Хүнд сорилтыг хүчээ зангидаж давна
Хуваалцах:
img

Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн

Нэг.

Монголчууд 30-аад жилийн тэртээ хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том хямралын нэг болсон дэлхийн социалист системийн уналт, задралын нурман дундаас босож, шинэ тогтолцооныхоо дүр төрхийг ухаарч, ирээдүйтэй, тогтвортой амьдралын зам мөрийг эрж буй цаг үедээ нийтийг хамарсан шинэ сорилттой тулгарлаа.Энэ бол улам бүр бодитой болж байгаа Дэлхийн III дайн юм.

Дэлхий доргиж, олон улсын харилцааны улс төрийн орчинд “газар хөдлөх”-д аль ч улс орны амьдрал өртөхгүй өнгөрч чаддаггүй. Улс үндэстэн бүр өөрийн мөс чанар, оюун соёл, оршихуйн үзэл номлолын амьдрах чадварын сорилтод орж үнэн дүрээ харуулдаг.

Дайнд оролцож,  сөргөлдөгч талуудын өөрийгөө зөвтгөж, өрөөлийг буруушаасан мэдээллийн булингар дунд учир явдлын үнэнийг олж, өөрийн байр сууриа тодорхойлох хийгээд үндэснийхээ эрх ашгийг хүмүүнлэг, шударга ёсны зарчмуудын хүрээнд баталгаажуулахад чиглүүлэн нөөц бололцоогоо дайчилж, хүчээ нэгтгэж чадсан улс орон бэрхшээлийг давж, тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалан, цаашдын хөгжлийн замыг олж чаддагийг өнгөрсөн хоёр дэлхийн дайн тод харуулжээ. Харин аль нэг улс орон дайн дажны үймээнийг далимдуулан цаг зуурын ашиг хонжоо, өглөг өршөөл горьдож өөрийн язгуур эрх ашиг, үнэт зүйлээрээ бялдуучлан зусардахын тахил өргөх буюу худал хуурамч үзэл номлол дагаж, хэнээрхэл хийрхэлийн талд автах, хонзогногчдын холбоотон болох нь мөхөл сүйрлийн үндэс болдгийг ч түүх олонтаа нотолжээ.

Хоёр.

Одоогийн дэлхийн дайн өмнөх хоёр дайнтай харьцуулахад хамрах хүрээ, утга агуулга, учир шалтгааны талаас эрс ялгаатай ажээ. Дайн хэмээх үзэгдлийг цэрэг зэвсгийн хүчээр хэрэгжих тэмцэл хэмээн үзэж ирсэн цаг өнгөрч, энэ удаагийн дайн эдийн засаг, үзэл номлол, сэтгэл зүй, соёл оюун, шашин шүтлэг, мэдээлэл, экологийн хүрээг хамарч цэрэг зэвсгийн мөргөлдөөнөөр логикийн төгс хэлбэрээ олж байна. Энэ дайны үр хөврөл аль нэг улс гүрэн, хувь хүний цаг зуурын үзэл үйлдлээр бус, дэлхий нийтийн ХХ зууны амьдралын бүхий л явцаар нөхцөлдөн бүрэлдэж бойжсон юм. 1971 онд Америкийн эрдэмтэн Дж. Форестер “Дэлхийн динамик” хэмээх бүтээлдээ XXI зууны эхний үед хүн төрөлхтний амьдралын бүх талыг хамарсан хямрал сүйрэл тохиолдоно хэмээн сэрэмжлүүлж байв. Энэ дүгнэлтийг 1992 онд Английн Д.Медоуз тэргүүтэй эрдэмтэд шалгаж үнэн зөвийг хүлээн зөвшөөрснөөс гадна, 1990-ээд онд ОХУ-ын академич В.А.Контюг тэргүүтэй эрдэмтдийн бүлэг дэлгэрэнгүй тооцон шалгаад дүнг нь 2000 онд “Оросын XXI зууны хөгжлийн шинэ номлол” бүтээлдээ тусгасан билээ.

Энэ номд өгүүлснээр “Одоо цагийн дэлхийд улс хоорондын, угсаатны болон улс төрийн бүх зөрчлийг хурцатгаж, бүх нийтийн өлсгөлөн, улс нийгмийн мөхөл сүйрэлд хүргэж болзошгүй түүхий эдийн нөөц баялгийн, хүн ам зүйн болон оюун санааны даяаршмал хямрал нүүрлэж байна. Ойрын хэдэн арван жилдээ дэлхийн олонх хүн ардын хувьд тэвчиж үлдэх нь үндсэн асуудал байх болно” /279-р тал/ хэмээн дүгнэсэн байдаг. Эрдэмтэд андуурсангүй.

Эдийн засаг, цэрэг зэвсгийн хүч ихтэй улс гүрнүүд дэлхийн хувь заяаг шийдэхэд үндэслэсэн олон улсын харилцааны тогтолцоо Дэлхийн II дайны дараа тогтсон билээ. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд хүн төрөлхтний амьдралд эргэлтийн чанартай олон өөрчлөлт гарчээ. Түүний гол агуулга нь:

-1960-аад онд дэлхийн тавны хоёр  хувийг эзэлж байсан колонийн систем задран нурж, нэг талаас тусгаар тогтнолоо тунхагласан 100 гаруй орон олон улсын тавцанд гарч, нөгөө талаас тэжээлээ алдахад хүрсэн колоничлогчид бусдын төрийг эрхшээж мөлжих аргаас шинэ колоничлол хэмээх эдийн засгийн далд мөлжлөгийн аргад шилжихэд хүргэсэн юм. Зөрчил улам гүнзгийрэв.

-1980-аад оны сүүлчээс дэлхийн үзэл суртлын хуваагдмал байдлын нэг туйл болж байсан социалист хамтын нөхөрлөл нурж, түүний цөм болж байсан КХУ задарсан нь АНУ тэргүүтэй барууны орнуудын амьдралын зохион байгуулалт, ашиг сонирхол, үнэлэмжийг нийтэд тулгах боломж олгож, сүүлийн 30-аад жил нэг туйлт ертөнцийн шинэ дүрэм тогтоох оролдлогод хүргэсэн юм. Гэвч одоо цагийн дэлхий ертөнц үүнийг хүлээж авсангүй.

-Сүүлийн 500 жил хүн төрөлхтний хөгжлийн манлайд явж, оршихуйн номлолоо бусдад тулгаж ирсэн Европын техникийн соёл иргэншлийн хөгжил тэрүүлэх чадвар мөхөсдөж, дэлхийн динамикийн хүндийн төв Дорнодод шилжиж байна. Европын соёл иргэншлийн гол хөдөлгүүр болж байсан хөрөнгө мөнгөнд шүтэж, хэрэглээг оршихуйн зорилго болгосон үзэл, түүнээс төрсөн нийгмийн зохион байгуулалт болон зан суртахуун, хүн-байгалийн харилцааны зарим хөгжил дэвшил тэргүүлэхээс илүү хямрал сүйрэл дагуулах болжээ. Наран шингэх зүгээс давлагаалан ирэх эдийн засгийн хямрал, дэлхийн дайн, экологийн гамшиг, колончлолын түрэмгийлэл сүүлийн үед хүн төрөлхтний хамгийн үнэт зүйлийн нэг болж байдаг хүмүүнлэг ёс, гэр бүл, эх орон, эцэг эх үр хүүхдийн холбоог бусниулах номлолоор баяжиж байна. Өндөр хөгжилтэй хэмээх олон оронд демографийн хямрал үүсэж, бусдыг түйвээн, дүрвэгсдийн урсгалаар цус сэлбэхэд хүрч байгаа нь бодит үнэн билээ. Энэ бүхний уршгаар барууны соёл иргэншил хөгжих хувьслын ерөнхий тэнхлэг байх улс төр, эдийн засаг, соёл, ёс суртахууны хөрс суларчээ.

-ХХ зууны сүүл үеэс дэлхийг хамарсан мэдээллийн нэгдмэл сүлжээ, тоон технологи, хиймэл оюуны системд тулгуурласан хөгжлийн шинэ хөдөлгүүр хүчээ авч олон бүс нутагт цойлсон хөгжлийн шинэ голомтууд үүсэж байна. Энэ үзэгдэл дэлхий ертөнц эдийн засаг, улс төр, цэрэг техникийн хүчирхэг гүрнүүдийг баримжаалсан олон хэмжээст орон зайн жамаар оршин тогтнож, улс үндэстнүүд хувь заяагаа өөрийн соёл, ухаарлын тэргүүлэх чадлаар сонгох боломж олгож байна. Тэгэхдээ өөдөлж өндийж байгаа нь өлөн барын араншинтай, ухарч уруудаж байгаа нь унаж мөхөхийн айдастай байдаг хүн төрөлхтний чанар хэвээр ажээ.

Дэлхийн шинэ дэглэм буюу “олон туйлт тогтолцоо” хүчирхэг гүрнүүдийн “нэгийгээ үзэлцэж, нэхийгээ уралцах” аргаар шийдэгдэх бололтой. XVI зууны сүүл үеэс Русь хэмээх улс Орос хэмээх эзэнт гүрэн болон хувирч Европын орнууд янз бүрээр хоршин хүчээ нэгтгэж Оросыг дарахын тулд олон дайн хийж ялагдсаны сүүлчийнх нь 1941-1945 оны дайн байлаа. Зөвлөлт гүрэн задарч, түүний буурин дээр үлдсэн Орос орныг Зөвлөлттэй харьцуулахад газар нутаг нь 29 хувь, хүн ам нь 41 хувь, аж үйлдвэр нь 40 хувиар багасчээ. Тухайн үедээ Зөвлөлт улс эдийн засгаараа дэлхийд хоёрдугаар байр эзэлж байсан бол одоогийн Орос улс 10 дугаар байр эзэлж, ХБНГУ-ын эдийн засгийн  гуравны нэг, АНУ-ын эдийн засгийн аравны нэгийн хэмжээтэй үлджээ.

Дэлхийн II дайнд АНУ, Англи улсууд ЗХУ-ын холбоотон болж байсан бол одоо Умард Атлантын Холбоо /УАХ/-нд багтаж, Оросын эсрэг хүч үлэмж нэмэгджээ. Зүүн Европын Варшавын гэрээний орнууд УАХ-нд элсэв. Энэ бүхэн Европын хонзогногч милитаристуудын олон зууны турш хуримтлуулсан өш хонзонгийн галыг өрдөж, Оросыг устгах дайнд дахин мордож, Дэлхийн III дайны чичлүүр хутга болоход хүргэжээ.

Гурав.

Дэлхийн III дайны хамгийн хурц илрэл нь одоогоор Украины нутаг дахь дайн юм.Нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ дайны учир шалтгаан, мөн чанарыг ОХУ 2014 онд Крымийн хойгийг эзэлсэн, 2022 онд Украины эсрэг “цэргийн тусгай ажиллагаа” эхэлсэнтэй холбож тайлбарлах нь олонтаа тохиолддог. Эдгээр үйл явдалтай холбож барууны орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хамтын ажиллагааны бүх салбарт гадуурхан хязгаарлах бодлого явуулж эхэлсэн билээ. Үйл явдлын он цагийн дарааллыг тоочиход энэ бүхэн үнэмшилтэй гэж үзэж болох юм. Гэхдээ хорвоогийн үзэгдлийн үнэн утга учир нь бодит илрэлээсээ огт өөр байдаг /Экзюпери/ жам түгээмэл ажээ.

Үйл явдлын он дарааллыг өчүүхэн урагшлуулж харвал ОХУ 1991 тусгаар тогтнолоо зарласнаас хойш 2007 он хүртэл хугацааг Орос-Барууныхны харилцааны “Бал сар” гэж үзэж болох юм. Энэ үед Америкийн цэргийн онгоцууд Оросын нутаг дээгүүр зэвсэг тээж Лиссабоноос Владивосток хүртэл нэгдмэл орон зай үүсгэх тухай ч яригдаж байв. Гэвч энэ үед Барууныхан Ираны пуужингаас хамгаалах нэрийн дор Румын Польшид агаарын довтолгооноос хамгаалах пуужин байрлуулж, Украин, Гүржийг Умард Атлантын Холбоо /УАХ/-нд элсүүлэх шийдвэр гаргаж байв. Оросууд Горбачев-Бейкерийн аман тохироог иш татаж УАХ-г Дорно зүг өргөтгөхгүй байхыг ятгаж, өөрийн агаарын хамгаалах төвийг хамтран ашиглахыг хүртэл баруунханд санал болгоод ч тусыг олсонгүй. Ийм нөхцөлд 2007 оны Мюнхены бага хурал дээр В.Путин нэг туйлт ертөнцөөс салах тухай үзлээ илэрхийлж, “Бал сар” дууссан билээ.

2008 оны наймдугаар сарын 8-нд Гүрж Өмнөд Осети дахь Оросын цэргийн анги руу довтолсон нь Дэлхийн II дайнаас хойш Орос руу түрэмгийлсэн анхны зэвсэгт хадлага байлаа. Гүржийн энэ халдлага Оросын хувьд хэзээ ч үл мартах анхааруулга болсон юм. Энэ үеэс Орос орон цэргийн шинэтгэл, зэвсгийн үйлдвэрлэлээ эрс шинэчлэх замд орж, улс төрийн дэглэмээ чивчрүүлсэн гэхэд андуу болохгүй. Энэ бүхэн аль ч улс оронд, аль ч цаг үед зайлшгүй байх ёстой өөрийгөө хамгаалах хариу цочрол юм.

 В.Путин 2000 оны эхэнд Ерөнхийлөгчийн суудалд дөнгөж очмогц “Миний хамгийн гол зорилго бол Оросын задралыг зогсоох явдал юм” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчийн суудалд эргэж ирмэгц сэтгүүлчдийн “Та тэр зорилгодоо хүрсэн үү” гэсэн асуултад “Үгүй” хэмээн хариулж байлаа.

Орос орны дотоод энэ эмзэг байдлыг ашиглах гаднын оролдлого янз бүрийн чиглэлээр өрнөж байв. 2013 онд В.Путин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр үг хэлэхдээ “Одоогоос 50-аад жилийн өмнө Петербургийн гудамжнаас миний олсон сургамж бол зодолдох нь зайлшгүй болсон үед түрүүлж цохих явдал юм” хэмээн анхааруулж байлаа. 2014 онд Украинд төрийн эргэлт болж, Оросын эсрэг дэглэм тогтож, түүнийг эсэргүүцсэн голдуу орос угсаатнуудаа “алан хядагчид” хэмээн зарлаж иргэний дайн эхэлжээ. Украины төрийн эргэлт барууны орнуудын шууд ивээл дор хэрэгжиж, Украины нутгийг УАХ-ны түшиц газар болгох, Хар тэнгис, Азовын тэнгисийг хяналтдаа авах төлөвлөгөө нууц биш хэрэгжиж эхэлснийг нийтээр мэднэ.

Украин УАХ-нд элсэж, түүний цэргийн бааз байгуулагдсан нөхцөлд зөвхөн байлдааны пуужин Украинаас Москва хүртэл нисэх хугацаа нь хүний оролцоотой хамгаалалтын нормативаас бага болж, Орос сүйрэх аюул тулгарах төдийгүй, Хар тэнгисийг алдсан Орос Газрын дундад тэнгисээр дамжин Ойрхи Дорнод болон Африкт хүрэх боломж, нөлөөгөө бүрэн алдаж хяналтад орсноор дэлхийн гүрэн байх чадваргүй болж шахагдан  бүс нутгийн гүрний зиндаанд зайлшгүй буух болно. Орос улс Крым болон Украины бусад газарт амьдарч ирсэн орос угсаатнаа хяхалт хавчилтын орчинд орхивол өөрийн нь дотоод задрал зайлшгүй тавилан болж ирэх нь хэнд ч тодорхой. Ийм нөхцөлд Орос улс 2022 онд өөрийн ашиг сонирхлын “улаан шугам”-аа дэлхий нийтэд зарлаж, Украиныг УАХ-нд элсүүлэхгүй, түүний дотоод асуудлыг Минскийн гэрээний дагуу шийдэх байр сууриа Барууныханд илэрхийлсэн боловч тэд нь тоомсорлосонгүй. Ийм нөхцөлд оросууд Украиныг нацизм, милитаризмаас цэвэрлэх зорилготой цэргийн тусгай ажиллагааг эхэлж, гадынханд оролцохгүй байхыг анхааруулсан билээ. Энэ бол улс үндэстнийхээ аюулгүй байдал, язгуур эрх ашгийг хамгаалах үүргээ ухамсарладаг, түүнийгээ хэрэгжүүлэх чадвартай төрийн хийх ёстой л алхам. Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн анхны алхамаас эхлэн УАХ-ныхон Украинд зэвсэг, техник, хөлсний цэргүүдийг нийлүүлж, өдгөө Украины талд УАХ, түүнийг дэмжигч 20 гаруй орон зэвсэг, санхүүгийн болон хөлсний цэргүүдээр туслан дэмжиж байлдаж байна. Энэ дайныг үрслэн төлжүүлэгчид Орос орныг ганцаардуулан боомилж, “навтас” болтол нь урсан эдийн засгийг нь улам сүйрүүлэн 8-32 хэсэг болгон хуваах төлөвлөгөөгөө нуугаагүй билээ.

Гэвч Орос улс эдийн засгийн бие даасан байдлаа бэхжүүлэн тогтворжуулж, байлдааны зэвсэг техникээ үндсэнд нь шинэчлэн дэлхийд тэргүүлэх түвшинд хүргэж, Ази, Африк, Латин Америкийн  уудам орон зайд нэр нөлөөгөө өргөж, гадаад бодлогын үзэл номлолоо шинэчлэн өөрийгөө “Евразийн бие даасан соёл иргэншил мөн” хэмээн тунхаглав. Дэлхийн шинэ хүчирхэг орнууд Оростой харилцаагаа таслалгүйгээр үл барам, Хятад улс Оростой “холбоотноос илүү” ойртож эдийн засаг, цэрэг-улс төрийн хамтын ажиллагаа явуулах болсон нь аль нэг улс гүрэн Дэлхийн III дайнаар далимдуулж дангаар ноёрхол тогтоох боломжийг бүрэн цуцалж байгаа нь энэ цагийн гол үнэн юм.

Дөрөв.

1991 онд  ЗХУ задрахаас өмнө Украин улс эдийн засаг, амьдралын түвшингээр тухайн орчиндоо тэргүүлэх түвшинд хүрсэн, байгалийн баялаг /үржил шимт газар, газрын тос, хий, төмөр, чулуун нүүрс, уран г.м/ ихтэй, шинжлэх ухаан технологийн өндөр түвшинд хүрсэн орон байлаа. Гэтэл Украин улс тусгаар тогтнолоо олж, ардчилсан тогтолцоонд шилжсэний дараа 30 жил өнгөрөхөд хүн амын гуравны нэг хувь нь дүрвэж, эдийн засаг нь 3-4 дахин доройтож, дэлхийн дайны цэрэг зэвсгийн мөргөлдөөний голомт болж хувираад улс үндэстний хувьд сүйрэл мөхлийн ирмэгт хүрч байна. Украины энэ эмгэнэлт замналыг нарийвчлан судалж, сургамжийг зөв үнэлэх нь адаглаад Монгол орны хувьд тулгамдсан шаардлага болж байна. Энэ талаас хандвал:

1.Аль ч улс орон оршихуйн орон зайгаа зөв оноож, зам мөрөө зөв томъёолох нь хувь заяаг шийддэг ажээ.

ЗХУ задарсны дараа Украин улс  өөрийн өндөр технологи, хэл соёлын нэгдмэл үндэс язгуур, зах зээл, аж ахуйн өв уламжлалд түшиглэн ЗХУ-ын орон зайд хамтын ажиллагааг эрчимжүүлэн тэргүүлэх байр эзлэх боломж нээлттэй байлаа. Гэвч энэ давуу талаа орхиж, өөрөөс өндөр хөгжилтэй Евродын зах зээл дээр тодрохыг оролдоод геополитикийн золиос төдий үлджээ.

2.Украин тусгаар тогтнолоо тунхаглаж, ардчилсан тогтолцоонд шилжсэн ч тусгаар тогтнолын ачааг үүрч, ардчилсан нийгмийн сөрөг талаас сэргийлэх төрт ёсны тэнхээ, нийгмийн дархлаа дутжээ. Мянган жилийн түүх, шашин,соёлын нэгдмэл орчноос салж, үгүйсгэх оролдлого нь түүнийг ганцаардуулан, үндсэрхэг үзэл өш хонзонгийн золиос болгожээ.

3.Украины эдийн засаг, улс төрийн тогтолцоо олигархуудын эрхшээлд орж, бүсчлэн хуваагдаж, тэдгээрийн тэмцэл, өрсөлдөөний золиос болжээ. Олигархууд дотоод тэмцэлдээ гаднын хүч, нөлөөг ашиглахыг эрмэлзэж, үндэснийхээ язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг найр тавьсан нь түүнийг тоглоомын улсын түвшинд хүргэжээ.

4. Хөрш оронтойгоо тэмцэж, холын оронтой ханилах буюу хөршийнхөө аюулгүй байдал, эрх ашгаар харийнханд зулгуйдах нь улс төр, эдийн засгийн бүх хүрээнд хоёр галын хооронд оруулж, “хадны завсар хавчуулдаг”-ийг Украины үйл явц харууллаа.

5.Украинд өрнөж буй дайны нэг гол шалтгаан нь Украин Балтийн орчмын орнуудыг дагалдан Оросын аюул хэмээх мануухай босгож, УАХ-нд шургахыг оролдсон явдал юм. Эртний Ромын Цицерон “Айдас бол ухаанаас ангижирсан болгоомжлол мөн” гэж номложээ. Монголчууд “Айсан хүн айл эвдэнэ” гэдэг. Европынхны айдасаас Оросыг устгах үзэл төрж байна.

6.Ардчилал бол иргэн хүн , төр гүрний аль ч түвшинд хариуцлагын тотолцоо юм. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг иргэд нь өш хонзон, атаа хорслоо илэрхийлэх эрх хэмээн, төр засаг нь түүнийг хөөргөн дэвэргэвэл улс нийгэм нацизм, фашизмын нүхэнд унадагийг Украин харуулав.Украины барууны үзэлт улс төрийн хүчнүүд удаа дараагийн сонгуульд Орос угсаатан голлон амьдардаг Днепрээс зүүн тийш нутагт ялагдсаны дараа оросуудыг хажиглах үзэл төрийн бодлого болж, иргэний дайнд хүргэсэн юм.

7.Төр мунхрах нь улс мөхөхийн эхлэл болдгийг түүх гэрчилнэ. Украин улсад 2014 оноос парламентад нь гадаадаас тэжээгддэг үндсэрхэг үзэлтэй улс төрийн хүчнүүд ноёрхож, Засгийн газраа  гадаадын иргэдээр бүрдүүлсэн нь төрийн бодлогыг завхралын туйлд хүргэж, Оростой дайн хийхийг үндэсний номлол болгосноор одоогийн эмгэнэлд хүрчээ.

Тав.

Том гүрнүүдийн бодлогын тунхаглал, эдийн засгаа цэрэг-дайны зорилтод шилжүүлж байгаа болон үйл явдлын учир шалтгааны талаас авч үзвэл, дэлхийг доргиосон дайн ойрын 10-аад жил үргэлжлэх өндөр магадлалтай ажээ.

Ямар боловч Монгол орны хувьд энэ үеийнхэн нь элэг бүтэн, хойч үеийнхэн нь хоч нэргүй үлдэхийн тулд тайван цагийнхнаас үлэмж холч ухаан, хүч чармайлт шаардагдах болно. Улс орон хэдий бага буурай боловч өөрийн язгуур эрх ашиг, аюулгүй байдлаа хамгаалж хадгалах өөрийн онцлогтой билээ.

Монголчуудын үндэсний ухамсар, төрт ёсны ухааны өв соёл нь төвөгтэй хүнд үед цаг зуурын ашиг хонжоо эрэхгүйгээр үнэн шударгыг үндэс болгож, андын холбоонд үнэнч байхад тулгуурладаг. Монгол төрийн гадаад бодлого, үйл ажиллагаа одоо цагийн шинэ нөхцөлд энэ зарчмыг үндэс болгож, өөрсдийн оршин буй нутгийн тогтвортой аюулгүй байдал, хөгжил дэвшлийн зорилтод чадал бололцооныхоо хэрээр идэвхтэй оролцож байгаа нь иргэдийнхээ өргөн дэмжлэг хүлээж, олон улсын харилцааны түвшинд тод илэрч байгаа билээ.

Тэгэхдээ улс үндэстний тэвчиж туулах, амьдрах чадвар нь зөвхөн гадаад бодлогоор хязгаарлагдахгүй. Хүн төрөлхтнийг хамарсан дэлхийн доргион хүний ухамсраас үүдэлтэй. Монгол орон хэдийгээр дэлхийн дайны шалтаг шалтгаанаас хол байгаа ч гэсэн энэ талаарх нийгмийнхээ итгэл үнэмшил, сэтгэл зүйн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах, нөөц бололцоогоо дайчлан амьдрах чадварыг дээшлүүлэх, төрийн хариуцлагыг улам чамбайруулах шаардлага улам нэмэгдэж байна. Энэ асуудлын зарим сэжүүрийг хөндвөл:

Нэгэн зүйл.

Монголчууд “Муу эр дайнд хөөрдөг” гэж ярьдаг. Аль нэг хурц үйл явдлын утга учрыг тунгаахгүйгээр сэтгэлийн хөөрөлд  автаж, олны дундаас цойлох араншинтай хүмүүс хаа сайгүй л байдаг. Тэднийг олон түмэн төвөггүй таньдаг юм.

Харин гадаад дотоодын элдэв этгээдийн явцуу сонирхолд үйлчилж, тэдний захиалгаар тэдний зохиосон хуурамч мэдээлэл, түүвэрлэн авсан өрөөсгөл мэдээллийг нийтэд түгээх, “тархи угаах” замаар нэр төр, ашиг хонжоо хөөцөлдөгчдийг танихад нэн төвөгтэй.

Ийм ухуулга аливаа үзэгдэл, үйл явдлын үнэн утга агуулга, учир шалтгааныг гуйвуулж, нийтээр эрхэмлэдэг үнэт зүйлтэй зохиомлоор холбосноор олон түмнийг мунхруулан өөрийн хань хамсаатан болгохыг хичээдэг тул нийгмийн ухамсар, сэтгэл зүйг үе дамжуулан хордуулж, өш  хонзонгийн үрийг тарьдаг.

Энэ удаагийн дэлхийн дайныг ардчилал, эрх чөлөө болон дарангуйлагч дэглэмийн хоорондын тэмцэл мэтээр сурталчлах нь давамайлж байгаа боловч үнэн утга нь улс үндэстнүүдийн оршихуйн тэгш эрх, шударга ёсыг хэрэгжүүлэх аюулгүй байдлыг баталгаажуулах, дэлхийн шинэ дэглэм тогтох, эсэхийн хувь заяаг шийдэх цагийн өнгө юм.

Нэгэн зүйл.

Сүүлийн үед өнгөц харахад үндэснийхээ эрх ашгийг дээдэлж байгаа мэт боловч утга агуулга нь монгол орныг хүрээлэн буй хөршүүдтэй нь харшил зөрчлийн замд оруулахад чиглэсэн мэдээлэл цацагдах нь олширч байна. Ийм ухуулгын нэг гол санаа нь хоёр хөршөөсөө айж, тэднийг хардаж, тэрсэлж амьдрахад чиглэж байна.

Ойрхи Дорнодын  гүн ухаантнууд  “өлсгөлөн, айдас хоёрын зовлонгоос хагацсан цагт боолын цусны сүүлчийн дусал хүнээс зайлдаг” гэж сургадаг. Монголчууд хоёр хөршөөсөө айх ёстой, айж байна хэмээн ухуулах нь нийгмийн сэтгэхүйд боолын дөнгө зүүж, аврал, нөмөр эрж хувь тавилангаа муруй зам, мухар нүхэнд оруулах арга юм гэдгийг хэзээ ч, хэн ч мартаж боломгүй. Найман зууны тэртээ Евразийн уудам орон зайг нэгтгэсэн Их Монгол гүрэн байгуулагдсанаас хойш монголчуудын түүх нь Орос, Хятад үндэстнүүдтэй салшгүй холбоотой билээ.

Хоёр том гүрний битүү хүрээлэлд тэсэж орших нь бусад аль ч нөхцөлд үл тохиолдох нарийн төвөгтэй асуудалтай тулгардгийг  монголчууд мэднэ. Тэглээ гээд хувь заяандаа зөвхөн гоншрох байрнаас хандах үндэсгүй. Түүхийг эш татвал, одоогийн Монгол, Орос, Хятад гурван улс Чингис хааны байгуулсан Их гүрний үндсэн бүрдэл болох утгаараа хэдий соёл иргэншлийн ялгаатай боловч оршихуй, эрх ашиг, ертөнцийг  харах үзэл, соёлоор засаглах төрт ёсоор төстэй талууд нь одоо цагийн хүн төрөлхтний амьдралын нэгдмэл бөгөөд өвөрмөц нэг орчныг бүрдүүлж байдаг юм.Энэ гурван улс оронд монгол угсаатан хуваагдан амьдарч байна. Монгол орон дэлхийн ирээдүйн өнгийг тодорхойлох хоёр үлэмж том гүрний битүү хүрээлэлд оршиж байгаа нь одоогийн олон улсын “түгшүүртэй, тодорхойгүй” нөхцлөөр гаднын алив хүчирхийлэл, нөлөөнөөс хамгаалах утгаараа “өөхөн доторх бөөр, өндөгний доторх шар”-ын орчин бүрдүүлж байна.

Дайны гал Монголд ирэхгүй нь баталгаатай. Нөгөө талаас их гүрнүүдийн битүү хүрээлэл бол хил залгаа их зах зээлийн хүрээлэл юм. Эдгээр зах зээлийг түшиглэх нь манай эдийн засгийн өсөлт хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл байх нь эргэлзээгүй. Эдгээр бодит хүчин зүйлийг үндэслэн хил залгаа хоёр хөрштэйгээ эрх  тэгш хамтын ажиллагаагаа гуйвалтгүй хөгжүүлж, найдвартай, түшигтэй, найрсаг, ухаалаг түнш байх чадвараа дээшлүүлэх нь одоо цагийн монголчуудын нэн чухал зорилт  мөн юм. Монгол орон олон зууны дараа тусгаар тогтнол, бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь гартаа авч 30 гаруй жилийг туулахдаа эрх тэгш харилцааг эрхэмлэсэн улс орнуудтай нээлттэй харилцаж, олон түнштэй болсны дотор мөнхийн хоёр хөршөөс гадна, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, АНУ-тай стратегийн түншлэлийн түвшинд харилцах болжээ.

Монголын түүхийн шинэ эргэлтийн хүнд үед Европын олон орон туслан дэмжиж, түшиг тулгуур болсныг бид мартах ёсгүй. Дэлхийн улс төрийн газар зүй доргиж дайны түвшинд хүрч байгаа одоо цагт манай орны “гуравдагч хөршүүд” өөр өөрийн үндэсний эрх ашиг, үзэл номлолоороо янз бүрийн хүрээнд хамрагдаж байгаа нь хүн төрөлхтний араншингийн нэг л цагийн өнгө юм. Улс гүрнүүд нэг цагт зөрчилдөн хямравч өөр нэг цагт нэгдмэл дэлхий дээрээ нэг хувь заяатайгаа хүлээн зөвшөөрч хамтран орших л болно.

Үүнийг үндэс болговол, хэнтэй ч ямар ч зөрчил маргаангүй Монгол орон аль нэг талыг барьж туйлшрах нь утгагүй. Түүнчлэн Монгол орон хүн төрөлхтний нэгэн үнэт өв болох нүүдэлчдийн соёл иргэншлийн голомтыг хадгалж, дэлхийн гурван их шашин соёлын уулзвар дээр  оршдог уугуул угсаатны чөлөөт ардчилсан нийгмийн тогтолцоотой улс болохоос гадна, Умарт Азийн ус, салхины хагалбар болох талаасаа бүс нутгийнхны өмнө өндөр хариуцлага үүрч байдаг онцлогтой. Энэ бүхэн монголчууд аливаад тэвчээртэй, хүлээцтэй хандаж, олон талын нээлттэй харилцаанд оршиж, шударга үнэний хорвоод хүний мөс чанарын үнэлэмжээр амьдрах шаардлага төрүүлдэг. Өөрөөр хэлбэл, монголчууд өөрөөс нь үл хамаарах элдэв зөрчил тэмцэлд хөөрцөглөн туйлшрах буюу бусдын хямрал, хүндрэлээс ашиг хонжоо горьдох замд хэзээ ч орохгүй.

Нэгэн зүйл.

Дэлхий нийтийг хамарсан алив том хямрал, доргионы дараа хүн төрөлхтөн улам ухааран хэрсүүжиж, шинэ арга технологи, шинэ зохион байгуулалтаар амьдардаг нь хорвоогийн жам юм. Энэ зарчим монголчуудын хувьд  ч үнэн бат хэрэгжих болно. Монгол орон одоогийн байдлаар бүс нутагтаа “Хоцрогдлын хонхор” болж нэг хүнд  ногдох үндэсний орлого дэлхийн болон өөрийгөө хүрээлж буй ОХУ, БНХАУ-ын дунджаас тус бүр 2.82-2.92 дахин хоцорч /2021 онд/  байгаа билээ. Түүгээр ч барахгүй сүүлийн 20-оод жил гадаад өр зээлийн эргүүлэгт орж, эдийн засгийн “Голланд өвчин”-д нэрвэгдэж, улс төрд олигархууд ноёрхож, төрд авлига архагшсан, хууль эрх зүйн тогтвортой байдлаараа “Зэрлэг капитализм”-ын тогтолцоотой “Гадилын орон”-ы хам шинжийг чамгүй илэрхийлж иржээ. Хэдийгээр сүүлийн цөөн жил энэ бүхнийг өөрчилж төр тогтворжиж, бодлого цэгцрэх чиг ажиглагдаж байгаа ч гэсэн дэлхий нийтийн шинэ хандлага цаг хугацааг улам нягтруулж, амьдрах аргаа шинэчлэх шинэ шаардлага төрүүлж байна. Олон улсын харилцаа, худалдаа, хамтын ажиллагаа, валют-санхүүгийн шинэ дэглэм тогтоход хэн боловч “Ахын хөөрхөн дүү, ардчиллын сайн банди” нэрээр зээл тусламж гуйж амьдрах орон зай үлдэхгүй. Үндэснийхээ эрх ашгийг холчоор илэрхийлж ухаалгаар хамгаалах чадвартайгаа нотолсон нөхцөлд л түншүүдийн итгэл, хүндэтгэл хүлээж чадна. Хэрэв арчаагүйн балчигт шигдсэн хэвээр үлдээд “авдрыг минь ухаж алтыг нь аваад хишиг хүртээгээч” хэмээн бусдыг царайчлах  ахул бурхан царайлж, буян амалж ирэх луйварчид мундахгүй нь лавтай.

Энэ бүхнийг харгалзвал манай орны хувьд цаг алдалгүй шийдэх олон зорилт тулгарч байгаагийн дотор гол зангилаа нь:

1.Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох эрх зүйн тогтолцоо, арга барил, зохион байгуулалтаа үндэснийхээ эрх ашиг, харилцан ашигтай хамтын ажиллагааны зорилтод нийцүүлэн төгөлдөржүүлэх шаардлага нэн хурц болж байна. Ашигт малтмал, татвар, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг хүрээнд одоо үйлчилж буй хууль эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоо, нийгмийн шилжилтийн үеийн эмзэг, ээдрээтэй нөхцөлд дотоод, гадаадын луйварчид, “эдийн засгийн алуурчид”-ын шууд оролцоотой бүрэлдэн тогтсон билээ. Түүний уршиг Толгойтын алт, Тавантолгой, Оюутолгой, Тамсагбулаг, Мардайн ордын ашиглалтад илэрчээ. Ийм байдал цаашид үргэлжлэх ёсгүй.

2. Улс орныхоо эдийн засгийн хоцрогдлыг гэтэлж, хараат бус, өөрийгөө нөхөн тэтгэх чадвартай үндэсний цогцолбор бүрдүүлэхийн тулд төрөөс эдийн засгийг жолоодох, удирдах тогтолцоо, арга технологийг эрс шинэчлэх шаардлага нэн хурц болж байна. Эдийн засгийн цар хүрээ үлэмж багын улмаас чөлөөт өрсөлдөөний хөрс сулын дээр үйлдвэржсэн салбаруудын инженер-технологийн өв, мэргэшсэн ажиллах хүчний нөөцгүй, эдийн засгийн хөшүүргүүд гадаад зах зээлийн тохиолдлын хэлбэлзлийг даах чадал тэнхээ бүрдээгүй одоогийн нөхцөлд төрөөс эдийн засгаа жолоодох, засах алгоритмыг зорилтот хөтөлбөрийн зарчимд шилжүүлэх нь зайлшгүй бөгөөд цорын ганц зөв зам болж байна.

Энэ нь юуны өмнө, эдийн засгаа хөгжлийн гол зангилаа чиглэлүүдээр үндэсний зөвшилд хүрсэн төслүүдийг зорилтот хөтөлбөрийн хэлбэрээр томъёолон хувийн хэвшлийн оролцоонд хамгийн таатай, тогтвортой нөхцөл бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх замаар хүчийг зангидах тухай асуудал юм.

Зорилтот хөтөлбөрийн зарчимд  шилжсэнээр нэг талаас, төрийн төвлөрсөн төлөвлөлтийг мөрөөдөх, нөгөө талаас зах зээлийн “далд гар”-ыг шүтэх туйлшралаас ангижирч, хомс бага хүч бололцоогоо зангидан үр ашигтай хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Зорилтот хөтөлбөрийн төслүүд эрчим хүчээр өөрийгөө хангах, түүхий эдээ боловсруулалтын шат ахиулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, инфляцийг зогсоох зэрэг гол зангилаа асуудлуудыг шийдэхэд чиглэх нь дамжиггүй.

Тэгэхдээ Монголын хөгжлийн ирээдүйтэй хөдөлгүүрийг бүтээх нь өөр асуудал юм. Аль ч талаас нь хандсан төрийн ийм бодлогын нэг гол чиг нь тоон технологи, хиймэл оюуны системийг  хөгжүүлэх үндэсний хөтөлбөр байх нь дамжиггүй. Энэ талаар ойрын 10 жилд дэлхийн түвшинд хүрэхэд асар олон бэрхшээл тулгарах боловч боломжгүй зүйл биш юм.

Юуны өмнө, хүн ардынхаа оюун ухааны чадал тэнхээнд итгэх нь чухал. Сүүлийн 20 жилд Монголын хүүхдүүд олон улсын математикийн олимпиадад оролцсон байдлыг үзвэл, таван алт, 11 мөнгө, 30 хүрэл медаль, 20 тусгай шагнал хүртжээ. Энэ бол дэлхийн хүн амын 0.045 хувийн эзэлдэг монгол орны хүүхдүүдийн амжилт төдийгүй тэдэнд итгэж, тэдэнд тусалж, тэднийг дэмжиж түшвэл хүссэн өндөрт хүргэх хүчит жигүүр өсөж бойжиж байгаагийн баталгаа юм.

2023.6.13

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img