ҮХНӨ: Гишүүдийн тоо Х.Баттулгын хүссэнээр 108 болох нь дээ
Хуваалцах:
img

Ч.Ариун

“Иргэд гишүүдийн тоог 152 биш, 108 хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэлээ” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Спикер өөрөө бол Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар болон бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, уулзалтууд зохион байгуулан саналыг нь сонссон гэнэ. Уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн  дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч 152 болгохыг дэмжихгүй. Харин 108 хүртэл нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг хэлсэн гэнэ. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа нь олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттай байхыг хүсэж  буйн илэрхийлэл гэж УИХ-ын дарга мэдэгдэв. Ингэхдээ жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг намууд зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүс жагсаалтаар халхавч хийх вий хэмээн хардаж буйгаа иргэд хэлж байна. Мөн парламентад нийгмийн бүлгийн төлөөллүүдийг тэгш оролцуулах замаар ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхийг чухалчлан дэмжих саналтай иргэд багагүй байлаа.

 

Цар тахлын болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал нэлэнхүйдээ дордсон учраас шүүмжлэл, бухимдалтай иргэд их байна. Ялангуяа цалин, тэтгэврийг нэмэхгүй бол өдөр тутмын хүнс, гурил, будаагаа арай ядан авч, зарим эм, тариагаа худалдан авч дийлэхээ больсон тухай уулзалт бүрд хөндөгдөж байлаа. Хөдөө орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 15 хүртэлх хувиар нэмэгдсэн тул үүнд нийцүүлэн цалин, тэтгэврийг өсгөхийг олон иргэн шаардсан гэдгийг тэрбээр онцлов.Спикерийн энэ үгнээс харахад эрх баригчид ч гэсэн 152 гэсэн тооноос татгалзаж эхэлж байгаа  бололтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Засгийн тэргүүн, Ерөнхий сайд бол эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ. УИХ-д үнэмлэхүй олонхийг тус нам бүрдүүлж байгаа. Мэдээж хүрд эргүүлэгчид бол тэд. Гэхдээ ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал нь харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2019 онд санаачилж байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гишүүдийн тоог 108 болгоё гэсэнтэй санаатай, санамсаргүй хоёрын алин болохыг мэдэхгүй ч ямартай ч таарч байна. Дашрамд дурдахад АН-ын гишүүн “Фортуна” хочит Н.Батбаяр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоё, монголчууд 99 тэнгэрийг шүтдэг хэмээн зүтгүүлж байсан удаатай.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img