Автотээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзонтой ярилцлаа.
-Таныг салбартаа мерит зарчмаар дэвшсэн гэдгээр нь таних хүмүүс цөөнгүй бий. Автотээврийн салбарт хөл тавьсан үеэс тань яриагаа эхэлье?
-Юуны өмнө уншигчдадаа энэхүү ярилцлагыг уншиж буй өдрийн мэнд хүргэе. Би анх 2015 онд автотээврийн салбарт хөл тавьж, тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнээр ажилд орж байлаа. Түүнээс хойш ахлах мэргэжилтэн, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ингэж удирдах албан тушаалтнуудын баримталж ажиллах ёстой мерит зарчмаар өдгөө Автотээврийн үндэсний төвийг удирдаж байна.
-Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй энэхүү байгууллага хоёр жилийн дараа 100 жилийн босго давах гэж байна. Үүрэг хариуцлагаа хэр зэрэг биелүүлж чадаж байна вэ?
-Монголын автотээврийн салбар маань 2025 онд 100 жилтэйгээ золгох гэж байна. Автотээврийн үндэсний төвийг анх 1925 онд “Монгол транс” нэртэйгээр байгуулж байсан. Түүнээс хойш автотээврийн салбар маань үүрэг хариуцлагаа биелүүлж, Монгол Улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Мөн салбар маань төдийгөөс өдий хүртэл шат шатаар хөгжин дэвшсээр байна. Дэд бүтэц төдийлөн сайн хөгжөөгүй манай орны хувьд 21 аймаг, 330 суманд ачаа, шуудан, зорчигч тээврийн үйлчилгээг хүргэх хамгийн тохиромжтой тээврийн төрөл бол автотээвэр. Тиймээс үндэсний тээвэр, логистикийн сүлжээгээр дамжуулан дотоодын тээвэр, худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна. Бид автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, тээвэрлэлтийг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох, автотээврийн хэрэгсэлд тавих техникийн хяналт, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх хөтлөх, хөгжүүлэх, нийгмийн хэрэгцээг хангасан аюулгүй, ая тухтай үйлчилгээний нөхцөлийг бий болгох зорилготойгоор ажилладаг.
-Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах зорилгоор төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулах ажлыг нэлээд эрчимтэй өрнүүлж байна. Танай байгууллагын хувьд энэ тухайд ямар ахиц дэвшил гарч байна вэ?
-Байгууллагын үйлчилгээг, цаашлаад автотээврийн салбарын үйл ажиллагааг цахимжуулах ажлын эхлэлийг 2001 онд тавьж, улмаар 2021 оноос хойш эрчимжүүлсэн. Тээврийн хэрэгслийн бүх төрлийн лавлагааг цахимаар авах боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Одоогоор жолооч, тээвэрчид, иргэд, аж ахуйн нэгжүүд улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, улсын дугаар захиалах, дотоодын ачаа тээвэр, бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх гэсэн үндсэн үйлчилгээг цахимаар авах бүрэн боломжтой. Бид энэ онд гар утасны Аutobox аппликейшнд хөгжүүлэлт хийж байна. Энэхүү аппликейшныг ашиглалтад оруулснаар тээврийн хэрэгслийн хасалтын хүсэлт, импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ, зорчигчийн тасалбар, техник хяналтын үзлэгийн цаг захиалах боломжтой. Мөн автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн цахим үнэмлэх, зорчигчийн тасалбарын лавлагаа зэргийг авна. Түүнчлэн мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, шалгалт авах, хот хоорондын зорчигч тээврийн аялал, Улаанбаатар хотын замын ачааллын мэдээлэл, бүх үйлчилгээнд зориулсан цахим төлбөр тооцоо зэрэг үйлчилгээг авах боломжтой болно.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж үр дүнг тооцох жил” болгон зарлаж, салбарын хэмжээнд төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, шуурхай хүргэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс цаашид ч цахимжуулах ажлыг илүү эрчимтэй үргэлжлүүлнэ.
-Аялал жуулчлалын цогцолбор байгуулах гэж буйд олон нийт ам сайтай, хүлээлттэй байна. Энэхүү ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 170-250 км тутам, нийт 35 байршилд стандартын шаардлага хангасан үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн одоо ажиллаж байгаа авто замын төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаатай уялдуулан нэмж, арван байршилд сонгон шалгаруулалтыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарлаад байна. Одоогоор зам дагуух 21 байршилд үйлчилгээний цогцолбор байгуулах гэрээг нийт 16 аж ахуйн нэгж байгууллагатай хийгээд байна. Автотээврийн үндэсний төв болон Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яамны төлөөллийг багтаасан хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Тухайн ажлын хэсгийнхэн аялал жуулчлалын голлох бүс болох Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл чиглэлд байгуулах үйлчилгээний цогцолборын төслийн хэрэгжилттэй танилцахаар явсан. Аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбортой болсноор гадаад, дотоодын жуулчид, зорчигчид ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Цогцолбор зоогийн газар, зочид буудал, бие засах газар, кофешоп, хүнсний дэлгүүр, эмийн сан зэрэг иргэдэд хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх юм.
-Тухайлбал, аль байршилд цогцолбор барихаар төлөвлөөд байна вэ. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжид ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Урьдчилсан байдлаар Увс аймгийн Наранбулаг, Ховд аймгийн Булган, Өмнөговь аймгийн Ноён, Хөвсгөл аймгийн Хатгал, Дорноговь аймгийн Айраг, Замын-Үүд, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Дархан-Эрдэнэтийн уулзвар, Өвөрхангай аймгийн Элсэнтасархай, Дорнод аймгийн Мэнэнгийн тал зэрэг арван байршилд цогцолбор байгуулахаар тогтсон.
Тавьж буй шаардлагын тухайд 24 цагийн үйл ажиллагаатай, интернэт болон гар утасны сүлжээнд холбогдсон, ашиглалтын хугацаа 15 жилээс дээш, замын үзэгдэлт хангалттай газарт байрлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан орц, гарцтай, замаас 50 метрээс багагүй зайд байх ёстой.
-Зорчигч тээврийн үйлчилгээ, ялангуяа хот хоорондын үйлчилгээнд олон нийт шүүмжлэлтэй ханддаг тал бий. Энэ төрлийн үйлчилгээг одоогоор хэдэн аж ахуйн нэгж үзүүлж байна. Тэдгээр аж ахуйн нэгжийг ямар шаардлага, шалгуураар сонгодог вэ?
-Манай байгууллага 21 аймгийн Автотээврийн төв, хоёр салбар, Улаанбаатар хотын зорчигч тээврийн хоёр төвөөр дамжуулан хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал, 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 669 тээврийн хэрэгсэл, 1440 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуйн нэгж байгууллагад авто тээврийн хяналтын мэргэжилтэн, тээвэр зохицуулагч нар хяналт тавин ажилладаг. Мөн хөдөлгөөн удирдлагын төвийн ажилтнууд А-гаас Б цэг хүртэл 24 цагаар байнгын хяналт тавьдаг.
Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэлүүдийг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталдаг. Өнөөдрийн байдлаар 109 чиглэлийг сайдын тушаалаар баталсан байгаа. Эдгээр тээвэрлэлт гүйцэтгэхгүй байгаа чиглэлүүдэд аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлт гаргахад нээлттэй. Манай байгууллагын сайт руу хандаж, жагсаалтын дагуу материалаа бүрдүүлнэ. Түүнийг хүсэлт хариуцсан мэргэжилтэн судалж, ажлын хэсэгт танилцуулан шийдвэрлүүлдэг. Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжүүд бүрдүүлсэн материалаа заавал биеэр авч ирэх шаардлагагүй. Цахимаар буюу teever.transdep.mn хаяг руу нэвтэрч, “Зорчигч тээврийн шинээр тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлт” хэсэг рүү хандан хүсэлт гаргах боломжтой.
-Монгол Улсын тээврийн салбарын хөгжлийг гадаадад харуулах нэг “толь” нь улс хоорондын ачаа тээвэрлэлт. Хэчнээн аж ахуйн нэгж хэдэн боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байна вэ?
-Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрт заасны дагуу энэ онд БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг авто замын боомтуудаар ашиглах улс хооронд байнгын ачаа тээвэрлэхэд ашиглагддаг хил нэвтрэх зориулалттай “С” төрлийн зорчих 50000, ШУӨЗО-той хиллэдэг авто замын боомтуудаар ашиглах “С” төрлийн зорчих 6000 зөвшөөрлийн бичиг солилцон ашиглаж байна. Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрлийг “Тээврийн нэгдсэн систем”-ээр 2019 оны гуравдугаар улирлаас олгож эхэлсэн. Энэхүү системд нийт 533 аж ахуйн нэгж байгууллагын 31200 орчим чирэгч, 45600 гаруй чиргүүл, 29300 гаруй жолооч бүртгэлтэй байна. Боомтоор нь ангилбал,
• Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын чиглэлд 349 аж ахуйн нэгжийн 23322 тээврийн хэрэгсэл 22017 жолооч,
• Шивээхүрэн боомтын чиглэлд 93 аж ахуйн нэгжийн 3882 тээврийн хэрэгсэл, 3266 жолооч,
• Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын чиглэлд 11 аж ахуйн нэгжийн 327 тээврийн хэрэгсэл, 239 жолооч,
• Ханги боомтын чиглэлд 40 аж ахуйн нэгжийн 1267 тээврийн хэрэгсэл, 940 жолооч,
• Сүхбаатар аймгийн Бичигт боомтын чиглэлд 26 аж ахуйн нэгжийн 562 тээврийн хэрэгсэл, 561 жолооч,
• Дорнод аймгийн Баянхошуу боомтын чиглэлд 3 аж ахуйн нэгжийн 116 тээврийн хэрэгсэл, 107 жолооч,
• Говь-Алтай аймгийн Бургастай боомтын чиглэлд 1 аж ахуйн нэгжийн 202 тээврийн хэрэгсэл, 103 жолооч,
• Ховд аймгийн Булган боомтын чиглэлд 42 аж ахуйн нэгжийн 1426 тээврийн хэрэгсэл, 1395 жолооч бүртгэлтэй байна.
-Сүүлийн үед орон нутгийн зорчигч тээврийн тариф нэмэгдсээр байна. Үүнд бодлогын зохицуулалт, шийдэл байна уу?
-Хот хоорондын зорчигч тээврийн хүн.км-ийн жишиг тарифыг ашиг, алдагдал, эдийн засгийн үзүүлэлтийг харьцуулан нарийн тооцоолж гаргадаг. Өнөөдрийн байдлаар хүн.км дээр жишиг тариф 85-90 төгрөгийн үнэтэйгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд төрөөс нөхөн олговор олгодоггүй. Аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан гэрээний үндсэнд тээвэрлэлтийн үнийг тохиролцож, баталдаг. Бид хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн тарифыг 2012-2019 он хүртэл тогтвортой барьсан. Тухайн үед хот хоорондын зорчигч тээврийн хүн.км 45-55 төгрөг байсан хэдий ч, бид 38 төгрөг байхаар тооцон ажиллаж байсан. Энэ хугацаанд шатахууны үнэ хэд дахин нэмэгдсэн тул аж ахуйн нэгж, байгууллагууд хүсэлт гаргаж, түүний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 2019 онд хот хоорондын зорчигч тээврийн хүн.км-ийн жишиг тариф 60-75, 2022 онд 100-150 төгрөг болсон.
-Монгол болон Хятад улсын авто замын хилийн боомтыг хэвийн горимд шилжүүлснээс хойш импорт, экспорт нэмэгдэж эхэлсэн болов уу. Ямар тоон мэдээлэл байна вэ?
-БНХАУ-ын Засгийн газар “Ковид-19” цар тахлын улмаас хэрэгжүүлж байсан арга хэмжээнийхээ зэрэглэлийг энэ оны нэгдүгээр сарын 8-наас бууруулсан. Ингэснээр Монгол-Хятадын авто замын хилийн боомт хэвийн горимд шилжин ажиллаж эхэлсэн. Одоогоор Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 12000 орчим тээврийн хэрэгслээр 275000 орчмм тонн ачаа тээвэрлэсэн байна. Өдөрт дунджаар 100-аад тээврийн хэрэгслээр барилга, сэлбэг, тоног төхөөрөмж, гэр ахуй, хүнс, бодис гэх мэт 3000 орчим тонн ачаа бараа импортолж байгаа бол 1800 тээврийн хэрэгслээр нүүрс, тоног төхөөрөмж, малын гаралтай түүхий эд, мах, амьд мал гэх мэт 480000 тонн ачаа бараа экспортолж байна.
Замын-Үүд боомтоор он гарснаас хойш хил нэвтрэх зориулалттай нэг удаагийн “D” зөвшөөрөл 12590, байнгын ачаа тээвэрлэх зориулалттай “С” төрлийн зөвшөөрөл 175-ыг олгосон.
-Нэг хэсэг Гашуунсухайтын боомтын ачаа тээвэрлэлт, ялангуяа нүүрс тээвэрлэлт нэлээд асуудал дагуулсан. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд “С” зөвшөөрлийг ямар журмаар олгож, үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэгч нарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2022 оны 03/3019 тоот албан бичгээр хил нэвтрэх зөвшөөрлийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд 60, “Энержи ресурс” ХХК-нд 25, “Тавантолгой” ХК-нд 15 хувиар хуваарилан олгохыг эдгээр компани болон Зам, тээврийн хөгжлийн яам, мөн манай төвд ирүүлсэн байдаг. БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг авто замын найман боомт байдаг. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гашуунсухайт боомтын чиглэлээс бусад боомтын чиглэлд зөвшөөрлийн бичиг олгох ажлыг бид хариуцдаг.
-Зарим жолооч “Том биш жижиг зүйл дээр шалтаглаж тэнцүүлсэнгүй” гэдэг. Ер нь техникийн хяналтын үзлэгийн төвүүд ямар норм стандартын дагуу тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж гүйцэтгэдэг юм бэ?
-Техникийн хяналтын үзлэгийн гол зорилго бол зам тээврийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах явдал юм. Тиймээс тээврийн хэрэгслийн хувьд тухайн асуудал том, жижиг гэсэн зүйл байхгүй. Жишээлбэл, оврын гэрэл асахгүй байх нь жолоочийн хувьд жижиг асуудал мэт боловч түүнээс үүдэн эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай. Мөн жолоочийн тоормосны удирдлагын дөрөө хамгаалалтын резингүй байх нь гэнэтийн аюул тохиолдох, яаралтай зогсоох арга хэмжээ авах үед хөл халтирах, тээврийн хэрэгслээ зогсоож чадахгүй байх гэх мэт аюултай. Иймд “MNS ISO 17020” стандартаар итгэмжлэгдсэн техникийн хяналтын үзлэгийн төвүүд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд оролцох эрхийг олгож буй тохирлын үнэлгээг хийж гүйцэтгэдэг. Ингэхдээ ерөнхий шаардлага стандарт /MNS5011:2020 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар./-ын дагуу нэг тээврийн хэрэгслийг 50 орчим стандартыг шалгуур үзүүлэлт болгон 161 үзүүлэлтээр үзлэг хийдэг. Монгол Улс олон улсын жишгээр буюу 87 улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу техникийн хяналтын үзлэг хийдэг. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэн ашиглаж, дэлхий дахинтай мөр зэрэгцэн ажиллаж байна гэсэн үг.
-Жолооч нарын идэвх, хамрагдалт хэр байдаг вэ?
-700000 гаруй тээврийн хэрэгсэл цаг хугацаандаа техникийн хяналтын үзлэгтээ тогтмол орж байна. Эдгээр тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог гэж ойлгож болно. Өмнөх жилүүдэд жилд дунджаар 25-30 мянган тээврийн хэрэгсэл хасагдаж байсан.
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй техникийн хяналтын үзлэгийн таван төвийн ачааллыг бууруулж, үйлчилгээгээ иргэдэд илүү ойртуулахын тулд шинээр төв нээх төлөвлөгөө бий юү?
-Бид хүртээмжийг нэмэгдүүлж эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотод тав, орон нутагт 22 төв үйл ажиллагаа явуулж байна. Төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид ойртуулах, жолооч нарын цагийг хэмнэж, түргэн шуурхай үйлчлэх, ачааллыг бууруулах зорилгоор хоёр төвийг шинээр нээсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн XX хороо “Нимонс” ХХК-ийн байранд, Чингэлтэй дүүргийн X хороонд буюу “Дэнжийн 1000”-аас Баянхошуу явах зам дагуу байрлаж байгаа. Бид цаашид Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Таван богд” ХХК-ийн байранд мөн шинэ төв нээхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
-Тээврийн хэрэгслийн азын дугаарыг цахим дуудлага худалдаагаар олгодог болсноор иргэдийн дунд гардаг маргаан, шүүмжлэл буурсан. Дуудлага худалдааны ашиг орлогыг хаана төвлөрүүлж, юунд зарцуулдаг вэ?
-Монгол Улсад анх удаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн цахимаар зохион байгуулдаг болсон. Ингэснээр иргэдийн дунд үүсдэг маш олон асуудал цэгцэрсэн. Тоон мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар өссөн дүнгээр 12 дахь серийн 6041, орон нутгийн 820 дугаарыг дуудлага худалдаанд оруулж давхардсан тоогоор нийт 58473 иргэн оролцжээ. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогоос нийт 10.4 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөөх санд төвлөрүүлээд байна.
-Улс хэмжээнд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулсан. Үүний ач холбогдол юу байна вэ?
-Манай улс иргэн, айл өрх, малаа жил бүр тоолдог. Харин тээврийн хэрэгслийг 2007 оноос хойш тоолоогүй. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө” батлагдсан. Үүний дагуу улсын хэмжээнд шинэчилсэн бүртгэлд нийт 1.264.542 тээврийн хэрэгсэл хамрагдахаас өнгөрсөн зургадугаар сарын 30-ны байдлаар үүнийг 96 хувийг буюу 1208891 тээврийн хэрэгслийг бүртгэсэн байна.
-Дээр дурдсан цахимжуулалт, бүртгэл, цогцолбор гэх мэт томоохон ажил, бүтээн байгуулалтаас гадна энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ямар зорилго зорилт байна вэ?
-Авто тээврийн хэмжээ, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, улс хоорондын тээврийн эрх зүйн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх гэсэн үйл ажиллагааны үндсэн таван зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтоо бүрэн дүүрэн биелүүлж, ажил хэрэг болгон, иргэд, тээвэрчдэдээ төрийн үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэхийн төлөө шат шатандаа хичээн ажиллаж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/
Нийт сэтгэгдэл 0