Ч.Ариун
Т.Бадамжунайн явсан газар, уулзсан хүмүүс балагт унаж мэдэхээр болоод явчихав. Олон ч хүний нэр, цол дуулдах болов. Хэргийн хамрах хүрээ нь ч улам тэлэх бололтой. Хашиж явсан албан тушаал, эрх мэдэл, нэр нөлөөг аваад үзэх юм бол Т.Бадамжунай бага хүн биш. Цагтаа УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашихын сацуу МАН-ыг базаж явсан том гар. Ардын намын дунд үеийнхний хөлийг дөрөөнд, гарыг ганзганд хүргэсэн том ах.Одоо төрийн эрх мэдлийн өндөрлөгт сууж буй У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Я.Содбаатар нарын уяа сойлгыг нь тааруулж , улс төрд оруулж ирсэн их багш.Тиймдээ ч Филиппин хүртэл “ниссэн” биз. Одоо “Шувуу” ажиллагаагаар баривчлаад авчирсан гэж басаж бас болохгүй. Шүүх нь хүртэл түүнийг наадмын өмнө суллаж, толгойг нь “илсэн”. Хэрэв хүсвэл мань хүнд оргоод явчих боломж, оргуулж туслах бүхэл бүтэн сүлжээ байж л байгаа. Гэхдээ хэрхэхийг таашгүй. Зарим хүний хэлж буйгаар бол гадаадын шоронд хатах гэж байхад нь манайхан “шувуу ажиллагаа” нэрээр аварч, Монгол руу татсан гэж харддаг. Үнэн гэх баталгаа байхгүй ч үгүйсгэж бас боломгүй. Ямартай ч түүнд холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорууд хянаж, хавтаст хэрэгтэй нь танилцаж дүгнэлтээ гаргасан. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018 оны хоёрдугаар сарын 28-нд баталсан Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж байгаа юм.
Хахууль өгсөн Ц.Анандбазар
Мөрдөн шалгалтын явцад нэг бүс хүнийг түүний хэрэгт холбогдуулан шалгаж, заримыг нь яллагдагчаар татсан мэдээлэл гараад байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар аж. Түүнийг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татжээ. Дээр нь хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх нь барьсан Бага тэнгэрийн ам дахь хороололд Т.Бадамжунайгийн охины нэр дээр хоёр ч үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Ямар замаар хэрхэн авсан талаараа тайлбарлаж чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тэдгээр барилгыг битүүмжлэн улсад хураах саналыг хууль сахиулагчид гаргасан тухай мэдээлэл ч бас дуулдаж байна. Мөн 50.000 ам.долларын хахууль өгснийг нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан аж.
Мөнгө угаалцсан З.Буяннэмэх
“Альфа аcceт менежмент Монголиа” компанийн захирал, “Дарханы зам”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Буяннэмэхийг мөн Т.Бадамжунайн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Тайланд-Хонконг чиглэлийн онгоцонд террорист халдлага үйлдэх гэсэн этгээдийг таслан зогсоож, 216 хүний амийг аварч нэр цууд гарсан тэрбээр Т.Бадамжунайтай холбоотой бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын 6.3 сая ам.долларыг угаахад хамжигчаар оролцсон хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.
Майдар хотдоо “бадар” барьсан Х.Баттулга
Т.Бадамжунай, З.Буяннэмэх нарын угаасан “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалын мөнгөнөөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачлан бариулж эхэлсэн “Майдар” хот төслийн байршил руу тавьсан авто зам руу орсон бөгөөд тэр нь З.Буяннэмэхээр дамжсан баримт нь хавтаст хэрэгт авагджээ. Тэгэхээр Майдар хотдоо “бадар” барьсан Х.Баттулга Т.Бадамжунайтай хам хэрэгтэн болж шалгуулж байгаа бололтой.
Зуучлагч Ц.Мөнх-Оргил зүгээр үлдэх үү
Т.Бадамжунай МАН-ын сайн хуульчдын нэг болох Ц.Мөнх-Оргилоор зуучлуулж, "Эрдэнэт"-ээс 6.3 сая ам.доллар "унагасан” гэх мэдээлэл дуулддаг. Энэ тухай үг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын амнаас унасан.
Х.Бадамсүрэн + бусад
"Эрдэнэт" ТӨҮГ болохоос өмнө Х.Бадамсүрэн захирлаар нь ажиллаж байсан үед хийгдсэн гэрээ нь “Эрдэнэт”-тэй холбоотой дээрх асуудал. Тэр нь трейдерийн гэрээ аж.
Саалийн үнээ болсон “Сахал” Эрдэнэбилэг
Дээр дурдсан трейдер компанийн гэрээг ил болгодоггүй, нууцалдаг. Энэ нь Гүйцэтгэх захирлын бүрэн эрхэд хамаарч явдаг аж. "Эрдэнэт үйлдвэр" төр ба хувийн хэвшлийн өмчид байх үед буюу "сахал" Д.Эрдэнэбилэг өндөр нөлөөтэй байхад тэрхүү трейдер гэрээ хийгджээ.
Нийт сэтгэгдэл 0