Жуулчид биднийг морио уралдуулж чадахаа байж гэх вий...
Хуваалцах:
img

Ч.Ганга

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын Хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ой, Үндэсний их баяр наадам хэдхэн хоногийн өмнө болж өнгөрөв. Наадмын хууч харин хөтөл, гүвээг давж, олны дунд ам дамжин яригдсаар.

Энэ жилийн улсын  наадамд уяачид цөөхөн оролцож, хурдан морины уралдаан томоохон сумын наадмын хэмжээнд ч бараг хүрсэнгүй. Хэзээ байтлаа  улсын наадамд 50 гаруйхан азарга уралдаж, 100 орчим соёолон тоосоо өргөж байлаа. Энэ шалтгааныг зарим нь  улсын  хэмжээнд  олон аймаг, сум 100 жилийн ой тэмдэглэж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж буй. Тодруулбал, 21 аймгийн 330 сумаас 41 нь 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Зарим уяач  улсын наадмын хурдан морины уралдаан авлига, танил талаар болдог болсонтой холбоотой гэлцэж байгаа юм. Тэр бүү хэл “Эрлийз морьд уралддаг болсон  байна лээ, тэдэнтэй уралдуулж морио тэлж алаад юу хийх вэ” гэцгээх уяач цөөнгүй байна лээ. Түүнээс гадна үер усны гамшигтай ч холбоотой байж мэдэх юм.

Энэ жилийн наадмын нэг онцлог нь  Баяр наадмын тухай шинэчилсэн хууль, хурдан морины уралдааны шинэ  дүрмээр хурдан морьдын  сэрвээний өндрийн  дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар тус тус тогтоосон. Үүнээс олон  морь уралдаанаас хасагдсан. Тухайлбал, хязаалан 240 бүртгүүлсэн ч сэрвээний өндрөөр хасагдсаар  133 нь уралдсан. Шүдлэн 192 бүртгүүлж, мөн сэрвээний өндөр, шүдлэгээгээр хасагдсаар дөнгөж 75 үрээ төрийн наадамд тоосоо өргөсөн. Түүнчлэн азарга 124-өөс 57, их нас 220 –оос 150, соёолон 205-112,  даага 243 бүртгүүлснээс 113  нь уралдсан байх жишээтэй.

Тэр бүү хэл түрүү жилийн наадамд торгон жолоо өргүүлж хурдалсан алдарт “Дүүгүүр хээр” –ийг хүртэл морины комиссынхон сэрвээний өндрөөр хасаж, уралдуулсангүй. Өмнөх жилийн түрүү морь дараа жил нь сэрвээний өндөр тэнсэхгүй хэмээн хасагдсан нь  хурдан морь сонирхогч, үзэгчдийг гонсойлгож, урмыг нь хугалсан юм. Дээр нь хурдан шүдлэнгийн уралдааны түрүү магнай зурхайд гишгэхийн өмнө  морь бариач  өмнүүр нь хөндөлсөн будлиулснаар түрүү, аман хүзүү булаалдаж зэрэгцээ орж ирсэн хоёр морины яг аль нь түрүүлэх байсан нь маргаантай үлдлээ. Морь бариачийн сонголт  Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга үрээ байж таарсан. З.Мэндсайхан ХХААХҮ-ийн сайд асан байсан зэрэг нь олны хэл амны бай болж, сошиалд шүүмжлэл өрнөснөөр,   СХД-ийн  Партизаны хорооны уяач Б.Пунцагбалжирын хар үрээг түрүүлсэнд тооцсон. Хэрэв морь бариач өмнүүр нь хөндөлсөж, морьдын хурдыг сааруулаагүй бол яг аль нь түрүүлж зурхайд гишгэх байсныг таашгүй. Ингээд тоостой нь ч торгон жолоо өргүүлсэн үү, тоогүй нь ч торгон жолоо өргүүлсэн үү, ямартай ч олны шүүмжлэл, сошиал байгаар шүдлэн насны морьдыг байлав. Сэрвээний өндөр маргаан дагуулж, маш олон морь хасагдсан бөгөөд тэр болгон морины комиссын хашаа, уяан дээр хэрүүл тэмцэл өрнөж, гар зөрүүлэх, цагдаа зохицуулах асуудал гарч байлаа. Гадны жуулчдын нүдээр харах юм бол  монголчууд морио уралдуулж чадахаа байжээ гэсэн дүгнэлтэд хүрэх биз. Ер нь бол “Тоостой морь торгон жолоо өргүүлж, өвдөг шороодсон бөх туг тойрсон” гэх шүүмжлэл хавтгай өрнөсөн ийм л наадам боллоо.

З.Мэндсайхан: Хар үрээ түрүүллээ. Хурдан морины салбар хороо шийдвэрээ  эргэж харах байх

Түрүүлж, айрагдсан хурдан морьдыг танилцуулбал:

Хязаалан:

Түрүү магнай -Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач Д.Жаргалсайханы халтар үрээ

Аман хүзүү  Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул “Шунхлай” группын захирал Пүрэвийн Батсайханы тогоруу халзан

 Айргийн гурав  Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишиг-Очирын Бөхбатын хүрэн

Айргийн дөрөв  Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Жигмэдийн Дэмбэрэлсайханы бор үрээ

Айргийн тав  Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын бор хязаалан

 

Шүдлэн:

Түрүү магнай   СХД-ийн  Партизаны хорооны уяач Б.Пунцагбалжирын хар үрээ

Аман хүзүү  Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга үрээ

Айргийн гурав Архангайн  Өндөр-Улаан сумын уугуул  Ч.Энхбатын сартай хүрэн

Айргийн дөрөв  Говь-Алтайн  Халиун сумын харьяат Г.Жавхлантөгсийн хээр

Айргийн тав  Төв аймгийн  Заамар сумын харьяат Монгол Улсын Алдарт уяач Ч.Уламбаярын буган халтар

Азарга

Түрүү магнай:  Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн гоё хээр

Аман хүзүү:  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул,  Нийслэлийн алдарт уяач Д.Даяндэмидийн  хонгор

 Айргийн гурав:   Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул,  Монгол Улсын тод манлай уяач Т.Ууганбаярын улс хүрэн

Айргийн дөрөв:   Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан

Айргийн тав:   Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ц.Буянбаатарын хүрэн халзан.

 Их нас

Түрүү магнай:  Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ганбатын Даваадалай хавчиг саарал

Аман хүзүү: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Доржийн Баттөгсийн бор халзан

 Айргийн гурав:  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Гомбожавын Баярцогтын хээр морь,

Айргийн дөрөв:  Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Төмөрийн Мөнхбаярын хулгар хээр

 Айргийн тав: Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул

Соёолон

Түрүү магнай: Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболдын гоё хээр

 Аман хүзүү:  Орхон аймаг Баян-Өндөр сумын уугуул Аймгийн алдарт уяач Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд

  Айргийн гурав:  Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар,

 Айргийн дөрөв:  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул “МБЧ” ХХК-ийн уяач Санжаагийн Бямбасүрэнгийн хүрэн,

Айргийн тав:  Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа соёлон

Даага

Түрүү магнай:   Өвөрхангайн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар

 Аман хүзүү:   Өвөрхангай аймгийн Хархорин сумын сумын харьяат Дагвасүрэнгийн хул даага

 Айргийн гурав:  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М.Ононгийн бор даага

Айргийн дөрөв:   Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Мөнх-Эрдэнийн шарга даага

Айргийн тав:  Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ч.Батжаргалын цавьдар  тус тус хурдалж, төрийн наадамд  торгон жолоо өргүүллээ.

 

 

 

 

Нийт сэтгэгдэл 2

  • зочин
    1 жил

    бөхөө бас барилдуулж чадахаа байсаан бөөн хэрүүл болсон.

  • уншигч
    1 жил

    Дүүгүүр хээрийг хассан нь даанч харамсалтай

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img