Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүдийг тодрууллаа
Хуваалцах:
img

Ч.Үл-Олдох

Уул уурхай, ашигт малтмалын салбарт эрчүүд голдуу ажиллаж ирсэн нь өнгөрсөн түүх болж үлджээ. Өдгөө Монголын уул уурхайн салбарын 20 гаруй компанид 1000 шахам  эмэгтэй ажиллаж байна. Мөн тэднийг хамруулсан 800 гаруй гишүүнтэй Уул уурхай, ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбоо (WMRM) 2016 онд Оюу Толгой компанийн дэргэд байгуулагдаж, төрөөс хараат бус ТББ-ын хүрээнд ажиллаж иржээ.

Тэд  тус салбарт  ажиллаж буй эмэгтэйчүүдээ чадавхжуулах, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих, тэдний салбартаа эзлэх байр суурийг бэхжүүлэхийг гол зорилгоо болгож олон ажил санаачлан зохион байгуулдаг.  Үүний нэг нь  манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулж, урам зориг өгөх  "Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүд"-тйш тодруулан урамшуулдаг. Энэ  онд  тав дахь жилдээ Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо (WAMS)-той хамтран өнгөрсөн баасан гарагт салбарын шилдгүүдээ тодруулав.

Уул уурхайн  салбарын  2023 оны шилдгүүдийг  тодруулахад Оюу Толгой  компани хүний эрх, жендерийн мэдрэмжтэй байгууллагаар шалгарлаа.  Мастер ур чадвартан эмэгтэйгээр “Эсжити” ХХК-ийн Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын автын цахилгаанчин Л.Сэлэнгэ, Шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтнээр Г.Нарантуяа, Дэмжлэг үзүүлэгч алба, хэлтсийн оны шилдэг эмэгтэй номинацид Даян Контракт Майнинг ХХК-ийн ажилтан Ч.Сэлэнгэ, шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтэн номинацид Шарын гол ХХК-ийн засварчин Г.Нарантуяа нар тус тус тодорлоо.

“ОЮУ ТОЛГОЙ” ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛНООР ШАЛГАРЛАА

  Тус компанийн нийт ажилтны 22.7 хувь, гүйцэтгэх болон дунд шатны удирдлагуудын 19.5 хувийг эмэгтэй ажилтнууд эзэлдэг.  2030 онд эмэгтэй ажилтнуудынхаа тоог 30 хувьд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна. Мөн ажилтан нэг бүрд ажлын таатай орчин бүрдүүлэх “Өдөр бүр хүндэтгэе” аялыг өрнүүлж, шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн, ажлын уян хатан зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлжээ. Жирэмсэн ээжүүдэд зургаан сарын цалингтай чөлөө олгодог бол, шинэхэн аавуудад дөрвөн сарын цалинтай чөлөөг олгож эхэлсэн нь эцэг эх хүүхдээ асран хамгаалах бүрэн боломжийг олгож байна.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.НАРАНТУЯА

Шарын гол ХХК-ийн засварчин Г.Нарантуяа 2009 оноос гагнуурын мастераас засварын хэсгийн дарга хүртэл дэвшин ажилласан байна. Өөрийн ажлын ур чадварыг дайчлан гадаадаас өндөр үнээр худалдан авдаг байсан олдоц муутай экскаватор болон өрмийн машины олон төрлийн сэлбэгийг зургийг нь гаргаж шавь нартайгаа хамтран зорж, гагнаж, давтаж, хатааж бэлдэн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Түүнчлэн гагнуур болон токарийн чиглэлээр олон шавь нарыг дадлагажуулж бэлтгэсэн нь  Монголын томоохон уурхайнуудад манлайлан ажиллаж байгаа аж.

Л.Сэлэнгэ: Гүний уурхайд долоо дахь жилдээ ажиллаж байна

- Анх ажилд орохдоо шантарч байсан ч сайн хамт олны дэмжлэгээр өнөөдөр энд зогсож байна.  Энэ миний эзэмшсэн хоёр дахь мэргэжил, гүний уурхайд  долоо дахь жилдээ ажиллаж байгаа. Эс ти тиашин, тоног, төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцдаг. Манайд Монголд байхгүй тоног төхөөрөмжүүд бий. Шинээр орж ирсэн гүний уурхайд зориулагдсан тоног төхөөрөмжүүд ирдэг, түүний засвар үйлчилгээг хариуцдаг.

Ч.Сэлэнгэ: Хүндлэл хүнээс хүчээр гардаггүй

Уул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллаж байна.Дэмжлэг үзүүлэх баг нь уул уурхайн операторчин юм уу, уул уурхай руу орж ажилладаггүй админ, туслах ажилчид юм. Бид ажилдаа дуртай, мэргэжлээрээ үргэлж бахархдаг. Тэгж ажиллаж байж хүнээс хөдөлмөрийн үр дүн гардаг гэж би боддог. Баримталдаг зарчим маань хүндлэл. Хүндлэл бол хүнээс хүчээр гардаггүй. Бусдыгаа хүндэлж, хэлсэн үгийг нь сонсоно гэдэг миний бодлоор хүндлэл үзүүлж байгаа гэсэн үг юм.

Б.Шүрэнцэцэг:Мэргэжлээрээ бахархдаг ч анх талбайд гарахдаа эмээж байсан

 Би “Орика Монгол” ХХК-д ажилд ороод хоёр жил гаруй болж байна. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа тэндээс эхэлсэн. Оюутолгойн ил болон далд уурхайн төсөл дээр ажилладаг. Анх энэ мэргэжлийг сонгож, бакалавр, магистрын зэрэг хамгаалсан болохоор уул уурхайн салбарт ажиллана гэдгээрээ бахархаж байсан.Гэхдээ яг талбайд гараад ажиллахад бодсоноос өөр байсан. Эхэндээ нэлээд эмээж, бас  шантарч байсан.Хамт олон маань ихээхэн тусалж дэмждэг байсан болохоор ажилдаа дадаж, туршлагажиж байна.

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img