"Найман ишиг"-ний гэх хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов
Хуваалцах:
img

Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн танхимд өнөөдөр “Найман ишигний” гэх хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан боллоо. 

Тодруулбал, Хэнтий аймгийн Прокурорын газраас эхнэр нөхөр болох Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн 17.12.2 дах хэсэгт тус тус зааснаар олон тооны малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан, Ц.Т-ийн ээж болох Б.Д нь мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан…” зэрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.

Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сарын 4-5-ны өдрийн хооронд бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж Т.Б-ийн 44 ишиг, есөн хурга, Ж.Э-ийн гурван бүдүүн хонь нийт 56 толгой малыг тэмдэглэсэн хуучин цэнхэр өнгийн будгийг нь ногоон өнгийн будгаар дарж өөрчилсөн, мөн найман тооны ишгийг Портероор тээвэрлэн Н.Г-ийн хонин сүрэгт нийлүүлж, Т.Б-д 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан нь нотлох баримтаар тогтоогдсон хэмээн үзсэн билээ. Иймд шүүгдэгч нарын гэмт үйлдлийн шинжийг харгалзан Л.Г-д 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Ц.Т-д хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тус тус шийтгэн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхээр дахин шийдүүлэх шийдвэр гаргалаа. Ингэснээр хэрэгт холбогдсон эхнэр нөхрийг суллахаар болж байгаа юм.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img