Ч.Ариун
Сонгуулийн жил ойртож, УИХ-ын гишүүд тойрогтоо тоглолт хийж, улс төрийн намууд хэн нь хэдэн цэцэн үг цээжилсэн бэ гэдгээрээ уралдаж эхэлсэн цаг дор монголчуудын аж амьдрал дээшилсэн юмгүй, нийгмийн бухимдал хэрээс хэтэрч, элдэв гоё уриа лоозонд итгэх хүн бараг л үлдсэнгүй. Нэг үеэ бодвол хүмүүс бодитой зүйлд л илүүтэй итгэх болж, хэн нэгэн юм амлаж гэмээ нь хэрэгжих боломжийг нь хардаг, судалдаг болсон байна.
Ажил эрхлээгүй дөрвөн хүн тутмын нэг нь бакалавр, түүнээс дээш боловсролтой
Өнгөрч буй долоо хоногт үйл явдал арвин, мэдээ, мэдээллийн хур, хурд хоёр гүйцэгдэхгүй байв. Энэ давлагаан дунд үнэмшилтэй сонсогдсон, иргэдийн зүгээс “одоо тэгмээр дээ” гэж хүлээж авсан үйл явдал бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай хийсэн уулзалт байлаа. Улмаар энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төмөр зам, авто тээвэр, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд 39 мянган инженер, техникийн мэргэжилтэн нэн хэрэгцээтэй байна. Сувилагч болон нарийн мэргэжлийн эмч, орон нутагт ажиллах чадварлаг боловсон хүчин нэн чухал байна. Манай улсад ажил эрхлээгүй дөрвөн хүн тутмын нэг нь бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна. Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй зөв уялдах нь та бүхний төдийгүй улс орны хөгжил, эдийн засагт ихээхэн хамаатай гэдгийг онцолсон юм.
ҮХНӨ: УИХ 152 гишүүнтэй, сонгуулийн холимог тогтолцоотой байна
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан гишүүд тойрогтоо хэлэлцүүлэн иргэдийн саналыг авч эхэлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна" гэдгийг өөрчлөн "УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно" хэмээн тусгасан нь олон нийтийн дунд голлох сэдэв болон яригдаж байна. Гишүүдийн тоог нэмэгдүүлснээр бүтэц данхайна, төсөв зарлага нэмэгдэнэ гэсэн шүүмж их байна. Түүнчлэн 76 гишүүнтэй байхдаа авлига, хулгайд идэгдсэн, 152 болоод нэмэр байна уу гэх нэгэн ч байна. Тэгвэл харин ч эсрэгээрээ гишүүдийн тоо нэмэгдсэнээр УИХ-ын дархлаа нэмэгдэнэ, хяналт сайжирна, цөөхөн гишүүн суугаад захиалгат хууль баталдаг гажгийг засна гэсэн байр сууриуд ч мөн байгаа юм.
Манай тамирчид дэлхийн дэвжээнээс медалийн хур буулгав
Нийгэм ихэнхдээ бараан мэдээгээр бялхах болсон цаг үед хамгийн гэгээн мэдээг дуулгаж байдаг нь тамирчид, урлагийн байгааг хүмүүс хэлэх болсон. Өнгөрч буй долоо хоногт Узбекистаны Ташкент хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын ДАШТ-нээс Монголын боксчид мөнгө, хүрэл медаль ихэрлүүлсэн амжилттай эх орондоо ирж байна. Нийтдээ 5.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 107 орны 538 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас арван тамирчин оролцсон. Энэ удаа Орос, Беларусийн тамирчдыг оролцуулсан, гэтэл тэднийг эсэргүүцэж, АНУ, Канад, Герман, Их Британи, Украин, Дани, Шинэ Зеаланд тэргүүтэй 21 улс орон тамирчдаа илгээгээгүй. Тус тэмцээний 67 кг-ын жинд манай тамирчин Б.Мишээлт хүрэл медаль, 63.5 кг-ын жинд Б.Чинзориг мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн БНСУ-ын Жинжү хотноо зохион байгуулагдаж байгаа хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний/ААШТ/ эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны тамирчин, ОУХМ Г.Анужин алтан медаль, 81 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, ААШТ-ий хошой алт, мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг огцом өргөлтөөр 108 кг, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртсэн юм.
Урлагийнхан цалингаа нэмүүлэхийн төлөө акц эхлүүлэв
Мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллагсдын цалин бага, амьжиргааны өртөг өдрөөс өдөрт өсөж буй цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажиллаж, амьдарна гэхэд бэрх болсон. Энэ байдлыг удаан хугацаанд тэсэж тэвчиж ирсэн, цаашид чадахгүй гэдгээ олон нийтэд зарлаж, олны танил эрхмүүд цалингийн мэдээллээ ил болгож цахим орчинд байршуулах акц эхлүүлээд байна. Жишээ нь, мэргэжлийн урлагийн байгууллагад 20 жил ажилласан хөгжимчний сарын цалин 850 төгрөг, Үүнээс хүн амын орлогын албан татвар, НДШ, эрүүл мэндийн даатгал гэхчлэн татвараа төлөөд гар дээрээ 45-550 мянган төгрөг л авдаг аж. Тэгвэл Өвөр Монголоос л гэхэд манай уран бүтээлчдийг сарын 2.5 - 6.0 сая төгрөгийн цалин амлаж удаан хугацаагаар ажлуулах гэрээний саналууд нээлттэй ирүүлдэг. Соёлын яам энэ асуудал дээр зөв бодлого баримтлахгүй бол Монголын соёл урлагийн салбарт ажиллах хүч амьдралын төлөө урагшаа цувах хандлагатай болсон. Эхнээсээ явдаг, ирдэг, тэнд багшилдаг болсон нь ч нууц биш. Гэтэл Соёлын сайд нь “Сүүлийн жилүүдэд цалинг 20 хувь нэмсэн” гэсэн тайдбар хийж байгаа. 20 хувь гэдэг нь 100 мянга ч хүрэхгүй, дээд тал нь 76 мянган төгрөг л нэмэгдэж, Түүнээсээ татвар, шимтгэлээ авчихаар олигтой юм үлдэхгүй. Иймд улс шиг улс байхын тулд мэргэжлийн урлагийн байгууллагууд эх орондоо хангалттай цалинтай, нүүр бардам ажиллаж амьдрах хэрэгтэй гэдгийг олон хүн хэлж байгаа юм.
Спорт дахь сэргээш, найрааны асуудлыг цэгцэлнэ
Спортын допинг, авлигын асуудлыг арилгах тухай хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдвийн нэг байв. Энэ үеэр Үндэсний спортын холбооны тэргүүн Ц.Магалжав хатуухан мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр:
-Үндэсний спортоос допингийн шинжилгээ авахаа болих хэрэгтэй гэж хэлдэг мэргэжилтэн, хүмүүс бий. Тэдэнд хэлэхэд шинжилгээ авахгүй бол удахгүй үндэсний бөх гэж Мутантаар дүүрсэн газар болно шүү.
-Допингийн эсрэг үндэсний байгууллагыг шалгах ёстой. 2019 онд нэр бүхий эмч нарыг АТГ-аас шалгасан ч замхраад алга болсон. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ажлын нягтлан шалгах нь ШҮГЭЛ ажиллагааны нэгэн хэсэг байх ёстой. Бөхчүүдийн сорьц хоёр жил дараалан ижил байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ байгууллагыг үүсгэн байгуулагч Ж.Хатанбаатар гэгч хүн бөхийн холбооны удирдах зөвлөлд байдаг ч таван жил барааг нь харсангүй.
-Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын холбоо ямар зорилготой байгууллага, юу хийдгээ тайлбарла. Та бүхний ажлаас олон хүний хувь заяа шалтгаалдаг. Зөв сайн ажиллахгүй бол танай байгууллагын оршин тогтнох хугацаа бага болно шүү гэдгийг хэлье гэсэн юм.
Нийт сэтгэгдэл 0