурхайн салбарт тэр дундаа гүний уурхайн салбарт түүхэн үйл явдал болж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Тэрбээр Шинэ сэргэлтийн бодлогын боомтын болон аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогоор уялдаж монголчуудын мөрөөдлийг бодит ажил болгох цаг хугацааг наашлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Харин Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд “Гүнийн уурхайн олборлолт эхэлснээр монголчууд дэлхийн уул уурхайн экспертүүдтэй эн зэрэгцэх түвшинд хүрлээ” гэв. 
Дэлхийд анхдагч системийг нутагшуулж монгол инженерийн ур чадварыг гайхуулан гүний уурхайн олборлолт зогсолтгүй үргэлжилнэ. Үүнийг дагаад Монгол Улсын эдийн засагт валютын урсгал жил ирэх бүрт нэмэгдсээр байна. Гүний уурхай “хаялага” төсвийн болон экспортын орлого нэмэгдэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хамгаалах, сайжруулах, хөрөнгө оруулалт татах зэрэгт томоохон үүрэг гүйцэтгэн гол хүчин зүйл болох биз ээ. 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img