Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Нийгмийн эмгэнэлт үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож байгаа учраас хуулийг дэмжиж байна. Хуульд чухал заалтууд орсон байна. Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх тухай асуудал байна. Албадан эмчлэх зардлыг бүрдүүлэхийн тулд тусгай сан байгуулах нь зөв. Хэрвээ албадан эмчилж байгаа юм бол албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ажлынх нь хөлсөөр эргээд эмчилгээний зардлыг суутгаж авдаг зохицуулалтыг хуульд оруулмаар юм. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд жилд манай улсын хүн амтай тэнцэхүйц гурван сая гаруй хүн архинаас болж нас барж байна. Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 50 гаруй хувь нь тасартлаа архи ууж үзсэн гэсэн байдаг. Олон судалгааны үр дүнгээс хараад байхад нийгмийн энэ эмгэнэлт үзэгдэлтэй дорвитой тэмцэхгүй бол болохгүй болсон. Төрийн тусгай албан хаагчдыг архинаас хол байлгах эрх зүйн зохицуулалтыг тусгайлан авч үзвэл яасан юм бэ?" гэдгийг тодруулав. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Тусгай сангийн зориулалт бол эмнэлэг барьж байгуулахаас эхэлнэ гэж бодож байна. Эмчилгээ нь үргэлжилсэн цогц хөтөлбөртэй явагдана. Тухайн хүмүүсийг эмчилнэ, эрүүлжүүлнэ, нийгэмшүүлнэ, сургалтад хамруулж, ажлын байртай болгоно. Өөрөөр хэлбэл архинд донтох өвчтэй хүмүүст төр хүмүүнлэг хандах цаг нь болсон. Архины сөрөг үр дагаврын тухайд олон зүйл ярьж болно. Манай улсад гарч байгаа гэмт хэргийн дийлэнх нь архинаас үүдэлтэй гэдгийг судалгаа бид нарт өдөр бүр сануулж байгаа. Сүүлийн үед төрийн тусгай албан хаагчдын сахилга хариуцлагын асуудал их хөндөгдөж байна. Ажлаа хийж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст оногдуулах хариуцлагыг чангатгах нь зөв. Энэ тал дээр хуулийн төсөл санаачилвал хамтран ажиллахад бэлэн байна" хэмээн хариуллаа.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111