Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гуравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мал аж ахуйн салбарын хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Нийт нутгийн 60 хувьд эрсдэл өндөртэй байснаас 15 аймгийн 64 суманд цагаан зудтай, зудархуу өвөлжлөө. Одоогийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 23.0 см хүртэл зузаан цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Увс аймгийн Тэс, Давст, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Завхан аймгийн Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын (5 аймгийн 11 суманд), Увс аймгийн Сагил, Малчин, Түргэн, Говь-Алтай аймгийн Жаргалан, Завхан аймгийн Тэс, Түдэвтэй, Баян-Уул, Тосонцэнгэл, Баянхонгор аймгийн Галуут, Эрдэнэцогт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Дорнод аймгийн Баян-Уул суманд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (9 аймгийн 18 сум) байдалтай байна.
Хаврын мал төллөлт, төл бойжилт, малын вакцинжуулалт, бүртгэлжүүлэлт, отор нүүдэл зэрэг улирлын чанартай технологит ажлуудад цаг агаарын аюулт үзэгдлүүд эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.
Монгол Улс 2022 оны эцэст 71.1 сая мал тоолуулж өмнөх оноос 5.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжлөө.
Он гарсаар 564.5 мянган толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь оны эхний нийт малын 0.8 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /111336/, Сүхбаатар /72528/, Завхан /71673/, Архангай /69874/, Ховд /34944/ аймгууд байна.
Мал, махны экспорт БНХАУ, ОХУ, Япон, Казакстан, Киргизстан, Узбекстан, Азербайжан, Иран, Арабын нэгдсэн Эмират, Катар, Гонконг, Вьетнам улсууд руу хийгдэж байна. 2023 он гарсаар 17.3 мянган тонн мах экспортолсон байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0