3 жил
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоог эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх түр хонооноос холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлжээ.
Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгийн гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгаврыг цаг алдалгүй түргэн шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан маань хүнд нөхцөлд шат шатандаа ажил үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж байгаа ч ӨНӨӨДӨР ЭНД ХҮРЭЭД ЦӨХӨРЧ байгаагаа төр засаг, түмэн олондоо зарлан мэдэгдэж байна.
Ковид-19 цар тахлын хүрээ өдрөөс өдөрт нэмэгдэж, нөхцөл байдал улам бүр хүндэрч байгаа цаг үед эрүүл мэндийн салбарын ажилтнууд голомтонд болон ажлын байрандаа ачаалал ихтэй цаг наргүй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй эмч, сувилагч,асрагч, ажилтнууд өөрсдөө халдвар авч, эдгэрсэн ч ядарч сульдаад ажлын ачаалал даах чадвар муудснаас ажлын байрандаа эргэн ирж чадахгүй нийслэл, орон нутгийн бүх эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолд ороод байна.
Хүний АЛТАН АМЬ, ЭРҮҮЛ МЭНД-ээс чухал үнэт зүйл энэ хорвоод байхгүй. Тэгвэл эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй өөрийн амьдралаа умартан зүтгэж байгаа эмч, ажилтнууд маань дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай, олон улсын түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалж байгаа ч авдаг цалин нь туйлын багаар үнэлэгддэгт, цар тахлын үеийн цалин хөлс, нэмэгдэл, нэмэгдэл хөлсөө бүтэн, хугацаандаа авч чадахгүй байгаадаа тэд цөхөрч, үгээ хэлж, үзэл бодлоо түгээж байна.
Иймд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин хөлсний асуудлаар нэн яаралтай арга хэмжээ авч шийдвэрлүүлэхээр Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын НББХ-ны дарга, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд нарт дараах ШААРДЛАГА-ыг хүргүүлжээ. Уг шарадлагадаа,
1. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ҮНДСЭН ЦАЛИНГ 2 ДАХИН нэмэгдүүлэх,
2. Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдлийн даатгалд хамруулах,
3. Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүс болсон тул УЛААН, НОГООН БҮС-ээр ялгаварлахгүй байх,зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг тусгасан байна.
Энэхүү шаардлагыг ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэж, хариуг 2021 оны 07 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг тусгаж, шаардлагад дурдагдсан асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж тэмцэл хөдөлгөөн өрнүүлэхээр шийдвэр гаргаж байгаагаа зарлаж, цаашид үр дүн гарах хүртэл ажил хаялт зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэж байгаагаа илэрхийллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111