Үерээр дэлгэгдсэн ҮНЭН
Хуваалцах:
img

Ч.Ариунганга

Усан туулай жил дэлхийн өнцөг булан бүрт бороо хур элбэг, үер болох нь элбэг байна. Азийн орнууд, тэр дотор БНСУ, Хятадын нийслэл Бээжинд болсон үерт олон хүн өмч хөрөнгөөрөө хохироод зогсохгүй, зарим нь амь насаа алджээ. Монголд  үеийн  давтамж ойртож,  аянга буух үзэгдэл хэдэнтээ тохиож хүний амь эрсэдсэн. Улаанбаатар хотын нам дор газрууд, жалга, судаг дагасан үерийн амнууд нэлэнхүйдээ усанд автсан. Хөдөө аймаг, сумдад малчид, иргэд  үерийн гамшигт өртсөн. Дарь-Эх орчим уулын  үерт  олон айл  орон гэргүй болж, унаа машинаа эвдэж, арав гаруй хүн амь насаа алдлаа. Гамшиг ослоос айж цочирдсон,  гэмтэж бэртсэн, ойр дотныхон, үр хүүхдээ алдаж уй гашууд автсан  хүмүүст  туслах хандивын аян өрнөж байгаа ч хар дарсан зүүд мэт өдрүүд өнгөрч ядан байна. Гэтэл бороо хур татрах цаг болоогүй. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар наймдугаар сард  бороо хур элбэг байх  төлөвтэй. Есдүгээр сард ч хур тунадас орохоор байгаа нь урьдчилсан мэдээллээсхарагдана. Газрын хөрс хатаж амжаагүй байхад есдүгээр сарын сүүлчээс нойтон цас дарвал мөсөн зуд болох аюул үүсэх эрсдэлтэй юм. Тийм болохоор цаашид яахыг таашгүй.

ИРГЭДЭЭ УЛАНД ЖИЙСЭН УЛСТӨРЧДИЙН ГАЙ

 Ер нь бол үерийн гамшиг нүүрлэснээр монголчууд үнэнтэй нүүр тулж байна гэхэд болно. Энэ  бол Монголын төрд бугшсан авлига хээл хахууль, буруу бусармаг байдал чинээндээ тулчихаад үерээр дэлбэрч буйн  илрэл. Үерийн даланг сэтэлж, голын голдирлыг өөрчлөн олон  давхар барилга барьж, шатахуун түгээх станц байгуулснаас үүнийг харж болно. Үерийн аманд шинэ хороо байгуулаад суурьшчихсанаас харагдана. Хүн амын төвлөрлийг дагаад нийслэлд газрын наймаа, авлигаар өгч авалцдаг  газрын зөвшөөрөл гэх бизнес хэрхэн хүч түрсэн нь  Aqua garden буюу “Авлига хороолол”, S Outlet дэлгүүр зэрэг барилгууд, тэдгээрийн орчин тойрноос мэдрэгдэнэ. Тэнд бугшсан хууль зөрчсөн, тодруулбал хотын ерөнхий төлөвлөгөөнд ороогүй болохгүй, бүтэхгүй бүхнийг  мөнгөөр болгож, хийж хэрэгжүүлж ирснийг энэ зуны  бороо хур, үер ус ил гаргалаа. Мэдээж энэ хүртэл хэвлэлүүд бичсэн, иргэд шүүмжилсэн, тэглээ ч үнэний дуу хоолой хүчин мөхөсдөж, мөнгөөр бүхнийг шийдэж ирсэн эрх мэдэлтнүүд, улс төр, бизнесийн бүлэглэлүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, иргэдээ уландаа жийж  ирсний гор нь ийнхүү гарч байна.

МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОРОНД ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭЭ ТАВЬСНЫ  ГАЙ

Гэхдээ энэ бүхэнд нэг нам, эсвэл хэн  нэг хүн буруутай  биш юм. Жишээ нь, одоо   эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа Хотын дарга дангаараа бус  түүний өмнөх үе үеийн дарга нар, өнгөрсөн 30 жилд хотыг удирдсан хүмүүс, ерөнхий менежер, архитекторчид, зураг төсөл  гаргагчид давхар  хариуцлага үүрэх учиртай. Дээр нь МАНАН гэж хэлэгдтэл хосоороо явж, ээлжилж  эрх барьсан хоёр том нам,   сайд дарга нар, Ерөнхийлөгч бүгд хариуцлагаас бултах учиргүй. Тэд төрийн толгойд гарч суучихаад  үүрэгт ажлаа хийж, төрийн нүд, чих болж ирсэн төрийн албан хаагчид, мэргэжилтнүүд,  эрдэмтэн мэргэд, судлаачдыг хөөж зайлуулсан. Яах гэж тэр вэ гэсэн асуулт гарна. Ажлаа мэддэг төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийн дэргэд мэдлэг боловсролгүйдээ ичээд тэр байх. “Энэ хүмүүс надаас илүү юм чинь миний ажлыг булаах вий гэж айсан байх”  гэхчлэн хариулт бас олдох биз. Хамгийн гол нь МАН, АН хоёр ээлжилж эсвэл хамтарч дөрөв дөрвөн жилээр засаг барихдаа төрийн албан хаагчид, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдын дуу хоолойг огт сонсож байсангүй. Улсын төсвөөс эхлээд тооцоо судалгаагүй улс төрөөр хараад, дүгнээд, шийдээд ирсний гор ингэж гарч байна. Сүүлдээ төрийн албан хаагчдыг хуйгаар нь халж, сольж, эрдэмтэн мэргэдээ гаргуунд нь гаргаж, ажилгүй болгож гэр рүү нь хөөж явуулчихаад тэдний оронд нууц амраг, тойрон хүрээлэгч, танил тал, ах дүүс, сонгуульд ажилласан багийнхнаа тавиад төрийн албыг, мэргэжлийнхний орон зайг мөнгө илэх орон зай болгож ашиглах болсон. Эрдэмтдийн судалгаа архивт ороод алга болдог, мэргэжилтнүүдээ сонсохоо байсан, төр данхайсан гэх үгсийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлаас буухынхаа өмнө гэнэт ухаарсан мэт хэлж байсан, тэрийг нь тоож сонссон  хүн байхгүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод өөрийн ивээлд эрдэмтдийг хуралдуулж, шинжлэх ухаанд төсөв мөнгө гаргана гэсэн бас л байхгүй.

May be an image of 4 people and text

МӨНГӨӨР САНАЛАА ӨГЧ, МУНХАГУУДЫГ ОРОЙДОО ЗАЛСНЫ ГАЙ

Сонгуульд санал өгөхдөө “мөнгө цагаан, нүд улаан” болсон хүн олширсон. 20 мянган төгрөг, хоёр кг будаагаар л  саналаа өгчихдөг болсон. Цаадуул нь ч иргэд, сонгогчдыг тийм байлгах дуртай. Тийм ч учраас ард түмний амьдралыг дээшлүүлэх талаас хуруугаа ч хөдөлгөдөггүй. Улам ядууруулж, уланд аваачих л хүсэлтэй. Цалин, тэтгэврийг нь хэдхэн төгрөгөөр нэмсэн болоод өөрсдийн талх, нарийн боовны үйлдвэр,  сүлжээ дэлгүүр, хүн, барааны захуудаар үнээ нэмээд ховх сорчихно.

Ер нь бол элдэв цуглуулга мэт дуулдаг, жүжиглэдэг нөхдүүд, хамаг ганган дээрээ тавьчихаад бусдын бичсэн текст, нэвтрүүлгийн зохиолыг эфирт уншаад сууж байдаг нэвтрүүлэгч, эсвэл уран гоё үгээр попрогч, илтгэх чадвараа итгүүлэх арга, санал авах тактик болгосон попрогч, аль нэг намыг эсвэл даргыг дагаж цүнх барьж намирсан өөрийн толгойгүй хүмүүсийг дөрөв дөрвөн жилээр сонгож, тархин дээрээ залаад байсны гор гарч ирж бна. Ийм хүмүүсийг 10, 20 мянган төгрөг, гурил будаагаар сонгож гаргаад байсны гай нүүрлэжээ.

Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр  зогсооно

ТӨВЛӨРЛИЙГ ДАГУУЛЖ ТОНГОРСОН УЛСТӨРЧДИЙН МЭХ

Сонгуулиар юм юм л болдог. Гэр хорооллынхны цахилгааны төлбөрийн өрийг худалдаж аваад өөртөө санал өгүүлж УИХ-ын гишүүн болсон хүн бий, Монголын төрд. Бүр төрийн сайд хүртэл хийж явсан. Орон сууцныхны СӨХ-доо  төлж чадаагүй өрийг худалдаж аваад байр, орцоор нь өөртөө санал өгүүлж гарч ирсэн гишүүд ч бий. Сүүлдээ сонгогчид  нь ч  амтшиж, “Алтан загас”-ны эмгэн шиг элдвийг нэхэх болсон жишээ  бий. Тэр хүслийг нь биелүүлж өгөөд өөртөө санал өгүүлж төрд гарсан гишүүд ч нэг бус байна. Жишээлбэл, гэр хороололд  үеийн аман дээр очиж буучихаад сонгуулиар "Та нар зөвшөөрөл гаргаж өгвөл сонгоно" гээд таг хэвтчихдэг хүмүүс ч бас байсны гай гарч ирж бна. Энэ бүхнийг үер усны гамшиг л гаргаж ирж, илрүүлж өгч  байна. Ерөөсөө үер  хэнээс ч илүү бүхнийг эрэн сурвалжилж, хаана юу болоод өнгөрсөн, хэн хэдэн онд  юу хийсэн, түүний үр дүнд хаагуур юу болж байна вэ, цаашдаа яах вэ гэхчлэн бүгдийг илчилж өглөө. Хүн амын төвлөрөл, хотжилт, тохижилтыг дагуулж өөрсдөдөө хэрхэн ашигтайгаар иргэд, сонгогчдоо, улс орноо “тонгорсон” болохыг үер ус бэлээхэн харуулж өглөө. Эцэст нь Монгол Улсын хүн амын талаас илүү нь оршин амьдарч буй улсынхаа нийслэлийг живүүлэх дөхлөө. Хүн амын талаас илүү хувь нь, үйлдвэр аж ахуйн газруудын бараг ихэнх хувь нь байгаа Улаанбаатарыг урсгачихвал юу болох билээ. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой ийм л асуудал. Үүнд хариуцлага тооцох хүн Монгол Улсад байна уу гэдгийг харах л үлдлээ.

“ЭВТЭЙ АЙЛЫН ГЭР ДЭЭР АЯНГА БУУДАГГҮЙ”

Монголчууд “Эвтэй айлын гэр дээр аянга бууддаггүй” гэж хүүхдүүдээ сургадаг, эвтэй найртай байхын чухлыг ингэж ухааруулдаг байв. Тэгвэл өнөөдөр монголчууд нийтээрээ хэрэлдэж, хараал зүхэл урсгаж л байвал бүхнээс илүү, бүгдээс ухаантай гэж боддог болчихсон...Сошиал ертөнц шүлсээ хаядаг хогийн сав нь болсон. Нэгнээ харааж, зүхэж, муу муухайгаар хэлж байвал санаа нь амардаг болчихож. Төрүүлсэн эхийгээ хэлэх хэлэхгүйгээр хэлж буй эмс хүүхнүүд байна. Эхнэр хүүхдээ муу муухайгаар хэлж буй эрчүүд ч байна. Ах дүү садан атал хоёр тийшээ хараад суучихсан  хүмүүс ч байх. Хоорондоо талцаж, хагаралдаж хэрүүл хараалаар уралдаж буй хүн сүрэг ч байна. Уг нь ийм ч ард түмэн байгаагүй юм гэнэ лээ, цагийн сайханд. Үүх түүхээ уншиж, өвлөж авч, үр хойчлоо уламжлуулж зааж сургах аваас  өв соёлын арвин их нөмөр нөөлөг уг нь бий юм сан. Тэгвэл учирч буй гамшиг зовлон, үүсээд буй хүнд хэцүү  бүхэн монголчуудыг  эв эеэ бэхлэх хэрэгтэйг сануулж байна. “Эвтэй айлын гэр дээр аянга буудаггүй”  гэх эртний сургаалийг энэ цагийн бид  хөсөрдүүлсэн  учраас аянга бууж, дэлхий ээж бэрх бүхнээ үзүүлж, шалгаж байна бус уу гэж зарим хүн хэлж, бичиж байгааг эргэцүүлэхэд илүүдэхгүй биз ээ. Өөрөөр хэлбэл, байгальтайгаа буруу харилцсан нүгэл, бие биедээ хүндлэл үзүүлээгүйн балаг, эв эеэ эвдсэний гай ингэж ирж байна, бидэнд.

ЖИРИЙН ИРГЭДЭЭС ИЛҮҮ ШИЙДВЭР ГАРГАГЧДЫН ЗАВХРАЛ ИХ БАЙНА

Учирч байгаа үер усны гамшигт жирийн иргэдийг буруутгах хандлага их байна. Гэтэл иргэд ямар шийдвэр гаргах биш дээ. Ном  журмынх нь дагуу хөөцөлдөөд 07 га газраа олж авч чадахгүй байгаа иргэд олдсон газраа буюу үер усны аман дээр буусан биз. Тэднийг зохион байгуулах үүрэг төрд л бий. Тэгэхээр тамга атгасан  эрх мэдэлтнүүд, тэрийг хэрэгжүүлэгч төрийн завхрал их юм даа.

Эцэст нь хэлэхэд “30 жилийн гажуудалтайгаа тэмцэе”  гэж энэ их үер борооноос өмнө өнгөрсөн жилээс эхлэн хэлсэн ганц л хүн байна. Тэр хүн бол одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Өөр хэн ч энэ талаар дуугараагүй, асуудал хөндөөгүй. Тэрийг зоригтой хэлсэн нэгнээ манайхан   худлаа ярилаа, попорлоо, тийм юм байхгүй  гэлцэн муулсан, доромжилсон. Сүүлийн үед бороо ус, үер, гамшиг  тэр үгийг  иргэдийн орой руу  оруулж өгч байх шиг байна. Ийнхүү үерээр дэлгэгдсэн үнэний замаар гарцаа зөв  олж, хамтдаа ухаарч, хамтдаа тэмцүүлж зорьж, бүтээж байж л Монгол Улс бүтэн орших ёстой байх. Монголчууд минь сэртүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img